Энэ оны эхнээс хэрэгжиж эхэлж байгаа хуулийн нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль. Үүнийг дагаад найман хуулийн шинэчлэн мөрдөж эхэлж буй. Нийгмийн даатгалын тухай ярих үед хувь хүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, түүний үр өгөөжийн талаар түлхүү хэлэлцдэг. Тэгвэл энэ удаагийн шинэчлэл хувь хүнд ч, аж ахуйн нэгжид ч “ээлтэй” байх болов уу гэсэн хүлээлт нийгэмд бий. Учир нь хуулийн шинэчлэлээр ажил олгогчдод тогтвор суурьшилтай ажлын байр бий болгосон бол гурван жил тутамд нэг удаа шимтгэлийн хөнгөлөлт авах боломжийг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж, компани хувийн тэтгэврийн менежмент хийх боломж бүрдэх аж.

Түүнчлэн ажил олгогчдыг дэмжих чиглэлээр ажил олгогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл, хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар ажлын байраар ялгаатай төлдөг болж буй. Ингэснээр ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээ буурахын сацуу сүүлийн жилд төлсөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 15 хүртэлх хувиар тооцож гурван жил тутамд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ хэмээн тусгажээ. Мэдээж хөнгөлөлт авахын тулд тухайн байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн байх шаардлагатай. Мөн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнд үндэслэн ажлын байран дах эрсдэлийг арилгасан ажил олгогчид үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлоо арилгах, хэвийн үйл ажиллагаагаа сэргээх зорилгоор сул зогссон хугацааны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс чөлөөлөх юм байна.

Үндсэндээ ажил олгогч эрсдэлийг бууруулах шийдлийг оновчтой хийж, ажлын байран дээрх осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүргээ зохистойгоор биелүүлснээр хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломж бүрдэх нь. 

Монголын хууль гурав хоног хүчинтэй гэдэг хэлц бий. Харин энэ удаагийн багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах хүрээнд нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн хугацаанд сургалт, сурталчилгаа чамгүй хийж, сургагч багш нарыг бэлтгэсэн тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг хэлж байв. Тэрбээр мэдээллийн технологийн чиглэлээр хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой программ хангамжийг шинэчлэх, өөрчлөх ажлыг эхлүүлсэн гэжээ.

Нийгмийн даатгал олны анхаарлын төвд байдаг. Энэ удаад аж ахуйн нэгж буюу ажил олгогч энэ хуулиар ямар үр өгөөжийг хүртэх талаар цухас дурдав. Ажлын байр бий болгох аж ахуйн нэгж байхгүй бол ажил хийх хүмүүс байгаад ч нэмэргүй л дээ. Тиймээс ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах, тэдний урамшуулах хөшүүргийг Нийгмийн даатгалын багц хуулиар эхлүүлэх нь зүйтэй болов уу. Ямартай ч ажил олгогчид “найр тавих” хуулийн хэрэгжилт эхэллээ.

 

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 4 (7248)