Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдав. Баялгийн сан нь “Төсвийн тогтворжуулалтын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хүртээмжтэй хөгжлийн сан”-гаас бүрдэнэ. Ингэхдээ сан тус бүр өөрийн гэсэн эх үүсвэртэй аж. Баялгийн сангийн орлого бүрдүүлэлтэд Эрдэнэс монгол нэгдэл голлох үүрэг гүйцэтгэнэ.

Түүнчлэн ирээдүйн өв санд төрийн өмчийн оролцоотой ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ногдол ашиг, АМНАТ-ийн Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 70 хувийг хуримтлуулахаар тусгажээ. Мөн төсвийн тогтворжуулалтын санд төсвийн тэнцлийн ашиг болон төсвийн жилийн зарцуулагдаагүй үлдэгдэл мөнгийг орлого болгон хуримтлагдана. Түүнээс гадна 2050 он хүртэл уг сангийн орлогоор Тэтгэврийн нөөц санд бүрдүүлэх юм байна. Энэ мэтчилэн Хүртээмжтэй хөгжлийн санд эрдэс баялгийн салбарын төрийн өмчийн оролцоотой компаниудын төрд ногдох эзэмшлийн хувийг худалдсан орлогын 550 хувийг хуримтлуулах гэнэ. Ямартай ч Баялгийн сангийн хууль батлагдаж, барианаас гарав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ " “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь нийтийн эзэмшлийнх болж, “Оюу Толгой” 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж ногдол ашгаа хуваарилж эхэлснээр Үндэсний баялгийн сан бүрдэх түүхэн боломж" хэмээн онцолж байв.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжид өөрчлөлт, шинэчлэл сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрхэн өрнөсөн, ямар үр дүнгүүд гарч эхэлсэн талаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын бизнесийн өсөлтийг чухалчлан, ашиг орлого, бүтээмжийг нэмэгдүүлэх, өр зээлийн дарамтаас богино хугацаанд гарах, үр ашиггүй зардлыг бууруулахад “Эрдэнэс Монгол”-ын бодлого энэ хугацаанд чиглэжээ.

“Эрдэнэс Монгол” компани дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө бизнесийн өсөлтийг тодорхойлохдоо үйлдвэр технологийн паркуудыг нэгтгэн удирдаж аж үйлддвэржилтийн сэргэлтэд голлох нөлөөг үзүүлэхээр тусгажээ. Үндсэндээ зургаан ҮТП-ийг хөгжүүлж, эргэлтэд оруулснаар 36 дагалдах үйлдвэр, 68 төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ. Түүнчлэн 6.7 мянган ажлын байр бий болно хэмээн төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ бүхэн хэрэгжиж эргэлтэд орсноор 6.1 тэрбумын орлого олох боломж бүрдэхийг ч тэд онцолж байна. 

Үйлдвэр технологийн паркийг ашиглалтад оруулах нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдана. Түүнчлэн ашигт малтмалын нөөцөө нэмүү өртөг шингээн борлуулах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад дэд бүтцийн хүртээмж нэмэгдэнэ. Ажиллах хүчний нөөц, зах зээлийн хэрэгцээ шаардлага гээд олон асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болно гэж буй.

Өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют солиулах “эрх”-тэй байсан үе аж ахуйн нэгжүүдэд тулгарч байсан нь саяхан. Энэ нь валютын нөөцийг голлон бүрдүүлэх төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагаа доголдсон, хэвийн бус болсноос үүдэлтэй гэж Засгийн газар дүгнэж байв. Тиймээс төрийн өмчит уул уурхай компаниудын үндсэн үйл ажиллагааг сайжруулах ажлыг идэвхижүүлж байсан юм. Компаниудад валютын нөөц бүрдүүлэх, орлогоо нэмэгдүүлэх тодорхой хугацаатай үүрэг, даалгавар өгч байлаа. 362-дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүнд улсын валютын албан нөөц 5.6 тэрбум ам.долларт хүрч, үүний 70 хувь буюу 3.4 тэрбум ам.долларыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд дангаар бүрдүүлсэн байна. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Наранцогт нүүрс тээврийн экспортын гол замаар 2022 онд 16.7 сая тонн, 2023 онд 38.3 сая тонн нүүрс "Эрдэнэс Монгол"-ын харьяа авто замаар тээвэрлэсэн хэмээн онцолж байв.

Уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын 62.9 хувийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн компаниуд бүрдүүлж байна. "Эрдэнэс Монгол" нэгдэл 2024-2028 онд баримтлах дунд хугацааны стратегийг боловсруулж ТУЗ-өөр батлуулан, үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах зургаан байршлыг тодрхойлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 91 (7335)