Энэ жилийн хаврын тариалалтын ажил ямар байгааг сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сумыг зорилоо. Өнгөрсөн өвлийн их цас аажмаар хайлсаар газрын хөрсөнд гүн чийг болон үлдсэн нь зуны эхэн сард өвс ногооны гарцыг сайжруулжээ. Энэ нутгаар нэлэнхүйдээ өвс сайтай, мал ногоонд хэдийнэ цадаж, өнгө зүсээ зассан харагдана. Жаргалант сумын хувьд газар тариалангийн гол бүс нутгуудын нэг. Тиймээс хаврын тариалалт ямар шатандаа яваа, тариаланч, ногоочдод тулгамдсан ямар асуудал байгааг бид тодрууллаа. Бидний эхэлж очсон ногооны талбай Улаанбаатараас хойшоо Дарханы замаар 110 км орчим яваад баруун зүгт Жаргалант руу салдаг уулзвараас холгүйхэн байв. Ногооны талбайн наана газар хагалдаг хоёр том трактор, нэг жийп автомашинтай хэсэг хүмүүс зогсож байгаатай таарлаа. Энэ хүмүүс түрээсээр газар хагалдаг гэв. Нэг га газрыг 250-300 орчим мянган төгрөгөөр хагалж өгдөг байна. Ногоочдын хувьд техник, тоног төхөөрөмж хувьдаа худалдан авч ашиглаж байхаар түрээсээр газар хагалдаг хүмүүсийг дуудаад ажиллуулах нь хямд байдгийг хэллээ.

Х.ГАНСҮХ: Өмнөх жилийнхтэй харьцуулашгүй их чийгтэй байна

Бид цааш явж, хагалсан газарт үр суулгаж байгаа хэсэг хүмүүстэй очиж уулзлаа. Энэ үеэр Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг багт төмсний аж ахуй эрхлэгч Х.Гансүхтэй ярилцлаа.


-Танайх энэ жил хэчнээн га талбайд төмс тарьж байна вэ?

-Манайх энэ жил нийтдээ 10 гаруй га талбайд үр суулгаж байна.

-Зуны эхэн сар гарчихлаа, тэр утгаараа тариалалт оройтож байна уу, гайгүй юу?

-Жаахан оройтож байна. Учир нь энэ хавар сайн дулаарч өгсөнгүй. Ихэнхдээ хүйтэн, сэрүүхэн байлаа. Харин өнгөрсөн долоо хоногоос гайгүй дулаарч эхэлж байна. аашдаа цаг агаар дулаарч байгаа болохоор тариалалтаа шуурхай эхлүүлж байна. Бидний хувьд эрт ургацын төмсний тариалалтыг хийж байгаа. Урт ургацын тариалалт зургаан сараас эхэлдэг. Бидний хувьд эрт ургацынх болохоор одоо үрээ суулгаад наадмын өмнө ургацаа хураана гэсэн үг.

-Газрын чийг ер нь сайн байгаа юм биш үү?

-Өмнөх жилийнхтэй харьцуулашгүй их чийгтэй байна. Хагалсан газрыг гараараа доош жаахан ухахад л чийг сайн байгаа нь мэдэгдэнэ. ийг сайн байхаар тоос шороо босох нь хүртэл бага байдаг. Нөгөөтэйгүүр манай Жаргалантын хөрс шороо их сайхан шүү дээ.

– Жаргалант сумын хувьд голчлон төмс, хүнсний ногооны тариалалт их байдаг байх, тийм үү?

-Ихэвчлэн төмс л дөө. Төмсний аж ахуй их бий.

-Нэг га-д хэчнээн үр суулгадаг юм бэ. Ургац авахад тэр нь хэд болж өсөх вэ?

-Ерөнхийдөө нэг га-д 2-2.5 тонн үрийн төмс орно. Ингээд бодоход ургацаа авах үед нэг га-аас дунджаар 15 тонныг авна. аг агаар, бусад нөлөөлөх хүчин зүйл эерэг сайн байвал нэг га-аас 30-40 тонн төмс хурааж авдаг. Хамгийн багадаа л 15 тонныг авна гэсэн үг. Хамгийн гол нь газрын үржил шим. Мөн яг технологийнхоо дагуу тарьсан эсэх нь ихээхэн ач холбогдолтой л доо. Хэт их устай байвал ургахгүй, хэт их гандуу байвал хэцүү. Тэгэхээр бүх юм нь жигд тогтвортой байж чадвал ургац сайн авна гэсэн үг.

-Энэ жилийн хувьд цаг агаар ямар байх төлөвтэй байна. Ногоочдын хувьд цаг агаарын мэдээллийг сайн хардаг байх?

-Мэдээж харна. Гэхдээ хараад хараад яах билээ. Жишээ нь өчигдөр, өнөөдөр хоёр бороотой гэж байсан ч жаахан үүл бүрхээд орсонгүй. Үүнээс болоод хаврын тариалалтын ажлын төлөвлөгөөнд бага сага өөрчлөлт орно. Гэхдээ гол зүйл бол хугацаандаа л тариалалтаа эхлүүлэх. Хугацаа алдчихвал цаг агаар сайн байлаа ч ургац авахад асуудалтай. Биднээс үл хамаараад энэ тэнгэр хангай яаж ч болно. Тиймээс тэнгэрийн аашид тохируулж л амьдарна даа.

-Ямар сортын үр суулгаж байна вэ?

-Энэ жил бид шинэ сорт оруулж ирсэн. Тэр шинэ сортын үрээ туршиж үзэх гээд тарьж байна. Гэхдээ өнгөрсөн жил Борнуурт энэ сортыг тарьсан юм билээ. Шинэ сорт гэдэг маань Голландын Коломбо сорт. Үүнийг тарьснаараа нэг га-аас 20-иос дээш тонныг авчих болов уу гэсэн горьдлого байна. Украины хөрсөнд бол нэг га-аас 60аас дээш тонныг авдаг гэж ярьдаг. Тэгэхээр Монголын хөрсөнд ямар байх нь уу гэдгийг бид туршиж үзэж байгаа минь энэ.

-Тоног төхөөрөмжийн шинэчлэлт ямар байна вэ, танайх дээр…?

-Нэг талдаа технологи сайжирч байгаа. Хамгийн гол нь бүтээмжээ нэмэгдүүлэх. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдийн хамгийн гол зорилго бол ашиг олох. Ашиг олохын тулд нэг талдаа орлого өндөр байх ёстой. Нөгөө талдаа бага зарлагатай байж ашиг олно. Тэгэхээр хамгийн бага зардлыг яаж гаргах вэ гэхээр зайлшгүй тоног төхөөрөмжийн шинэчлэлт хэрэгтэй л дээ.

-Энэ жилийн тухайд төмс, ногооны үнэ ханш ямар байх төлөвтэй байгаа вэ. гадуур үнийн өсөлт их байна шүү дээ?

-Намар ургац хураалтын үеэр төмсний үнэ яг талбай дээрээ ихэдлээ гэхэд л 300-400 төгрөг байдаг. Талбайгаас зөөгдөөд лангуун дээр очтолоо янз бүрийн шат дамжлагаар орно. Хэдэн аж ахуй дамжсанаасаа хамаараад үнэ нь шат болгондоо нэмэгддэг. Тэгээд бодохоор үнийн хувьд янз бүр л байна байх. Яг таг тэд байх болов уу гэсэн зүйл хэлж мэдэхгүй байна.

Тариаланч В.Мөнхжаргал: Барнаулд 850 мянган төгрөгийн үнэтэй бордоог тусгай зөвшөөрөл нэрийн дор Монголд оруулж ирж 3,9 сая төгрөгөөр зарж байна


Бид цааш явсаар улаанбуудай тариалж буй хүмүүстэй уулзлаа. Эдний тариан талбай Жаргалант сумын Загдал багаас урагшаа тав гаруй километр зайтай ажээ. Биднийг очихтой зэрэгцээд хойноосоо үр ачсан том техник тариалалтын ажлаа эхлүүлэн талбайн цаад тал руу хөдөллөө. Энэхүү техник нь газраа хагалангаа шууд үрээ суулгаад явдаг гэнэ. Жаргалант сумын хэмжээнд энэ жил тариан талбай, тэр дундаа улаанбуудай тариалж буй тариаланчид цөөхөн гарсан гэдгийг тэнд байсан хүмүүс хэлж байв.

Жаргалант сумын Загдал багийн тариаланч В.Мөнхжаргалтай хаврын тариалалтын талаар ярилцлаа.


-Тариалалтаа хэзээ эхлүүлэв. Хугацааны хувьд жаахан хожимдож байна уу, үгүй юу?

-Хаврын тариалалт хожуу эхэлж байна. Угтаа тавдугаар сарын эхээр эхэлбэл их зүгээр байдаг. Хамгийн сүүлийн хугацаа тавдугаар сарын 25 гэж үздэг. Үүнээс хойш тариалалт хийгдэх боломжгүй. Тэгэхээр бидний хувьд өчигдрөөс тариалалтаа хийж эхэлсэн гэхээр тав хоногийн хугацаа л байна гэсэн үг. Маш богино хугацаанд шуурхай ажиллах шаардлагатай болсон.

-Яагаад ингэж хугацаа алдаж эхэлж байна вэ?

-Байгаль цаг уурын нөхцөл байдал л ингэж таарч байна. Саяхныг хүртэл манай нутгаар дулаарсангүй. Өдөртөө жаахан нар ээсэн атлаа шөнөдөө огцом хүйтэрч хонодог байв. Харин уржигдраас цаг агаар арай гайгүй дулаарч байна. Цаашид дулаахан байх болов уу гэж бодсон учраас энэ жилийн тариалалтын ажлаа эхлүүллээ.

-Хэчнээн га талбайд улаанбуудай тарьж байна вэ?

-Энэ жил манайх бага газар улаанбуудай тарьж байна. Барагцаагаар 150 га-д улаанбуудай тарихаар төлөвлөж байгаа. Мөн 30-40 га-д овъёос, 100 гаруй га-д рапс тарина гэсэн бодолтой байна. Нийтдээ 400 орчим га талбайд тариалалтаа хийнэ дээ.

-Рапсын хувьд нийт талбайн 20 хувиас дээшгүй тарих ёстой гэсэн журам байна уу, үгүй юу?

-Тийм журам байх нь байгаа биз дээ. Манайх 400 га-гийн 130 га-д рапс гэхээр тэр журмыг нь зөрчиж байна гэсэн үг үү. Хууль байлаа гээд яах билээ. Амьдрал дээр хэрэгжихгүй шүү дээ.

-Уг нь хуулиа хэрэгжүүлэх нь зөв биз дээ?

-Хууль гэж ярьвал газар тариалангийн салбарт, тэр дундаа тариаланчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчин өнөөг хүртэл Монгол Улсад огт бүрдээгүй байгаа шүү. Яагаад эрх зүйн орчин бүрдээгүй вэ гэдэг дээр тодорхой хэдэн жишээ хэлж болж байна.

-Ямар жишээ вэ?

-Тариаланчдын авч байгаа бордоо дамын наймаагаар өндөр үнэтэй орж ирдэг. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл гэдэг нэрийн дор бордоог өндөр үнэтэй дамлан зардаг гэсэн үг. Миний хувьд өнгөрсөн өвөл хойшоо Барнаул хүртэл явсан. Барнаулд бордооны үйлдвэр байдаг. Тэр үйлдвэр дээр өөрийн биеэр очоод бордоо ямар үнэтэй байдгийг судалж, зураг бичлэгийг нь хийсэн.

-Тэнд бордоо ямар ханштай байна. Наашаа оруулж ирээд ямар үнээр зардаг юм бэ?

-Барнаугын бордооны үйлдвэрт нэг тонн селитра буюу 34-ийн азотын агуулгатай нийлмэл бордоо монгол мөнгөөр 850 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Яг энэ бордоо Монгол Улсад нэг тонн нь 3.7-3.9 сая төгрөгийн үнэтэй байдаг. Ийм өндөр үнээр Монголын тариаланчид бордоогоо авч байна. Дунд нь тусгай зөвшөөрөл нэрийн дор хэд нугалж бидэнд зараад байгаа юм бэ. Энгийн бордоон дээр л ийм байхад Монголын газар тариалан яаж өөдөө өсөн дэвжих юм. Яаж энэ салбар хөгжих вэ. Нөгөө эрх зүйн зохицуулалтууд нь хаана байна.

-Өөр тариаланчдад ямар хүндрэлтэй асуудал байна вэ?

-Саяны миний хэлсэн асуудал бол ердөө нэг л жишээ. Өөр нэг зүйл бий. Та улаанбуудай тарьдаг байя гэж бодъё. Намар хурааж авлаа. Таны хурааж авсан тариаг шууд авдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, намар тариаланчид ургацаа шууд борлуулдаг байх ёстой гэсэн үг. Гэтэл намар бидний хурааж авсан тариаг авдаг газар гэж байхгүй болсон. Тиймээс тариаланчдын хувьд намар ургацаа борлуулж чадах болов уу яах бол гэсэн том эрсдэл, эргэлзээн дунд хаврын тариалалтаа эхлүүлдэг. Тиймээс л сүүлийн жилүүдэд улаанбуудай тариалах хүмүүс эрс багассан. Багасахаас ч өөр яах билээ. Тариаланчид бид өрнөөс өрний хооронд л явж байна. Ер нь хатуухан хэлэхэд тариаланчдын нөхцөл байдал, Монгол Улсын газар тариалангийн бодлого дамуураад удаж байгаа.

-Энэ жилийн тухайд гурилын үнэ өндөр байгаагаас үүдэж Засгийн газраас имортын гурилын татварыг тэглэчихлээ. Энэ нь тариаланчдад ямар байдлаар нөлөөлөх бол?

-Улаанбуудай тариалах хүмүүс цөөрсөн нэг шалтгаан бол нэгдүгээрт, Оросоос улаанбуудай хямд үнээр оруулж ирж байна. Оросоос хямд буудай орж ирж байгаа болохоор дотоодын гурил үйлдвэрлэгчид бидний хурааж авсан улаанбуудайг мяалдаг, доош нь хийдэг. Үнийг нь өөрсдийнхөө хүссэнээр бууруулж авдаг. Үгүй бол авдаггүй. Өнгөрсөн жилүүдэд Орост улаанбуудайн борлуулалт дайнаас шалтгаалаад зогссон. Үүнээс болоод нэг тонн улаанбуудай Орост 450 мянган төгрөг болсон. Тэгэхээр юу боллоо гэж биднээс нэг тонн улаанбуудайг нэг сая төгрөгөөр худалдаж авах билээ дээ. Энэ чинь бизнес шүү дээ. Дотоодын г урил үйлдвэрлэгчид хэрэгцээнийхээ 10-20 хувийг биднээс аваад үлдсэнийг нь хямдхан үнэтэй гээд Оросоос авдаг. Уг нь энэ асуудал дээр төр засаг тодорхой стандарт тогтоож өгөх ёстой.

-Ямар стандарт тогтооно гэж…?

-Ашгийн стандарт. Өөрөөр хэлбэл, нэг үйлдвэр байлаа гэж бодъё. Тэр үйлдвэр хэдэн хувийн ашигтай ажиллах ёстой юм.

Нэг кг гурилаас хэдэн хувийн ашигтай байх вэ. 15 уу, эсвэл 20 хувь уу гэдгийг нь тодорхой стандарт заагаад мөрдүүлэх шаардлагатай. Энэ стандартыг төр засгаас одоо болтол гаргаж өгөөгүй. Тиймээс гурил үйлдвэрлэгчид хэд дахин нугалсан ашиг олохын төлөө улайрч байна. Өнгөрсөн жил Орост нэг кг улаанбуудай 450 төгрөг байхад нэг кг гурил 850 төгрөг л байсан. Үүнээс оросууд хэдэн төгрөгийн ашиг харж гурил үйлдвэрлэж байна вэ. Энийг сайн бодох хэрэгтэй. Энэ бол шударга бизнес. Гэтэл манайд ханш ямар байгаа билээ.

-Гурилын үнэ угтаа буураад байгаа юм биш үү?

-Гурилын үнэ буурч байгаа гэж худлаа ярьж байна. Оросоос нэг тонн гурилыг 900 мянган төгрөгөөр авлаа гэж бод ё. Монголд оруулж ирээд нэг тонныг нь 1.4 сая төгрөгөөр зарчихаж болно доо. Үүнээсээ 80-90 хувийн ашиг авч байна шүү дээ. Гэтэл өнөөдөр Монголд нэг тонн гурил гурван сая төгрөгт хүрсэн. Тэгэхээр ашгийн стандарт гэдэг зүйл байхгүй болохоор гурил үйлдвэрлэгчид хэд дахин нугалсан үнэ тогтоож байгаа нь хэдхэн монооль болсон ком аниудын нөлөөлөл хүчтэй байна гэсэн үг л дээ. Нөгөөтэйгүүр тариаланч биднээс дотоодын гурил үйлдвэрлэгчид улаанбуудай авахгүй байсан ч тэд хэзээ ч дам уурахгүй. Учир нь Оросоос хамаагүй хямд үнээр хэд дахин нугалж зарах боломжтой бизнес нь байгаа болохоор тэр. Бүр нэг тонн улаанбуудайг 450 мянгаар аваад нэмээд гаалийн татвараа тэглүүлчихэж байгаа юм. Тэгсэн атлаа хэд дахин нугалсан ашиг унагаагаад л зардаг. Дунд нь хэн хохирч байна гэхээр ард түмэн, тариаланчид хохирч байна.

-Таны хувьд намар улаанбуудайгаа яаж борлуулъя гэсэн бодолтойгоор хаврын тариалалтаа эхлүүлж байгаа юм бэ?

-Би ч гэлтгүй тариаланчид бид бүгд л жил бүрийн намар гурил үйлдвэрлэгчдэд улаанбуудайгаа өгөх гэж царайчилна. Нэг, хоёр удаа авчих гэж гуйна. Үнээ улам татна. Тэгээд ч авахгүй. Явж, явж шувуу тэжээдэг болон шувуу, өндөгний үйлдвэрт л өгдөг дөө.

-Угтаа улаанбуудай бол онгол Улсын хүнсий гол стратегийн бүтээгдэхүүн шүү дээ. Гэтэл тариаланчдын хүч хөдөлмөрийн үр шим эцэстээ шувууны хоол болоод дуусдаг гэж үү?

-Стратеги гэдэг үгийг би дайны нөхцөл байдал гэж ойлгодог хүн. Тэр утгаараа улаанбуудай гэдэг бол маш чухал бүтээгдэхүүн болж таарч байгаа юм. Гэтэл үүндээ Монгол Улс огт анхаарал тавьдаггүй. Тавьдаггүй ч гэж дээ тавих ёстой хүмүүсийг бид өөрсдөө сонгож гаргадаг л даа.

-Тэгвэл таныхаар газар тариалангийн салбарт ямар зохицуулалт, өөрчлөлт хийчихвэл та бүхний эрх ашиг, эдийн засгийн боломж сайжрах юм бэ?

-Монгол Улс бие даасан улс мөн л юм бол стратегийн энэхүү бүтээгдэхүүнээ бүтэн хамгаалах ёстой. Оросоос улаанбуудай, гурил оруулж ирдэг асуудлыг зогсоох шаардлагатай. Оросоос ганцхан юм ав. Тэр нь улаанбуудайн элит үрийг  худалдаж ав. Харин таваарын улаанбуудайг худалдаж авахыг бүрмөсөн хориглох шаардлагатай.  Хоёрдугаарт, бордооны асуудал байна. Бордоог хэн дуртай нь Оросын Барнаул ч байна уу хаана ч бай очоод оруулаад ирэх ёстой. Яагаад үүнд тусгай зөвшөөрөл гэдэг зүйл байх ёстой юм. Үүний цаана том дээрэм явагдаж байна шүү дээ. Тэр тусгай зөвшөөрөл гэдэг нь энгийн мань мэтийн тариаланчдад олддоггүй. Ар, өврийн хаалгаар явж явж л авдаг юм гэсэн. Үүнийгээ болиулах хэрэгтэй.

-Намар та бүхэн ургацаа хураагаад яаж борлуулах вэ гэдэг дээрээ асуудал үүсдэг гэж байна. салбар яамнаас улаанбуудайн экспортыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа талаар ярьсан л даа. Экспортлох боломжийн талаар та юу хэлэх вэ?

-Экспортод гарна гэж ярьсан. Энэ бол зүгээр сонгууль угтсан жүжиг. Үүн шиг үлгэр байхгүй шүү. Яг экспорт хийдэг дээрээ гацдаг. Гацахаас ч өөр яах билээ. Учир нь Хятад улс манайхаас улаанбуудай им ортоор авах уу. Уучлаарай, Орос улс гэж том эксортлогч орон байна. Оросын хувьд Евро руу бүх зүйлээ хаалгачихсан. Тиймээс энэ жил урагшаа гаргах бодлого нь илүү нэмэгдсэн байх. Гэтэл дунд нь Монгол Улс урагшаа улаанбуудай экс ортолно г эж байна. Адилхан бүтээгдэхүүн эксортлох гэж байгаа бол ядаж Оростой чанар, үнээрээ ижилхэн байх ёстой. Гэтэл Хятад улс улаанбуудайг Оросоос нэг тонныг нь 450 мянган төгрөгөөр авдаг байж Монгол Улсаас нэг тонныг нь нэг сая төгрөгөөр авна гэж байх уу. Энгийнээр бодоход л ийм байна. Хятадууд тийм тэнэг хүмүүс биш шүү дээ. Үгүй ээ, ямар ч тэнэг хүн байсан өндөр үнээр адилхан бүтээгдэхүүнийг авна гэж байхгүй. Ерөөсөө нэг л ийм жишээнээс бодоход улаанбуудайн экс орт гацчихаж байгаа юм. Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуйн салбар гэхээр малчдыг л боддог, ойлгодог. Тэдний төлөө л дуугардаг хүмүүс их байна. Эсрэгээрээ тариаланчдыг зөнд нь хаясан. Гуравхан сая хүн амтай улсад 80 сая мал ямар хэрэгтэй юм бэ. 80 сая малаас долоо, найман сая нь үхсэн гэж байгаа. аана нь 70 сая мал байна. Гэтэл малчид хэцүүдлээ, малчдын зээлийг тэглэх ёстой гэж байна. Үнэндээ тариаланчдын өр зээл, амьжиргааны баталгаа, орлогын түвшин гээд асуудал үнэхээр хүнд байна. Хавар тариалалтаа хийхэд бордоо нь үнэтэй. Цаг агаар нь тааламжгүй. Малчид нь малаа оруулж дээрэлхэнэ. Намар ургац хураалтын үед бөөн өр зээл энд тэндээс нэхэгдэнэ. Зээлээ төлье гээд хураасан ногоо, буудайгаа борлуулъя гэхээр дотоодын гурил үйлдвэрлэгчид нь үнийг нь унагана. Бүр авахгүй. Ингэхээр Монгол Улсад газар тариалан эрхлэгчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь л болж байгаа юм.

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

Өдрийн сонин