Инфляц буурсан ч эрсдэл хэвээр үргэлжилнэ
2024/06/17
Эдийн засгийн нөхцөл байдал сонгуулийн өмнө таатай гэсэн дүр зурагтай байгаа ч сонгуулийн дараа арай өөрөөр эргэж магадгүй. Инфляц өсөж, юмны үнэ, ханш өсөх эрсдэл байгааг олон эдийн засагч сануулж байна. Тодруулбал, эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа гэдэг нь макро эдийн засгийн үзүүлэлтээр сайн харагдаж буй өнгөц дүр зураг гэв. Одоогоор Монгол Улсын эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй сайн байгаа гэх боловч энэ нь цар тахлын дараах сэргэлтийг дагаад өссөн үзүүлэлт. Ингэснээр экспорт, төлбөрийн тэнцэл, валютын нөөц, инфляц гэсэн олон макро үзүүлэлт сайжирсан. Түүнчлэн өрхийн бодит орлого буурч байсан бол одоогоор хэрэглээний үнийн өсөлтөө гүйцэх түвшинд ойртож ирээд байна. Гэхдээ эдийн засаг сайн байгааг макро эдийн засгийн эдгээр тоогоор хэмжээд тайвшрах уу гэдэг чухал болоод байна.
Бодит потенциалаас давсан мөнгөний нийлүүлэлт нь инфляцыг өдөөдөг
Сонгуулийн дараа эдийн засаг яах бол гэсэн эргэлзээг сонгуулийн жилд ихээр төрүүлдэг. Энэ нь өмнөх сонгуулийн жилүүдэд эдийн засаг тэлэх хөшүүрэг болох бэлэн мөнгөний амлалтын хөтөлбөр хэрэгжүүлдэгтэй холбоотойг эдийн засагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жилд төсөв тэлж, эдийн засаг руу орох, гарах мөнгөний урсгал нэмэгддэг. Эдгээрийн нөлөөгөөр сонгуулийн дараа валютын ханш, инфляцад хүндрэл, дарамт үүсгэж байсан тохиолдол байсан учраас ийнхүү болгоомжлол төрүүлж буй юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн дараа энэ байдал үүсэхгүй гэх баталгаа алга. Учир нь сонгуулийн зардлын тэлэлт, ногдол ашиг бусад цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл нийтдээ 4-5 их наяд төгрөгийн нийлүүлэлт эдийн засаг руу орж байна. Энэ мөнгөний нийлүүлэлт нь бүтээн байгуулалт бий болгохын зэрэгцээ эдийн засаг нь өөрөө энэ их мөнгөний нийлүүлэлтийг давсан байдлаар идэвхжиж чадаагүй нөхцөлд валютын ханш, инфляцад дарамт ирэхээр байна. Өөрөөр хэлбэл, бодит потенциалаас давсан мөнгөний нийлүүлэлт нь инфляцыг өдөөдөг. Тиймээс сонгуулийн дараах эдийн засагт эргэлзээг төрүүлсээр.
Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй гарч, гадаад валютын нөөц анх удаа таван тэрбум ам.доллар давсан. Гэвч импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж байгаа нь валютын нөөцөд дарамт болох эрсдэлийг дагуулж байгааг банкны салбарын нэгдүгээр улирлын гүйцэтгэлд тодотгожээ. Валютын нөөц нь эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр үүсэж болох аливаа эрсдэл, савлагааг зөөлрүүлэх нэг арга хэрэгсэл болдог. Тиймээс улс орон бүр валютын нөөцөө зохистой түвшинд хадгалах зайлшгүй шаардлага бий. Монголбанкны гадаад валютын нөөцийг харвал 5.1 тэрбум ам.доллар байгаа юм.
Мөн одоогоор ханш буурч валютын нөөц хангалттай байгаа гэх боловч сонгуулийн дараа эргээд өснө гэдгийг судлаачид хэлж байна. Валютын ханш нь валютын орох, гарах урсгалаас хамаардаг. Эдийн засаг бага зэрэг идэвхжиж байгаа учраас валютын гарах урсгал нэмэгдсээр байх нь тодорхой. Импорт өсөж эдийн засаг өмнөхөөс бага зэрэг идэвхжих хандлагатай ч валютын орох урсгалуудын суваг нэлээд эргэлзээтэй байна. Одоогоор бид алтаа тушааж тодорхой хэмжээний валют авч байна. Гэхдээ энэ нь өмнөх жилээс бага зэрэг буурсан. Нүүрс болон бусад эрдсийн бүтээгдэхүүний импортоор валют оруулдаг. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ болон гадаад зах зээлд бонд гаргах замаар Засгийн газар, хувийн хэвшил валют татан оруулж ирдэг. Энэ дөрвөн сувгийн хамгийн идэвхтэй нь эрдсийн бүтээгдэхүүн буюу нүүрсний экспорт.Тэгэхээр энэ жил өмнөх жилийн импортолсон нүүрсний хэмжээнээс давсан экспорт хийх нь хэвээр байвал дарамт бага. Энэ хэрээр ханш болон төлбөрийн тэнцэл дээр их дарамт харьцангуй саармаг байна. Харин буурвал дарамт тэр хэрээр их юм.
Их хэмжээний мөнгөний нийлүүлэлт инфляцад ирэх дарамтыг ихэсгэдэг
Одоогоор инфляц зорилтод түвшин болох зургаан хувиас доошоо буюу 5.7 хувьтай байна. Энэ мэдээж сайн зүйл. Инфляцын бүтцийг ажиглахаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд голлож 30 гаруй хувь нь ногдож байна. Энэ нь ядуу, бага орлоготой иргэдэд ирэх инфляцын дарамт байсаар байх эрсдэл байна. Тиймээс инфляц буцаад зургаа болон түүнээс дээш хувиар өсөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө 4-5 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлт явагдаж байгаа учраас үүний нөлөөлөл ирэх намар инфляцад тодорхой хувийн өсөлт ирнэ гэсэн магадлалтай гэж эдийн засагчид хэлж байна. Үүнд мөнгөний нийлүүлэлт, таваарын нийлүүлэлтийн харьцаанаас гадна эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөлөл ирэх юм байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 119 (7363)
Зочин · 2024/06/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/17
AXN80955877DYYDLGN SXNXN
Зочин · 2024/06/17
SAWI80955877