Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь өнгөрсөн бямба гарагт бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, талийгаачийн амийг хөнөөсөн этгээд нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй БХ-ын сайд Г.Сайханбаярын штабд ухуулагчаар ажиллаж байсан П.О гэх этгээд бөгөөд тухайн өдөр танхайрч талийгаачийн амь насыг хохироосон хэмээн эх сурвалжууд мэдээллээд буй юм.

Тус хэрэгтэй холбогдуулан МАН-ын сонгуулийн төв штабаас УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэн нэр дэвшигчээс эргүүлэн татах асуудлаар улс төрийн шийдвэрийг гаргасан бөгөөд үүний дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын төв байранд очиж АН-ын дарга Лу.Гантөмөртэй уулзан эмгэнэл илэрхийлсэн билээ. 

Тэгвэл БХ-ын сайд Г.Сайханбаярыг түүний сонгуулийн хэсгийн штабт ухуулагчаар гэрээ байгуулан ажиллаж байсан П.О-ын гаргасан ноцтой үйлдэлд ёс зүйн хариуцлага хүлээх шаардлагыг намаас нь шууд тулгаж байгаа нь улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд талцал, шүүмжлэлийг дагуулаад буй юм. 

Эцсийн шийдвэрийг СЕХ гаргах учиртай тул бид энэ талаар тодруулахад намын дотоод асуудлын хүрээнд гаргасан улс төрийн шийдвэрээр нэр дэвшигчийг эгүүлэн татах асуудал УИХ-ын сонгуулийн тухай хуульд заагдаагүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 32.13-т "Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно" хэмээн заасан байдаг.

СЕХ хуулиа дагаж мөрдөх тул намын шийдвэрийг үндэслэж нэр дэвшигчээс татгалзах боломжгүй гэдэг тайлбарыг өглөө.