Намууд зээлийн хүүг бууруулахаар амласан ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ тухай тодорхой заалт алга
2024/09/10
Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм судалгааг танилцуулж байна.
Тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар эхний хагас жилд 30 хувиар өссөн. Үүнийг хэт халалттай байна гэж үзэж байгаа. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 5 хувь, инфляц 5.5 хувьтай байхад зээлийн өсөлт хэт өндөр байгаа нь эдийн засгийг халааж, инфляцыг хөөрөгдөх магадлалтай. Ялангуяа бизнесийн зээл 60 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ нь хэрэглээнээс илүү бизнесийн салбарыг дэмжихээр ажиллаж эхэлсэн гэж харагдаж байна.
Чанаргүй зээл 5.9 буюу 6 хувиас доош орж ирлээ. Энэ нь зээлийн өсөлттэй холбоотой ч сүүлийн 10 жилд байгаагүй таатай үзүүлэлт. Уул уурхайн салбарт гурван зээл тутмын нэг нь чанаргүй зээл байсан бол 17 хувь руу орж буулаа. Мөн боловсруулах салбар, иргэдийн зээл гээд бүх салбарт чанаргүй зээл буурч байна.
Төгрөгийн харилцах 36 хувиар нэмэгдсэн. Хадгаламж 20 их наяд төгрөг болж өслөө. Инфляц буурч, төгрөгийн ханш чангарсан учир иргэд төгрөгийн хадгаламжид мөнгөө байршуулах нь нэмэгдэж, өгөөж нь бодитой болсон байна" гэв.
Мөн МБХ-ноос Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, зарим саналыг гаргажээ.
Энэ талаар МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг шинжлэхэд нэг зүйл харамсалтай санагдсан. Хамтарсан Засгийн газарт орсон гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг бууруулна гэж орсон. Гэвч Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зээлийн хүүг бууруулах тухай тодорхой заалт алга. Иймд зээлийн хүүг бууруулах орчныг яах нь тодорхойгүй, бууруулах сонирхол байгаа эсэх нь ч тодорхойгүй байна гэж үзэж байгаа.
Ялсан намын мөрийн хөтөлбөрт
- ногдол ашгаас татвар авахгүй
- төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй байх зэргээр бизнесийн орчныг сайжруулах заалтууд байсан ч төсвийн тодотгол, өргөн баригдсан төслүүдээс харахад энэ нь хэрэгжих шинжгүй байна.
Иймд амлалтаа биелүүлэх тал дээр анхаарал хандуулах шаардлагатай. Бизнесийн орчныг сайжруулах эдгээр амлалтаа биелүүлэх хэрэгтэй.
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн ч жишээлбэл Төрийн банк нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө ажиллаад болж байгаа энэ салбарт үйл ажиллагаагаа явуулсаар байгаа.
Хувийн банкуудыг олон нийтийнх болгох, IPO хийх, нэг хувьцаа эзэмшигчид 20 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг шаардлага тавьж байгаа ч Төрийн банканд үүнийг хэрэгжүүлэхгүй байхаар хуульчилсан. Төрийн банкийг нэн яаралтай хувьчлах шаардлагатай" гэв.
Зочин · 2024/09/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/09/10
XUCHINDX AXD XNTLA80955877
Зочин · 2024/09/10
ANUSDI80955877ZYGAATSI TSAGN