“Шинэ Хархорум” хотын ирээдүй
өчигдѳр
Чингис хааны зарлигаар эхлүүлсэн эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан эрх зүйн орчиныг бүрдүүлээд байна.
Бидний хэсэг нөхөд монгол, франц, герман архитекторууд, монголын ахмад элчин сайд нар Шинэ Хархорум хотын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах олон улсын уралдаанд оролцож айргийн тавд шалгараад байгаа билээ. Багийн ахлагчийн хувьд зарим саналуудаа нийтэд танилцуулж байх нь зүйтэй гэж үзээд үүнийг нийтлүүлж байна.
Монголын Их гүрний нийслэл, торгоны их замын нэг чухал зангилаа болж байсан түүхэн онцлогийг илтгэсэн түүх, соёлын дурсгалууд, архитектурын хэв маягийг уламжлан шинэ хотын ерөнхий дүр төрхөд шингээхийн хамт орчин үеийн барилга, хот байгуулалтын дэвшилтэт ололтыг оновчтой ашиглах бодлогоор засаг захиргааны нийслэл, аялал жуулчлалын хүрээ, олон улсын зөвшилцлийн хот, цахим үйлдвэрлэлийн төв байгуулна гэж төсөөлж байна. Шинэ Хархорум хотыг Монгол Улсын нийслэл төдийгүй, дэлхий нийт монголчууд, монгол удам угсаатны нийслэл байхаар төлөвлөж, тэдний хамтын хүч, оролцоотойгоор бүтээн байгуулах боломжтой. Шинэ Хархорум хотын архитектурын шийдэл дорнод, өрнөдийн соёл уламжлалыг хослуулан уялдуулах үзэл санаанд үндэслэх болно.
Хотын бүтцийн хэсгүүдийг хүрээ хэлбэрээр барьж цогцлоох зарчим баримталж төлөвлөх нь монголжуу хотын үндсэн дүр төрх болох учиртай. Энэ нь нүүдэлчин монголчууд гол цөмөө хүрээлж хот суурин байгуулдаг эртний уламжлалт хэлбэр билээ. Хотын төвийг “Чингис хааны хүрээ” гэж нэрлэн дахин давтагдахгүй аугаа цогцолбор байгуулмаар байна. Ингэхдээ энд тэндэхийн цогцолборуудаас илүү тансаг хийх зарчмыг эрхэмлэвэл Шинэ Хархорум хотын гол бэлгэдэл нь Чингис хааны цогцолбор байх юм. Ахмад элчин сайд нарын санаачилсан “Алтан цуглуулбар 999”-д үндэслэсэн “Чингис хааны номын өргөө” байгуулахаар төлөвлөж байна. Чингис хаанаас дэлхийд анхлан нэвтрүүлсэн Монгол энхжин, Алтан аргамж, Алтан гэрэгэ зэрэг оюун санааны үнэт зүйлс, агуу уриа, номлол, дурсгалын хөшөө, цогцолборуудыг бүтээн байгуулна. Их Монгол гүрний газар нутагт өнөөдөр оршин байгаа улс орнуудтай түүх соёлын талаар харилцах ажлыг өнөөгийн зөөлөн хүчний бодлогын чухал чиглэл болгон хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ хүрээнд тэдгээр орнууд, сонирхогч иргэдийг Хархорум хотын их, бага бүтээн байгуулалтад оролцуулж болох юм гэж үзэж байна.
“Монгол ахуй соёлын хүрээ” байгуулж эрийн гурван наадам, уртын дуу, хөөмийн үзэсгэлэн, тоглолтын цогцолборууд, малтан ахуйн бодит үзмэрүүдийг Өгий нуурын ойролцоо төвлөрүүлж байгуулна. Түүх соёл байгаль ахуйг түшиглэсэн аялал жуулчлал бол Хархорумын эхний ээлжийн эдийн засгийн суурь болно.
“Монгол цэргийн дурсгалын хүрээ” байгуулж монгол морин цэргийн хүрсэн хот балгад, цайз суурин болгоноос үзмэр цуглуулж монгол цэргийн урлагийг дэлхий нийтэд таниулна. Энэ хүрээнд эртний цэрэг, зэвсэглэл, дайчин соёлын дурсгалт бүтээлийн үйлдвэрлэлийг тууштай дэмжин хөгжүүлнэ. Чингисийн үеийн зэвсгийн үйлдвэрлэлийн чадварыг бодитоор сэргээж үзүүлэхээс нааш өнөөгийн монголчууд биднийг хааныхаа оюун бүтээлч чанарыг залгамжлагчид мөн үү гэдэгт эргэлзэхэд хүрдэг гэдгийг ч бодолцох нь зүй. “Шашин айлсах хүрээ” байгуулж Чингис хааны бодлогоор олон шашин нэг дор энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг дэлхийд анхлан хэрэгжүүлснийг бэлгэдэнэ. Шашин хоорондын мэтгэлцээнийг анхлан зохион байгуулсан нь Хархорин хот билээ. Үүнийг баталгаажуулж шашны эв эеийн цогцолбор байгуулах нь аялал жуулчлалын болон түүх соёлын өв үзмэр болгох учиртай. Иймэрхүү сэдэвтэй хөшөө Унгарын Пакш хотод байдаг байна.
Хархорум нийслэлтэй Их Монгол улсын хэрэгжүүлсэн “Pax Mongolica” үзэл санааг тодотгон шинэ хотын нэгэн ялгарах онцлог болгох саналыг ахмад элчин сайд нар дэвшүүлж байна. “Pax Mongolica” төв байгуулж улс төр, эдийн засаг, түүх, дипломатын чиглэлээр олон улсын хурал, уулзалт, хөрөнгө оруулагчдын олон талт форум, үзэсгэлэн зохион байгуулдаг байх нь чухал юм. Олон улсын хурлын иж бүрэн цогцолборыг орчин үеийн техник технологийн бүхий л шаардлагын дагуу барьж байгуулан Швейцарийн Женев хот лугаа адил олон улсын энхийн яриа хэлэлцээний зартай төв болгох чиглэлээр идэвхтэй ажиллах нь хотын хөгжлийн нэгэн чухал үндсэн чиглэл болно. “Pax Mongolica” хэмээн онцгой томъёоллыг уриа болгон гоёмсгоор урлан үйлдэж зэргэлдээх уулын оройд хотын аль ч цэгээс харагдахуйц байдлаар Алтан гэрэгэний хамт байрлуулж болно. Гадаад улсуудын Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчийн газрууд байрлах хорооллын газрыг төвийн нэгэн дүүрэгт байхаар төлөвлөж, газар нөөцлөх нь зүйтэй. Тухайн улс өөрсдөө эсвэл манай талд захиалан төлөөлөгчийн газрын барилга, сууцыг барина. ЭСЯ-дад хангалттай талбай олгож улс орон бүр өөрсдийн онцлогтойгоор тохижуулахыг санал болгоно. Харин Улаанбаатарт байгаа байруудыг нь худалдааны төв болгохыг дэмжих нь зүйтэй.
Олон улсын дээд, өндөр түвшний хурал зөвлөлгөөн зохион байгуулдаг хотын статусыг олж авах нь чухал. Онгон байгалийн үзэмж төгөлдөр орчин, энхийг эрхэмлэсэн, тайван амгалан манай улсын хувьд энэ бүгд боломжтой юм. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, далайд гарцгүй орнуудын асуудал, нүүдлийн соёл иргэншил, хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжил, хүнсний асуудал, зэрэг манай оронд илүү ойр буюу монголчууд ахиухан санаачилга, хувь нэмрээ оруулж болохоор асуудлуудыг НҮБ болон олон улсын бусад түвшинд санаачилж хэрэгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлэх төв буй болгох, манлайлах боломж олж авах талаар одооноос санаа тавьж хөөцөлдөж эхлэх хэрэгтэй. Цаашид ЮНЕСКО-гоос “Энх тайвны хотоор” өргөмжлүүлэх, Нийслэл болон томоохон хотуудын олон улсын Ассамблейн гишүүн болох чиглэлээр ажиллавал зохино. Харин олон улсын хурал зөвлөлгөөний төвийн тухайд Египетийн Sharm El Sheikh, Идонезийн Bali, Швейцарийн Davos, Geneva, Австрийн Vienna зэрэг хурлын цогцолборуудаас санаа авах нь чухал. Олон улсын хурал, үзэсгэлэн, аялал жуулчлалын тохь тухыг хангах зорилгоор онгон байгаль, нүд алдам тал хөндий, цэлмэг тэнгэр, цэнгэг агаар, цэвэр ариун усандаа түшиглэн хотын эргэн тойронд жуулчны отог бааз олноор байгуулахын хамт хот дотроо дэлхийд зартай зочид буудлын сүлжээ Four Seasons Hotels & Resorts, Mandarin Oriental, Park Hyatt, Raffles Hotels & Resorts, Rosewood Hotels & Resorts, Shangri-La Hotels & Resorts, Ritz-Carlton, Hilton Hotels & Resorts болон бусад зочид буудал, сүлжээг барьж ажиллуулахыг дэмжинэ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл, хамрах хүрээг тодорхойлж, Орхоны хөндий, Хөшөө цайдмыг холбосон түүх соёл, урлаг, спорт, нүүдлийн ахуйн сонирхолтой хөтөлбөр бүхий аяллын сүлжээ, тогтолцоо бий болгож эдийн засгийн гол салбар болговол зохино. Өвлийн аялал жуулчлалыг онцгойлон анхаарч “Дөрвөн улирлын дөрвөн өнгөт аялал”-ын бүтээгдэхүүн, маршрут сэдэж санаачлахыг чухалчилна. Өвөл-хавар-зун-намрыг Цагаан-саарал-ногоон-шар өнгөөр билэгдэж бренд үйлчилгээг хэвшүүлбэл сайнсан. Өвөл ч сар бүр наадам хийж болно. Халуун рашаанд ордог байж болно. Зун ч цанын бааз ажиллуулж болно. Битүү том ордон, Цас мөсний байгууламжууд барьж өвлийн тоглоом наадам, тэмцээнийг тогтмол хугацаанд дэлхийн бренд болгон хөгжүүлнэ. Ерөөсөө, түүх соёлын аялал жуулчлал цаг агаарын ямар ч улиралд тасралтгүй үргэлжлэх боломжтой байдаг давуу талыг ашиглана. Орхоны хөндийн орон зай, зэргэлдээх уулсыг ашиглан автомашины, агаарын бөмбөлгийн, нислэгийн зэрэг техникжсэн аялал жуулчлалын хүрээг олноор байгуулна.
Монголын түүхэн уламжлал, нүүдэлчин соёл ахуй, цэргийн урлагийг сурталчилсан олон улсын аялал жуулчлалын шинэ шинэ эвент бий болгон жил бүр, улирал тутам, сар бүр хийгддэг баяр ёслолууд, шоу, тоглолтуудын тогтмол хуваарь гарган дэлхий нийтэд зарлан хэрэгжүүлж байх болно. Эко аяллын чиглэлд Хангайн нурууны оргилууд, Төвхөн хийд, Улаан цутгалан, Хүйсийн найман нуур, Өгий нуурыг хамруулах боломжтой. Өгий нууранд завин аяллыг хөгжүүлж, шувуу судлалын ажиглалт (ornithology)-ыг нутагшуулж болох юм. Нүүдэлчин малчин ахуйд үндэслэн морь, тэмээний аяллыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн хамт тэмээн жин, сарлагийн наадам, үхэр тэрэг, бүргэдийн үзүүлбэрийн компани, нийгэмлэг, товчоодыг бий болгон тогтмол ажиллуулна. Үндэсний Наадмыг 7 сард хийх боловч бусад наадмуудыг 5-11 сард долоо хоног бүр тогтсон өдрүүдэд зохион байгуулж хэвшин дэлхий нийтэд танигдсан эвэнт болгох нь чухал байна. Аялал жуулчлалын орлогод музей, театр, олон улсын түвшний морин тойруулга, үндэсний урлалын бүтээгдэхүүний зах, эрийн гурван наадмын тоглолт чухал байр суурь эзэлнэ.
Олон улсын онгоцны буудал, төмөр замын болон хотын цахилгаан тэрэгний зэрэг нийтийн тээвэр, автобусны сүлжээ, зэргэлдээх зарим аймаг, хоттой холбосон авто зам, дугуйн зам, мөн амралт зугаалгын газрууд, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор барьж байгуулан тайван амгалан, аюулгүй хотын жишгээр хөгжүүлэх үндэслэлийг Шинэ Хархорум хотын хуульд тусгаж мөрдөнө. Өнөөгийн Хархорин сум, ЮНЕСКО-гийн хамгаалалтын бүсийн хойт хэсгийг хамруулаад “Эртний нийслэл Хархорум” нэрээр Шинэ Хархорум хотын дагуул хот эсвэл дүүрэг болгон хөгжүүлнэ. Эртний Хархорумын архитектурын дурсгалыг сэргээн ашиглах, эртний монгол морин цэрэг, зэвсгийн музей үйлдвэрлэл байгуулах, Хархорум хотын хааны ордон, төв талбай, мөнгөн модыг сэргээн бүтээх, олон улсын худалдааны төв, торгоны замын өртөө-холбооны төв, олон шашин зэргэцэн оршсон анхны түүхэн нийслэл. зэрэг түүх соёлын онцлогуудыг тодруулна. Сумын одоогийн байгууламжуудыг архитектурын онцгой шинэ төрхөнд оруулан сэргээх теслүүдийг хэрэгжүүлнэ.
Улсын нийслэлийг Шинэ Хархорум хот руу шилжүүлэх нь төвийн бүсийн болон улсын эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгнө. Эдийн засгийн тогтвортой өсөлт нь шинэ хотын иргэн бүрт хүрсэн, чинээлэг дундаж давхарга зонхилсон эдийн засгийн хөгжлийн суурь бүрдсэн, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхиа бүрдүүлсэн хот болж хөгжинө. Хотын бүтээн байгуулалтад дотоодын болон гадаадын олон зуун компаниуд оролцох болно. Монголын их гүрний сэргээн босгох үйлс олон улс орон, хувь хүмүүсийн сонирхол эрх ашгийг татаж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтын боломж өндөр байх болно. Эко эдийн засаг хөгжлийн чиглүүлэгч болж, өндөр технологи, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг голчилж алт,мөнгө, зэс, газрын ховор элемент, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах аж үйлдвэр зонхилсон байна. Ойрын арван жилд “хагас дамжуулагч үйлдвэрлэгч орон” болох тусгай төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Өндөр технологийн үйлдвэрлэгчид Хятад улсаас хамааралт байдлаа бууруулахыг эрмэлзэж байгаа геополитикийн энэхүү нөхцөл байдал нь Монгол улсад энэ салбарыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Хагас дамжуулагчийн үйлдвэрлэл бол нарийн төвөгтэй, комплекс үйл ажиллагаа боловч энэхүү бодлогыг Шинэ Хархорин хотод төвлөрүүлэн Үндэсний хөтөлбөр боловсруулан гүйцэтгэж болно. Үүний тулд гуравдагч хөршүүдийн чип үйлдвэрлэл, программ хангамжийн компаниудын төвийг /цахим хүрээг/ нээж утасгүй технологийн дизайнд анхаарлаа хандуулах шаардлагатай.
Монгол Улс байгалийн баялаг ихтэйн сацуу авьяаслаг, чадварлаг хүний нөөцтэй улс юм. Шинэ нийслэлийн хөгжлийн асуудлыг урламж оюун, технологийн дэвшлийн тусламжтайгаар шийдэж байх зохион байгуулалтын бүтцийг бий болгоно. Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Дэлхий нийтийн мэдээллийн технологи нь урламж оюун (AI), Машин сургалт (ML), Үүлэн тооцоолол, Юмсын интернет (IoT)-д чиглэж улам эрчимжиж буй энэ үед үндэсний хэмжээнд мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, шинэчлэх болон кибер аюулгүй байдлыг сөрөн зогсох шаардлагыг ханган Хархорумд өндөр чадалтай дата төвийг байгуулснаар Монгол улс болон олон улсын түвшинд үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Шинэ Хархорум хот цогцлоон байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг олон арга замаар шийдвэрлэнэ гэж төсөөлж байна. Юуны өмнө Монгол Улсын төсвийн хуримтлалаас гаргана. Нөгөө нэг эх үүсвэр нь олон улсын түвшинд бонд гаргах, тендер зарлах замаар бүрдэнэ. Дэлхийд зартай, хөрөнгөтэй томоохон хөгжлийн сангуудад хандаж, хотыг дүүрэг дүүргээр нь хуваарилсан хөрөнгө санхүүг татах боломжийг судалж ГХЯ, Шинэ Хархорины Захиргаанд зохион байгуулалтын бүтэц бий болгон хэрэгжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор эдийн засгийн тусгай бүс байгуулж, барилга, зураг төслийн компаниудын орлогын албан татвар, газрын татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг 5 жилийн хугацаанд тэглэж, бусад урамшууллын хэрэгслүүдийг ашиглана.
Төрийн захиргаа, соёл, боловсролын байгууллагууд, хувийн байшин барилгууд нь нэн орчин үеийн архитектурын шийдэлтэй, гадаад дотоодын зочид, жуулчдын сонирхлыг татахуйц үзэмжтэй байх. Монгол гэрийн хэлбэрийг билэгдсэн дугуй хэлбэрийн барилга, байгууламж Шинэ хархорум хотын архитектурын өвөрмөц онцлог байх болно. Дөрвөлжин өнцөгөөс зайлсхийсэн дугуй, зуувин байгууламжууд нь орчин үеийн архитектурын нэгэн шинэлэг хандлага болоод байгаа бөгөөд монголын байгалиа дээдэлсэн сэтгэлгээнд нийцвэртэй билээ.
Хотын төвиин бүх барилгууд газар доогуур холбогдсон байх зарчмыг баримтлан эхнээс нь газрын доорх хонгилын сүлжээг хийнэ. /Хелсинки шиг/ Энэ нь хэт хүйтэн, хэт халуун байдаг хотод тохиромжтой учир газар доорх туннелээр автомашин трамвай явуулж, алсдаа метро байгуулах болно. Агаарын орон зайны хувьд олон улсын агаарын тээврийн зангилаа-Хаб болох, агаарын дадлага сургууль, уралдаан, үзүүлэн тоглолтын төв болгоно. Бүх бүсийн төвүүдтйн хооронд тавих хурдан галт тэрэг, хурдны замын эхлэл нь л ХХ -УБ гэж ойлговол зохино. Хархорумаа шинэчлээд мөн баруун талын Ховд, зүүн талын Чойбалсан хотуудаа онцлог гоё хотууд болгох нь зүй.. Шинэ Хархорум хот Улаанбаатарыг холбосон хурдны төмөр зам нь Монгол улсын зүүн баруун хэсгийг холбосон төмөр замын төвийн хэсэг байх юм. “Эзэнт гүрний өлгий” баг олон улсын уралдаанд айрагдсан манай баг Шинэ Хархорум хотыг хөгжүүлэх нарийвчилсан Ерөнхий төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх нөр их ажилд идэвхийлэн оролцож, гадаад улс орнууд, олон улсын байгууллагуудаас хөрөнгө-санхүүгийн дэмжлэг авах чиглэлээр санаачилгатай ажиллах болно. Монгол хүн амьдрахад таатай, гаднынхан зочлоход сонирхолтой монголжуу хот байгуулна. 2035 он буюу Хархорум хот үндэслэн байгуулагдсаны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх үед Шинэ Хархорум хот Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт тэргүүлэх байр суурь эзэлнэ гэж төсөөлж байна.
Эзэнт гүрний өлгий-эртний нийслэл Хархорум ашид мөнх мандан бадраг
Онц Бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд, гавъяат эдийн засагч Ц.Цолмон
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SEKSDI80955877