Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач, нийт 48 тамирчнаас авсан допингийн шинжилгээний хариу Герман улсын Дрезден хотын лабораториос иржээ. Үүнтэй холбогдуулан Үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) хамтран өнгөрсөн пүрэв гараг (2024.07.24)-т мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр МОНАДА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа “Допингийн төрлийн хориотой бодис хоёр бөхөөс илэрсэн. Харин нэг шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан тул дахиж тодруулах шаардлагатай гэсэн үг. Шинжилгээнээс ямар нэгэн байдлаар эерэг хариу гараад допингийн зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тамирчинд мэдэгдэж, нэрсийг зарлаад үр дүнгийн удирдлагын олон улсын стандартыг хэрэгжүүлнэ” гэлээ.

Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Б.Давааням “Улсын гарьд Б.Гончигдамбын допингийн хариу эцэслэн ирээгүй байна. Нарийвчилсан шинжилгээний хариу 3-4 долоо хоногийн дараа гарна. Одоогоор допинг хэрэглэсэн, хэрэглээгүйг хэлэх боломжгүй. Улсын баяр наадмаар авсан шинжилгээнээс Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргалаас хориотой бодис илэрсэн. Харин нөгөө бөхтэй нь утсаар холбогдож чадаагүй байгаа тул нэрийг нь зарлах боломжгүй байна. Бид хуулийн дагуу холбогдсоныхоо дараа нэрийг нь олон нийтэд мэдэгдэнэ.

 

Аймгуудын наадамд шөвгөрсөн 84 бөхчүүдээс найман тамирчнаас допинг илэрсэн” гэв. МОНАДА мэдээлэл өгсний дараа спортын тайлбарлагч С.Шижирбат өөрийн цахим хуудастаа “Өнөөдөр МОНАДА, Наадмын комисс хэвлэлийн хурал хийж Б.Гончигдамба, Н.Баяржаргал гэсэн хоёр нэр хэллээ. Үр дүнгийн удирдлагын эхний шат болох тамирчинд мэдэгдэх үе шат дууссан тул энэ хоёр бөхөд мэдэгдсэний дараа олон нийтэд зарлаж байнаа гэдгээ хэллээ.

“Гурав дахь бөхийн нэрийг одоогоор хэлэх боломжгүй байна, утсаа авахгүй байна” гэнэ. Үндэсний бөхөөс гадна их спортын төрлүүдэд шинжилгээ өгсөн тамирчин анкет бөглөхдөө утасны дугаар, гэрийн хаяг, мэйл хаягаа зайлшгүй бичдэг дүрэмтэй. Утсаа авахгүй байгаа бөхийн мэйл рүү нь илгээсэн гэдгээ хэллээ бас. Мэйл рүү бичээд л болоо шүү дээ, тухайн тамирчинд мэйлээр мэдэгдсээн гэсэн үг. Бусад орнуудад мэйлээр хариуг нь явуулдаг.

Мэйлээр мэдэгдэж үр дүнгийн удирдлагын ажиллагааг хийсэн учраас дүрмийн дагуу олон нийтэд мэдэгдэж болно. МОНАДА ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн. Өнөөдөр бас л алдаа гаргаад

хоёр бөхийн нэрийг зарлачихаад гурав дахь бөхөөс допинг илэрсэн. Гэхдээ одоогоор өөрт нь мэдэгдэж чадахгүй байна гэнэ, мэйлээр мэдэгдчээд байгаа гэдгээ мэдэхгүй л манаргаж явна даа чааваас. Энэ бөх хэн бэ гэдэг таавар таалгасаад байх юмгүй болчихсон, бөхийн хүрээнд аль хэдийн тарчихсан. Улс төр ороод дуусах уу яах уу гэдгийг анхааралтай ажиглаж байна даа. Өмнө нь ч хэлсэн. Дахиад хэлэхэд, Дрездений лаборатори “WADA” буюу Дэлхиийн Допингийн Эсрэг Агентлаг руугаа тайлангаа дүрмийн дагуу явуулдаг шүү!!!” хэмээн бичжээ.

Энэ өдрийн маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт энэ жилийн улсын баяр наадамд үзүүрлэж, улсын гарьд цолны болзол хангасан Н.Өсөхбаяр өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр “Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна.

Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй. Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low”илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.

Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.

Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.

Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье.” гэжээ.

Ө.АНХЗАЯА