Дэлхийн хэд хэдэн тэргүүлэх оронд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийннэр хүнд хэрэг дээрээ хоёр дахин унасныг 43 улсад санал асуулга явуулсан судалгааны “Pew Research Center” төв мэдээлжээ.

Уг санал асуулгын дүнгээс харвал, Оросын хүн амын дунд Америкийн ерөнхийлөгчийн тэртэй тэргүй их биш рейтинг 14 хувиар доошилж, одоо 29 хувьтайбайна.Ийм сөрөг хандлага нь Украины талаар АНУ-ын баримталж буй бодлоготой холбоотой юм.

Герман, Япон, Бразил, Аргентин зэрэг орны хүн амын дунд Обамагийн нэр хүнд мөн унажээ.Германы иргэдийн дунд ерөнхийлөгчийн нэр хүнд муу байгаа нь америкчууд ХБНГУ-ын нутаг дэвсгэрт электрон хэрэгслээр тагнуул хийж байдагтай холбон үзэж байна.Америкийн тусгай албад ийм ажиллагаа явуулдаг нь өмнө нь батлагдсан юм.

Тэгвэл 43 орны 27-гийнх нь, ялангуяа Өрнөд Европын орнуудын хүн амын талаас илүү нь Обамагийн үйл ажиллагааг нааштай үнэлж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Францад санал асуулгад хамрагдсан есөн хүн тутмын найм, италичууд, британичуудын дөрөвний гурав нь Америкийн ерөнхийлөгчийн олон улсын бодлогыг дэмжиж байгаа ажээ. Харин Ойрхи Дорнодын оршин суугчид Обамад бусдаас илүү шүүмжлэлтэй хандаж, пакистанчуудын 7 хувь, палестинчуудын 13 хувь, египетчүүдийн 19 хувь нь л түүнийг дэмжсэн байна.

Барак Обамагийн үйл ажиллагааг түүний өмнө ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бага Жорж Бушийн үйл ажиллагаатай харьцуулахыг санал асуулгад оролцогчдоос бас хүсчээ.Засаглалынхаа сүүлчийн нэг жилийн үед Буш хүн амын ердөө 19 хувийн дэмжлэгийг хүлээж байсан байна. Харин одоо Обамагийн энэ үзүүлэлт 57 хувьтай байгаа нь Бушаас илүү юм.

С.Инда