Өнөөдрийн байдлаар уг түлшийг борлуулах 382 цэг ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлахаар болжээ.

Нэг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй борлуулагдана.

2025 оны өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксон шинэ төрлийн шахмал түлшээр галлана. Ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлд хагас коксон түлшний борлуулалт албан ёсоор эхлэх бөгөөд энэ нь өмнө ашиглаж байсан сайжруулсан шахмал түлшнээс илүү цэвэр, эрүүл, байгальд ээлтэй бүтээгдэхүүн гэж албаныхан дүгнээд буй.

Утаа, бохирдлыг 45-50 хувиар багасгана,

Угаарын хий 25 хувиар буурна,

Нарийн ширхэгт тоосонцор 80 хувь хүртэл багасна,

Яндангаас гарах утаа болон агаарт цацагдах бохирдол 80 хувиар буурна гэж тооцоолсон байна.

Энэ бүхэн нийлээд нийслэлийн агаарын бохирдлыг энэ өвөл 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзжээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 382 борлуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд эдгээр цэгүүд нь гол зам дагуу бус, хоёр, гуравдугаар гудамжуудад байрлаж байна. Борлуулалтын цэг бүрт түлшний нөөц хангалттай гэж үзжээ.

  • Сайжруулсан шахмал түлш (мидлингтэй): 1 шуудай – 3,750 төгрөг

  • Хагас коксон шахмал түлш: 1 шуудай – 5,000 төгрөг

2025-2026 оны өвөл нийт 306 мянган тонн хагас коксон түлш борлуулахаар төлөвлөжээ.

Иргэд түлшээ илүү хялбар, хяналттайгаар авах боломжтой болгохын тулд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглана. Энэ апп-аар дамжуулан хэрэглэгч түлшний хэрэглээ, худалдан авалт, үлдэгдлээ хянах, борлуулалтын цэгийн мэдээллийг авах боломжтой. Апп ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн QR код ашиглан түлшээ авах боломжтой хэвээр байна.

Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй бол, 28.9 хувь нь тээврийн хэрэгслийн утаа, 15.5 хувь нь бусад эх үүсвэрээс (уурын зуух, хог хаягдал, ДЦС-ын үнсэн сан гэх мэт) гарч байгаа аж. Агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсүүд нь Баянхошуу, Долоон буудал орчмоор бүртгэгддэг.