Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа.

Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.

 

сонин mn

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Ийм нууц хэлбэрийн уралдаан нь учирч болзошгүй олон эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудал бий. Аливаа уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлага, цагдаа, хяналтын болон эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх ёстой. Гэвч энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах, монгол өв соёлоо харгалзан үзэхийн зэрэгцээ далд хэлбэрийн уралдааныг зогсоож, гаргасан дүрэм журмыг чанд мөрдөх, хариуцлагын тогтолцоог сайжруулж хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай. Мөн морин уралдааны цаг хугацааг сайтар тооцоолж зохион байгуулах, нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

 

сонин mn

ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Хашчулуу “Энэхүү уулзалтад ММСУХ-ны төлөөллүүд, Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон холбогдох бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбооны саналыг үндэслэн биднийг хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. ММСУХ үндэсний өв соёл, дархлаа болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, морин уралдааны анхны хамгаалалтын төхөөрөмжийг оруулж ирсэн. Унаач хүүхдийг даатгалд хамруулах асуудлаар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажилласан. Өнөөдөр морины уралдаан спортын хэмжээнд хөгжиж байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хүүхдийг эцэг, эхээс нь булаан авч, эмнэг догшин морь унуулаад, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж, талцуулж байгаад харамсаж байна” гэв.

 

сонин mn

НМСУХ-ны тэргүүлэгч М.Мөнхбаясгалан “11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Гэвч уламжлал ёсоор Сар шинийн баярын дараа хаврын улиралд хүүхдүүд морио унаад уралддаг жишиг бий. Угтаа хаврын уралдаан нь нэг талаараа аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой байсан. Гадаад, дотоодын жуулчид ирэхэд бидний онцлон үзүүлдэг гол өв соёлын нэг нь морин уралдаан юм. Үүнийг дагаад монголчуудын дээл хувцасны соёл, эд хэрэглэл, ахуй зан заншил зэрэг олон соёлыг жуулчид нэг дороос, богино хугацаанд үзэж танилцах боломжтой байсан” гэсэн юм.

 

сонин mn

Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзий “Морин уралдааныг бид санаачилж зохиогоогүй. Бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс зохиож түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлал юм. Бид ийм арвин түүхтэй ард түмэн. Монголчууд малчин ард түмэн. Өнөөдөр Монгол улсад малчин, уяач бэлтгэдэг тусгай сургууль байхгүй. Морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь малчны амьдралд өсөж, өв соёл, уламжлалаа тээж яваа хүүхдүүд байдаг. Хэрэв энэ заншил тасарвал малчин удам, ахуй соёлын залгамж халаа үгүй болох эрсдэлтэй.

Мөн хүүхдээр морь унуулахыг зарим хүн хөдөлмөр эрхлэлт мэтээр ойлгож байна. Харин энэ нь хөдөлмөр бус үндэсний спорт юм. Хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэж, соёл уламжлалаа залгамжлан авч явах ёстой. Үндэсний өв соёлоо устгах бус харин хамгаалж, хадгалж үлдэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.