Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн...
1 цагийн өмнө

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрлээ. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдгийн үлгэрээр улс орон маань өөдлөхөө байв. Засгийн газар энэ онд өрийн үйлчилгээнд хүүтэйгээ нийлээд 3.9 их наяд төгрөг төлөхөөр байна.
Одоо яаж энэ их өр ширний ард гарах юм бүү мэд. Томоохон төслүүд шинээр эхлүүлэхгүй, хөдөлсөн хэдтэйгээ ноцолдоно гэж шинэ Засгийн газрын тэргүүн мэдэгдэнэ лээ. Хөдөлсөн гээд байгаа төслүүд нь хэрүүл тэмцэлд тушигдчихсан. Шатахуун түлш, цахилгаанаараа бүрэн хараат бид нефтийн үйлдвэртэй болно гэж мөрөөдсөөр олон жил өнгөрч байна. Төсөл нь анх төсөвлөсөн өртгөөсөө даваад, дахиад Энэтхэгээс зээл аваад явж байна. Дайнаас болоод шатахууны хямралд нэрвэгдэх нь тодорхой болчихлоо.
Гадаад дотоод нөхцөл байдал ийн хүндэрсэн үед өнөөдөр Монголын эрх баригчид улс төрийн тэмцэлд бүх цагаа алж, өөр хоорондоо албан тушаалын төлөө улангасан дайтаж байна. Эрх баригчдын энэ дажин Засгийн газар байгуулагдсанаар түр зогсох ч, өс хонзонгийн улс төр үргэлжлэх нь тодорхой. Тус намын дотор явагдсан хатуу хагарал улам тэлж, хөмхий зуусан залуу улстөрчид нь өглөө бүр нэг нэгэн рүүгээ сошиалд сум тавьж, тэрнийх нь хаялага нийгмийг хорсол бухимдлын галаар шатаасаар байна.
Ерөнхий сайд Н.Учрал бараг өдөр бүр улс орны өмнө тулгамдаж, хоолой дээр тээглэн ирсэн хүндрэл бэрхшээл, эдийн засгийн дарамт, нийгмийн асуудлуудаа нээлттэй хэлэн, учирлаж байгаа ч тэндээс итгэл найдварын дөл улалзахгүй байгаа нь үнэн. Хаа хаанаа асуудлаа ярьцгааж байгаа ч гарах гарц, гаргалгаа, шийдэл санал болгож байгаа хүн харагдахгүй байна. Улсын Ерөнхий сайд улс орноо авч явахын төлөө тархиа ажиллуулах ёстой байтал үүссэн нөхцөл байдлаас болж, улс төрийн харилцаа зохицуулах ажилд цагаа зориулж байна. Шинээр томилсон сайд нартаа парламентын чуулганы хоймроос баахан захиас, итгэл найдварын мессэж илгээж суухыг нь харах үнэндээ залхмаар. Энэ бол эмнэнэл. Түүний үг уриалгын шинжээс гарч чадахгүй байгаа нь үүний тод илрэл. Харин бид тэндээс бодлогын, шийдлийн чимээ хүлээж байгаа.
Үнэндээ түүний толгойлох Засгийн газар фракц хоорондын тэнцвэрийг хүчээр хадгалах гэж зурсан, эрээвэр хураавар кабинет юм. Эдийн засаг хэцүүдлээ гэдгийг бараг хүн болгон л хэлж, орилж байна. Эдийн засгийн уналт гэж юуг хэлдэг вэ. Энгийнээр бол дотоодын нийт бүтээгдэхүүн буурах, ажилгүйдэл нэмэгдэх, жижиглэнгийн худалдаа зогсонги байдалд орох, орлого, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд унахыг хэлнэ. Өнөөдөр манайд өдөрт ААНүүд нь хэд гурваараа дампууран, хаалгаа барьж байна.
Дансаа хаалгасан компанийн тоо 30 мянга хүрчихлээ. Араас нь 60 мянган ААН дампуурлаа зарлахын өмнө тулж ирээд, Х тайлан өгч байна. Хүмүүс ажилгүй болж, орлогогүй иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэд нь ажлын байраа алдаж байна гэдэг улс орны эдийн засагт ирж буй хамгийн муу дохио.
Хөрөнгө оруулалтын орчноо зориуд гэмээр самардаг эрх баригчид Монголоос өөр хаана ч байхгүй. Хэдэн зуун хүн ажлын байраар хангаж, тэдний ар гэрийг бүхлээр нь үүрч дүүрч яваа компаниудыг улстөрчид нь гарч ирээд гүтгэдэг, нэр төрд нь халддаг, хоорондын зодоондоо ашигладаг, босгосон бүхнийг нь булаадаг улс орон Монголоос өөр хаана байна вэ. Хамгийн сүүлийн жишээ “Смарт Эко Транс” компанид тохиолдлоо. Засгийн газрын гишүүд нь гарч ирээд нүддэг, гүтгэдэг. Цар тахлын хүнд үед хил дээр дэлхийн жишгийн автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал нэг жилийн дотор, өндөржүүлсэн бэлэн байдлын журамд шилжин нойр хоолгүй зүтгэж бүтээн байгуулсан залуучуудынхаа ууцыг нь ингэж хугалдаг Төртэй улс оронд залуус нь яаж дахин итгэх юм бэ...
БҮТЭН НИЙТЛЭЛИЙГ https://tsahim.dnn.mn/login-ЭЭС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШААРАЙ.







Зочин · 1 цагийн өмнө
Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд дүүрэг аймаг бүрээс төлөөлөгч сонгож жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг байхаар