Яагаад зөвхөн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонин гэж?
2014/07/29
Хотын дарга асан Ц.Батбаярыг хэд хоногийн өмнө шүүж, 2.1 жилийн хорих ялаар шийтгэв. Мөрдөн байцаагч, прокурор нь түүнийг “...нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга, объектыг үнэгүйдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад Ц.Батбаяр нь “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээрх “Хар дун” ХХК-ийн өмчид шилжүүлсэн, улмаар Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлж нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн. Нийслэлийн 605 сая төгрөгийн үнэлгээ бүхий газрыг үнэгүйдүүлэх гэмт хэргийг гардан үйлдсэн” гэснийг шүүх “хүлээн зөвшөөрч” ийн яллав.
Мөн НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг “...НИТХ-ын дарга, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Улаанбаатар” сонины байр буюу Хэвлэх үйлдвэрийн байрыг хувьчилж, “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч Д.Чулуунбаатарын нэрээр Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээрх “Медиа холдинг” компанийн нэр дээр хувьчилж үнэгүйдүүлсэн...” гэж ялласнаа Өршөөлийн хуульд хамруулжээ.
Энэ хоёр эрхэм шүүх хурал дээр зарим тайлбарыг өгчээ. Т.Билэгт нь “...Нийслэл, ер нь Монгол Улсад явагдаж ирсэн өмч хувьчлалд хэзээ ч газрыг үнэлж, худалдаж байсан түүх байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Гэтэл төрийн өмч байх ёстой газрыг бусдад үнэлж худалдсан, хувьчилсан гэж намайг яллаж байгаа нь ямар учиртайг улсыг яллагчаас асуумаар байна. “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг хувьчилж авсан. Менежментийн баг ямар бүрэлдэхүүнтэй, яаж ажиллаж байсныг нотлох баримт хангалттай байгаа. Менежментийн багийн гишүүдийн мэдүүлэгт надтай холбоотой ямар ч материал, миний нэр ч байхгүй. Хувьчлалын багт менежментийн багийн гишүүдээс гадна тухайн сонины хамт олон, сэтгүүлчид байсан. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 77 дугаар тогтоолд худалдах, худалдан авах гэрээтэй бүхий л баримт бичигт Н.Энхтуяа гэсэн нэр байхгүй. Ийм байхад Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компанийн нэр дээр шилжүүлж хувьчлал хийсэн гэж яллах дүгнэлтэд бичсэн байна. Миний бие энэхүү хувьчлалд албан үүргийн дагуу оролцож, 75 дугаар тогтоолд гарын үсэг зурснаас хойш “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй..” гэж мэдүүлжээ.
Харин Ц.Батбаяр “...Нийслэлийн Засаг дарга бүх асуудлыг шийддэг хүн биш. Мэргэжлийн байгууллага, Өмчийн харилцааны газраар дамжиж байж аливаа асуудал шийдэгддэг. Нэгдүгээрт “Өргөө” зочид буудлын үйл ажилллагаа доголдсон байсан. Үндсэндээ сүүлийн хэдэн жил алдагдалтай ажилласан. Хоёрдугаарт, байгууллагыг удирдаж байгаа хүмүүсийн арга барил хуучинсаг болсон. Гуравдугаарт, үйлчилгээний цар хүрээ байхгүй, дөрөвдүгээрт, өрсөлдөх чадваргүй болсон. Тавдугаарт, Нийгмийн даатгал болон татварт их хэмжээний өр хуримтлагдсан байсан. Ийнхүү ашигт ажиллагаа байхгүй болж, дампуурахад бэлэн болсон байсан юм. Энэ нь нийслэлийн өмчийн хамтарсан компани болгох үндсэн шалтгаан болсон. Тэр үед хажууд нь байсан хувийн зочид буудал хэдэн сая төгрөгийн ашигтай ажиллаж байхад нэгдүгээр зэрэглэлийн байрлалтай, нийслэлийн өмчийн “Өргөө” зочид буудал алдагдалтай ажиллаж байсан нь үнэн. Хамтарсан компани байгуулснаар сөрөг тал гэж гараагүй. Харин ч эерэг тал олон болсон. Гадна барилгын өнгө үзэмж сайжирч, хотын төвд өнгө үзэмж нэмсэн. Мөн хяналтын ажиллагааг дээд зэргээр хийсний ачаар өнөөдөр Монгол Улсын топ дөрвөн одтой зочид буудлуудын нэг болсон. Менежмент нь сайжирсан юм. Хуучин алдагдалтай ажиллаж байсан бол 2011 оноос 138 сая төгрөгийн ашигтай ажилласан. Мөн тав тухтай орчныг бүрдүүлж, үйлчлүүлэгчдийн тоо болон ажлын байр нэмэгдсэн” гэж мэдүүлсэн байна.
Энэ бол 2014 оны долдугаар сарын 22-нд болсон явдал. Харин үүнээс хоёр жилийн өмнө буюу 2012 оны наймдугаар сарын 02-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд яг энэ асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаж байсан юм. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дээрхтэй яг адилхан утга, үгтэй хэргээр яллаж байв.
Яг үнэндээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг, сэтгүүлч До.Чулуунбаатарыг, араас нь Ц.Батбаяр, Т.Билэгт нарыг хамааруулан буруутгаад байгаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудал аль хэдийнэ нэг тийш болчихсон ажээ. Өөрөөр хэлбэл, нийслэлдээ, төрдөө буцаах процессыг аль хэдийнэ хийгээд буцаагаад авчихсан.
Өнгөрсөн 2013 оны наймдугаар сарын 16-нд НИТХ-аас “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сэргээх тухай тогтоол гаргасан байна. “Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны есдүгээр сарын 25-ны 749 дүгээр магадлалаар “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Дун өргөө” хамтарсан компани байгуулах тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 775 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тул “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргалаа. “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн, Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагааг нь сэргээх болон хөрөнгө хүлээлцүүлэх ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгах тухай тогтоолыг гаргалаа” гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байв. Ингэснээр “Өргөө” зочид буудал Ц.Батбаяр нарыг шүүхээр шийтгэхээс бараг жилийн өмнө нийслэлийн өмчид шилжиж байжээ.
“Улаанбаатар таймс” сонины хувьд бүр 2011 оны тавдугаар сард Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос “Улаанбаатар таймс” сониныг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ шийдвэрийг “Улаанбаатар таймс” сонины менежментийн баг эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байв. Шүүх мөн онд нь уг асуудлаар захиргааны хэрэг үүсгэж, удаа дараа авч хэлэлцэн, асуудлыг дахин тодруулснаар 2012 оны нэгдүгээр сарын 09-нд хуралджээ.
Ингэхдээ, “Улаанбаатар таймс” сониныг хувьчилсныг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна гэсэн шийдвэрийг гаргасан байна. Асуудлын гол нь болоод байсан“Улаанбаатар таймс” сонины байр өнөөдөр төрийн мэдэлд очоод удаж буй. Уг барилгыг нураан, газар дээр нь бүх яамны цогцолбор барих зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарган, Засгийн газар үүнийг гүйцэлдүүлэхээр ажллаж эхлээд байгаа.
Чухамдаа энэ хоёр хувьчлалаас болоод хохирсон төр, хувь хүн алга. Бас аваад, үрээд шамшигдуулчихсан хүн ч үгүй. Харин ч тухайн үедээ ашиг орлоготой ажиллаж байсан тухай олон баримт байх юм. “Өргөө” зочид буудал нь нийслэлийнхээ мэдэлд ажиллаж, “Улаанбаатар таймс” хэд хэдэн хүний гар дамжин, барилга нь газартайгаа төрд очоод байгаа.
Хамгийн гол нь “Өргөө” зочид буудлыг хэн ч авсан бай хамаагүй, хамтарсан менежментээр ажилласны дараа ашигтай ажиллаад ирсэн байгаа юм. Тэгэхээр Ц.Батбаяр энэ хувьчлалд хамаатай бол шийтгүүлэх биш шагнуулмаар. Шилдэг менежер... гээд л цол гуншин хүртэх ёстой юм биш үү.
Гэвч улстөржсөн шүүх ажиллагаа буюу цаасан дээр л дээрх асуудлыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай яаж ийгээд наалдуулсаар өнөөг хүрэв.
Хачирхалтай нэг юм бий. Ц.Батбаярын үед, Т.Билэгтийг дарга байхад нийслэлийн хичнээн өмчид иймэрхүү менежмент хийсэн бол? Хотын өмнөх удирдлагуудтай холбоотой янз бүрийн л маапаантай асуудал сонсогддог. Гэтэл Ц.Батбаярыг зөвхөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт нааж байсан асуудлаар буруутгасан нь тун хачин. “Яагаад зөвхөн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал гэж?...” гэсэн асуулт өөрийн эрхгүй ургаад байгаа юм.
Яг үнэндээ гайтай хөөтэй буруутан Ц.Батбаяр, Т.Билэгт нарыг шийтгээд байгаа юм биш, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт зориулсан, түүнд ял оноосон нь зөв байсан юм шүү гэсэн ойлголтыг ард түмэнд өгөх гэсэн шүүх хурал гэдэг жүжиг байсан бололтой. Яг л Д.Бямбасүрэн гуайн хэлдгээр үхрийн бөөр шиг хэдэн юм нийлүүлчихээд...
Зочин · 2014/07/30
adilhan luivarchinguudiig yugiin umuuruud baigaan bugdiig yliig uruuleech harinch baga yl avch baina