“Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хоёр сарын хугацаанд ажиллаж байгаа ч төрийн шийдвэр гаргах, хууль батлах, боловсруулах шатанд 10 гаруй жил ажиллахдаа хүсэж мөрөөдөж, бодож төлөвлөж байсан онцлох ажлын маань тэргүүн эгнээнд байсан шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Энэ бол 2020 оноос хойш миний ажилласан, өргөн хүрээний судалгаатай хуулийн төсөл юм.

 

Олон жил ажилласан нь илүү тэтгэвэр авдаг шударга тогтолцоог бүрдүүлнэ. Хөдөлмөрлөж бүтээж байгаа иргэдээ дэмжсэн түүхэн чөлөөлөлт хийнэ” хэмээн Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны индрээс мэдэгдэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

 

“Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо” буюу шударга хийгээд бодит шинэчлэл хэмээн тодотгож буй нэмэлт өөрчлөлтөөр тэтгэврийн хуучин тогтолцоог “тэтгэвэрт” гаргаж, тулгын гурван чулуу адил нэг, нэгнээ харилцан түшиж хэрэгжих, цоо шинэ хувилбарыг санал болголоо.

 

Тодруулбал,

 

-Баталгаат тэтгэвэр

-Тэтгэврийн даатгалын сан

-Хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурвалсан тогтолцоог нэвтрүүлснээр ахмадууд олон хувилбараар тэтгэврээ тогтоолгох, олон жил төлсөн нь илүү авдаг, шимтгэл төлөөгүй нэг хэсгийнхээ тэтгэврийг төлсөн хэсэг нь “даадаг” буруу тогтолцоог өөрчлөх юм.

 

Монгол Улс 1999 оноос хойш тэтгэврийн шинэчлэлийн тухай амаа цангатал ярьцгаалаа. Улстөрч болгоны попорсон, улсаа хорлосон, оноо хайсан шийдвэрийн хор гайгаар сангийн ачаалал 5.8 их наядад хүрч, 2050 онд дампуурлаа зарлах нь тодорхой болчихоод байжээ.

 

Хүн амын насжилт 7.2-оор уртассан сайн мэдээтэй зэрэгцэн төрөлт буурч, тэр хэрээр ч тэтгэврийн сан тэнцвэрээ алдчихсан гэв. 2025 онд 2 даатгуулагчид 1 тэтгэвэр авагч ногдож байсан 2050 онд энэ тоо 1:1 болж, алдагдал 7 дахин нэмэгдэх судалгааг танилцууллаа. 2024 онд Нийгмийн даатгалын багц хуулиар нэлээдгүй өөрчлөлт шинэчлэл хийсэн ч тэтгэврийн тогтолцооны зарим журам нь 1958 оныхоор буюу товчхондоо “тэтгэвэрт” гарчихаад байлаа. Тэгвэл энэхүү гурвалсан шинэчлэлээр бид ямар түүхэн шинэчлэл хийх вэ.

 

Тэтгэвэр яаж нэмэгдэх юм

 

Олон ахмадууд энэ асуултыг үе, үеийн Засгийн газраас асуудаг, өнөөдөр ч асууцгаалаа. Жил гаруйн хугацаанд тэтгэврийн доод хэмжээг 1.5 саяд хүргэх ёстой гэж Төрийн ордонг тойрч горооллоо, тэд. Насаараа багш, эмчээр ажилласан Дулмаа, Бат хоёр улсад 35 жил ажиллаад 1.5 төгрөгийн тэтгэвэр аваагүй атал төрийн байгууллагад 20 жил ажилласан Цэцгээ сүүлийн таван жилд өндөр шимтгэл төлөөд илүү тэтгэвэр авдаг өнөөгийн шударга бус тогтолцоо, муухайгаар хэлбэл санхүүгийн залиланг өөгшүүлэх нь буруу.

 

Тэтгэврийг ижил тэгш нэмэх тусмаа зөрүү улам ихэснэ. Өндөр авдаг нь нэмэгдэж, бага авдаг нь хусмын төдий амсаад өнгөрнө. Энэ бол хамгийн буруу, шударга бус тогтолцоо гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал уулзалт болгонд ярьж яваа.

 

Тэгвэл үүнийг хэрхэн өөрчлөх юм бэ. Ерөнхий сайдын өргөн барьсан хуулиар “Баталгаат тэтгэвэр” гэсэн цоо шинэ өөрчлөлт орж ирж байна. Швед, Канад, Австрали зэрэг улс орны загварыг ашиглан олон жил шимтгэл төлсөн бага тэтгэвэртэй даатгуулагч илүү өндөр хэмжээний баталгаат тэтгэвэр авах хувилбар орж ирлээ. Ингэснээр улсад 35 жил ажилласан Дулмаагийн тэтгэвэр хуулийн төсөл батлагдсаны дараа 300 мянгаар нэмэгдэх бол таван жил өндөр төлж, тэтгэвэрт гарсан Цэцгээ 100 мянгаар тэтгэврээ нэмүүлнэ. Зөрүү ойртож байгаа биз. Нэмэлт өөрчлөлт 504 мянган ахмадад үйлчлэх бөгөөд төсөвт 1.2 их наядын ачаалал ирнэ гэж тооцоолжээ. Давуу тал нь олон жил даатгал төлөх тусмаа өндөр тэтгэвэр авна гэдгээ ойлгосон даатгуулагч тэтгэвэрт эрт гарч бага тэтгэвэр авах уу, хоёр жил илүү ажиллаж, өндөр авах уу гэдэг сонголт хийх юм.

 

Хоёрдугаарх гол нэмэгдэл нь шударга, шинэ итгэлцүүрийн нэмэгдэл. Тэтгэвэр бидэнд төрөөс үнэгүй өгч байгаа халамжийн мөнгө биш. Энэ бол иргэн таны, миний ажил амьдрал, амжилтын түүх буюу төр, улсдаа хийж бүтээсэн он жил, төлсөн татварынхаа үр шимийг буцаан авч буй хэлбэр.

 

Гэтэл насаараа улсад Их эмчээр ажилласан эгч Жаргал нь 2013 оноос өмнө тэтгэвэрт гарч 1.4 саяас итгэлцүүр тооцуулан тэтгэвэр тогтоолгов. Төрсөн дүү сувилагч Бадам 2017 оноос хойш тэтгэвэрт гарсан учраас 2.4 саяас тооцуулж, Их эмч эгчээсээ илүү тэтгэвэр авч байна. Эрхэлсэн алба өөр, төлсөн татвар, үүрсэн ачаалал нь зөрүүтэй атлаа цалингийн зөрүүнээс үүдэж шударга бусаар тэтгэвэр тогтоолгосон Жаргал, Бадам хоёр шиг 141 мянган ахмадуудын магнай тэнийлээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийг 2.4 саяас тооцохоор оруулж ирэв. Ингэснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилж, 2.4 их наядын ачаалал төсөвт ирэх тооцоолол гарчээ. Эндээс харвал, 20-35 жил ажилласан гэдгээсээ үл хамааран 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй 10 ахмадын 6-гийнх нь тэтгэвэрт бодит өөрчлөлт орж, 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн 1.2 сая хүртэл төгрөгийн тэтгэвэр авах нь ээ. Нэмээд инфляцтай уялдуулан жил бүр автоматаар индексжүүлж нэмэх бодлого ч хэвээр хэрэгжинэ.  

 

Хагас хуримтлалын тогтолцоо, хувь тэтгэврийн санг хэрхэн хөгжүүлэх вэ

 

Гурван жилийн өмнөөс ярьж байсан хагас хуримтлалын тогтолцоо тэтгэвэрт гарчихсан ахмадуудад хамаарахгүй гэдгийг эхлээд ойлгоцгооё. Бидний шоглон бичиж буй 1979 оны “ахмадууд” хийгээд ид хийж бүтээж буй ч ирээдүйд Төрийн ордон тойрч гороолдог бус үр ачтайгаа аялж, амарч, зугаалах нийгмийн баталгаатай мянга, мянган “ахмад”-уудад энэхүү өөрчлөлт хамаарна. Тэтгэврийн даатгалын хагас хуримтлалын тогтолцоогоор даатгуулагч ба ажил олгогч тус бүрийн төлсөн шимтгэлийн 1 хувь, нийтдээ 2 хувийг бодит хуримтлалд шилжүүлэхээр 2024 онд хуульчилжээ.

 

2024-2026 онд 1.5 их наядыг хуримтлуулсан байх ёстой ч Ерөнхий сайдын хэлснээр 393.7 тэрбум төгрөг л хуримтлагджээ. Энэ мөнгөнөөс ямар хэмжээний тэтгэвэр олгох зохицуулалт ч байхгүй.

 

Тэгэхээр хуримтлал үүсгэх эсэхээ даатгуулагч өөрөө шийдэх буюу “Тэтгэврийн даатгалын сан”-г хуульчлах асуудал олон жилийн дараа УИХ-ын чуулганы босго давж байна. Даатгуулагч тэтгэврийн даатгалд 1 хувийг хуримтлуулах уу гэдгээ өөрөө шийднэ. Төрийн албанд ажиллаж буй 2.000.000 төгрөгийн үндсэн цалинтай 45 настай Дорж сар бүр цалингаасаа кофены мөнгө буюу 20 мянган төгрөгийг хуримтлалд хийвэл жилийн төгсгөлд 240 мянгатай болно. Засгийн газраас хуримтлуулсан дүнгийн 50 хувь дүйцэх хэмжээгээр буюу 120.000 төгрөгийн урамшуулал олгох аж. Нийт хуримтлал жилийн эцэст хүүтэйгээ 396.000 төгрөг болно. Дорж хуримтлуулж явсаар 25 жилийн дараа 50 сая төгрөг тоолж суух нь ээ. “Доод хэмжээг нэмээд өг” гэж жагсах бус үндсэн тэтгэврийн хажуугаар хагас хуримтлалаар бий болгосон 50 сая төгрөгөөрөө аялж, амарч явах боломжийг төр хуульчлан бий болгох гэж байна.

 

Дорж энэ хугацаанд өөрийн хуримтлалаа хянаж, удирдах шилэн тогтолцоог нэвтрүүлчихнэ. Тэтгэврийн даатгалын гуравдахь давхарга буюу хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо олон жилийн дараа УИХ-ын босго давж чадлаа. Сайн дурын, нэмэлт, бүрэн хуримтлалын тогтолцоо манайд харьцангуй шинэхэн ойлголт.

 

Голомт банкны “Тус” хадгаламж нь Монголд туршигдаж байгаа хувь тэтгэврийн тогтолцооны нэг хэлбэр гэж ойлгож болох юм билээ. Хувийн нэмэлт тэтгэвэр цэвэр сайн дурынх байна. Ажилтан, ажил олгогч хоёр нэмэлт даатгалд төлөх шимтгэлийн хэмжээгээ тохирно. Төлсөн шимтгэлд тодорхой хязгаартайгаар ХХОАТ, ААНОАТ-ын хөнгөлөлт үзүүлнэ. Хөрөнгө менежментийг Хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд удирдаж, өсгөж арвижуулах үүрэг хүлээх бөгөөд тэтгэврийн насанд хүрэхээс өмнө 30 хувийг захиран зарцуулж болохоор хуульчлах нь ээ.

 

Илүү хөдөлмөрлөж байгааг урамшуулах бодлого

 

Хөгжиж амжаагүй байхдаа хөгширч байгаа тэтгэврийн сангийн алдагдал, төсөвт ирэх ачааллыг хэрхэн бууруулах вэ гэдэг нь дараагийн гол асуулт байв. Тэгвэл илүү ажиллаж хөдөлмөрлө түүнийхээ хэмжээгээр өндөр урамшуулал ав гэдэг чөлөөлөх бодлогоо Ерөнхий сайд Н.Учрал шинэчилсэн хуульд мартсангүй. Ахмадуудыг ажиллах эрч хүчтэй болгох, залуу үеийг дэмжих бодлогын хүрээнд тэтгэврээ тогтоолгосон ахмадууд болон 18-22 насны оюутан залуусыг ажиллуулсан тохиолдолд НДШ төлөхгүй байх нэгэн чухал заалт хуульд багтжээ.

 

Тэгвэл олон даатгуулагчийг хамруулах тусмаа алдагдлыг арилгах “Чөлөөлөх” бодлогын хүрээнд,

 

-Ажил олгогчийн шимтгэл төлөх цалинд дээд хязгаар тогтоож, хязгаараас давсан цалинг шимтгэлээс чөлөөлөх бодлогыг 2027-2029 онд үе шаттай хэрэгжүүлэх

-Давхар ажил эрхэлбэл даатгуулагчийн хүсэлтэд үндэслэн 1-2 гэрээнд шимтгэл ногдуулах

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 0.1-0.9-ээр бууруулах

-Тав хүртэл жил болж байгаа гарааны бизнес, бичил, жижиг ААНБ-ын 3 хүртэлх ажилтанд ажил олгогчоос төлөх НДШ-ийг 3 жилийн хугацаанд хөнгөлөх

-Албан бус хөдөлмөр эрхлэгч НДШ төлөхөөр бүртгүүлсэн тохиолдолд эхний 24 сарын хугацаанд НДШ-ийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх

-Тэтгэврийн наснаас хойш тэтгэврээ тогтоолговол жилд 4 хувиар нэмж тооцох. 3 жилийн дараа тэтгэвэрт гарвал 12 хувиар нэмэгдэх

-25-аас дээш жил шимтгэл төлбөл жил тутамд цалингийн 1.5 хувиар бодож нэмэгдэл олгодог байсныг 2 хувь болгож нэмэгдүүлнэ. 35 жил ажилласан хүн цалингийнхаа 67.5 хувиар тэтгэврээ тогтоолгодог байсан бол 72.5 хувиар тогтоолгох зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

 

Бусдын халаасанд байнга гараа хийдэг, нийтийн гал тогоонд нэг ширхэг ч төмс хандивлаагүй атлаа нийтээрээ адилхан хэмжээтэй хуурга идэх ёстой гэж улайран зүтгэж буйтай адилхан зүйрлэж болох тэтгэврийн шударга бус тогтолцоог чөлөөлөх хууль ийнхүү гараанаас гарлаа. Хуулийн төслийг хаврын чуулганы төгсгөлд эсвэл намрын чуулганы эхэнд баталчихвал ирэх оны төсвийн төслийг өргөн барихдаа алдагдал, ашиг, олох зардлаа ч нэгбүрчлэн тусгана гэдгээ Ерөнхий сайд хэлж байна. 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс дийлэнх өөрчлөлтүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ ч дуулгалаа.

Гагцхүү олон жил тэтгэврээр шоудаж, ахмадуудаас оноо цуглуулж, санал авах арга хэрэгсэл болгож байсан УИХ-ын гишүүд түүхэн өөрчлөлтийг түргэн хугацаанд кнопдох уу, “тэтгэвэрт” гарсан сангаараа шоудсаар дараагийн сонгууль угтах уу гэдэг нь дараагийн онцлох сэдэв байх нь ээ.