Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
30 минутын өмнө

Улсын Их хурлын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Ардчилсан намаас шаардсаны дагуу Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх төслөө өргөн барьсан байгаа. Танай нам чухам яагаад төсөвт тодотгол хийх шаардлагатай байна гэж үзсэн юм бэ?
-Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийхээр өргөн барьсан. Ер нь засаг төр одооноос л ажилдаа орж байх шиг байна. Найр наадмын цаг нь ч дуусч байх шиг байна. Угаасаа учиргүй найр наадам хийгээд байх бензин тос ч алга. Хөдөөд байдал маш хүнд байна. Сая орон нутгаар яваад ирлээ. Энэ зун ер нь орон нутагт голдуу байсан. Жилийн жилд, намар, өвлийн зааг дээр бензиний гачигдалд ордог. Үүнийг жил болгон л ярьдаг. Гэвч нөгөө “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг эрх баригчид асуудалд хандаж ирсэн. Өнгөрсөн 2023-2024 онд шилжих үед буюу арваннэгдүгээр сарын эхээр эрх баригчдад хандаж хэлж л байсан. Тэр жил чинь их зуд болсон шүү дээ.
Үүнийг анхааруулж малаа нядалгаанд оруул, бензин тосоо нэм, отор нүүдэл хийлгэ гээд зөндөө хэлсэн. Даанч үг авахгүй байсаар байгаад хэчнээн сая малаа зуданд алдлаа. Түүнээс болоод маш олон хүн хотоо харлуулж, сум, аймагт ажилгүй хүмүүс нэмэгдсэн. Ингээд улсын хэмжээнд ажилгүй хүний тоо асар их болсон. Хэрвээ сөрөг хүчний, бидний хэлсэн үгийг авсан бол одоо байдал шал өөр байх байсан. Жишээлбэл, би л гэхэд 2023 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Ерөнхий сайдад хандаж, зудтай байгаа газруудынхаа малыг нядалгаанд оруул. Түүнийг нь гадаад, дотоодын нэгдсэн худалдаанд гарга. Ингэвэл ард түмэн төрдөө итгээд зээлээр өгөхөд бэлэн байна гээд хэлж байсан. Хэрвээ тэгсэн бол тэр олон сая малыг зуданд алдахгүй байлаа. Малаа нядалчихсан хүмүүс зудыг санаа зовох юмгүй өнгөрөөгөөд, төрөөс мөнгөө авангуутаа буцаад малтай болчих боломжтой байсан юм.
Гэтэл “Тэмээн дээр ямаа, ямаан дээр янгианы гарз” болсон. Хөөрхий амьтад өвөлжин зүтгэсэн ч малаа алдсан. Нэмээд малаа авч үлдэхийн тулд тэтгэвэр, группийнхээ зээлийг авцгаасан. Тэгэхээр сөрөг хүчин зөв зүйлийг л хэлдэг. Гарц гаргалгаатай нь хэлж өгөөд байхад тоодоггүй. Даанч үг авахгүй юм.
Одоо болохоор бензин тос байхгүй. Дайн тулаантай байгаагаас боллоо л гээд байгаа. Гэтэл энэ дайн гараад таван жил, МАН засаглаад 10 гаруй жил болж байна. Яасан ч барьж дуусдаггүй нөөцийн сав юм.
-Одоо ер нь бариад дуусах гэж байна л гээд байгаа шүү дээ?
-Заавал үүнийг чинь төсвөөс мөнгө гаргаж барих шаардлага байхгүй. Хувийн хэвшлүүдийнхээ савыг л байнгын дүүрэн байлгахад л болно шүү дээ. Хаана дундарч, багасаад байна, түүнийг нь дүүргээд байхад л Монгол Улс хэдэн сар асуудалгүй амьдарна. Тэгээд хэлэхээр өөдөөс дандаа худлаа юм ярьдаг. Ийм л байна даа. Дээр асуусан төсвийн тодотголын хувьд гэвэл тодотгох хэд хэдэн хүчин зүйл байдаг. Яг тэр заалтууддаа үндсэндээ хүрээгүй. Ер нь 2026 оны мөнгийг 2025 оны жилийн эцэст урьдчилаад туучихсан. Тэгээд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явж байгаад нөхөх хормойгүй болсон. Үндсэндээ үнэнд гүйцэгдээд л тодотгол хийж байна. Үүнийг бид өмнө нь хэлж л байсан. Ер нь эрх баригчид төр барьж чадахгүй юм байна. Эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийж, хүмүүсээ ядуурлаас аварч чадахгүй юм байна. Өөрсдөө хийж чаддаггүй юм бол бусдын хэлснийг хийхэд л болох юм шүү дээ. Ямар ч байсан тодотголоо өргөн барьчихсан. Тодотгох л байлгүй.
-Таны хувьд тодотголын төсөлтэй танилцсан уу. Та бүхний хэлж ярьсан шиг байдлаар оруулж ирж чадсан байна уу?
-Төсвийн тодотголын төсөлтэй танилцаж байна. Даанч хэмнэж байгаа юм байхгүй юм билээ. Нийт 200 гаруй тэрбум төгрөг, нэмээд нийслэлийн 700 гаруй тэрбум төгрөг гээд нүүрэнд нь сайхан зүйл наачихсан. Тэгээд л цалингаа нэмээд нийгмийн уур амьсгалыг жаахан дарах гээд хандчихсан байна.
-Яамдын төсөв хооронд жаахан жаахан гүйлгээ хийсэн байна гэсэн шүүжлэлийг зарим гишүүн хэлж байсан. Үүн дээр юу хэлэх вэ?
-Тэр бол зохицуулалт шүү дээ. Тодотгохгүйгээр ингээд шийдчих эрх нь Засгийн газар, сайд нарт байгаа. Тэгэхээр сандраад, нийгмийн бухимдлыг дарах зорилгоор цалин, тэтгэврээ нэмнэ гээд Азийн хөгжлийн банк болон бусад бондоор мөнгө босгоод шийдчихэж байгаа юм. Ингэхээр чинь улсын өр л нэмэгдэнэ. Тийм болохоор би тодотголоос нэг их сайн зүйл олж харахгүй л байгаа. Гэхдээ эрх баригчид 67, эвсэлтэйгээ нийлээд 70, 80-уулаа болох юм чинь ингээд л явах байх гэж харж байна.
-Өнөөдөр/өчигдөр/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаад ирэх оны төсвийн төслийг өргөн барьж байна. Таныхаар ирэх оны төсөв дээр юуг голчлон анхаарах ёстой вэ?
-Бид ер нь зарчмын л асуудал яриад байгаа юм. Жишээлбэл, 2019 оноос хойш тавигдсан хөрөнгө оруулалтыг дуусгах хэрэгтэй. Яагаад гэхээр больж болохгүй болчихсон эдгээр хөрөнгө оруулалтыг дуусгах л шаардлагатай. Дууссан хойно нь хэрэглээд, болохгүйг нь хувийн хэвшилд зараад явах ёстой. Тэгэхгүй бол хувийн компаниудаа дарж уналаа. Одоо чуулган эхлэнгүүт төсөв мэдэхгүй мэргэн цэцэн гишүүд нь төсвийг тэгж нэмлээ, тэллээ гэх л байх. Гэвч асуудал нь 1-2 жилд хуваагаад л тавьчих юм бол хөрөнгө оруулалтын төсөв нэмэгдэхгүй. Харин олон жил явчихаар нэмэхгүй гээд яах юм. Өнгөрсөн 2019 онд авч байсан цалин, одоо авч байгаа хоёр чинь шал өөр. Тийм учраас хуучин эхэлсэн зүйлүүдээ бүгдийг нь дуусга. Шинээр эхлэхийг нь харин зарчимтай ярья. Гэхдээ богино хугацаанд дуусгах хэрэгтэй. Ер нь таван тэрбумаас доош хөрөнгө оруулалттай барилгыг нэг жилд, түүнээс дээш бол хоёр жилд л дуусгадаг байх ёстой. Тэгэхгүй бол хувийн хэвшлээ татаж унаад байна. Ковидын үед барилгын компаниудаа унагаад авсан. Одоо замын компаниудаа татаж унагах гэж байна. Яагаад гэхээр замын нийт ажлын 70-80 хувь нь газар шорооны ажил байдаг. Газар шорооны ажлыг түлш шатахуунаар хийдэг. Одоо түлш, шатахуунны үнэ нь хоёр дахин нэмэгдчихээд байхад анх төлөвлөсөн таван тэрбум төгрөгөөрөө хийгээд байж болохгүй биз дээ. Яг үүнээс болоод үндэсний компаниуд дампуурч байна. Хятадын ч юм уу, хүмүүсийн яриад байгаа гадны компаниуд болохоор хүүгүй эх үүсвэртэй, урт хугацааны зээлтэй, хангалттай нөөцтэй компаниуд ямар ч инфляцийг даваад гарчихна. Харин манай амь зуух гэж байгаа компаниуд болохоор банкнаас өндөр хүүтэй зээл авна. Авсан зээлийнхээ 20-30 хувийг хүүнд өгчихнө. Ингэхээр гадны компаниудтай өрсөлдөх чадваргүй болчихоод байгаа юм. Бодит байдал нь л ийм байна. Түүнээс муулж гоочлох гээд байгаадаа биш.
-Ардчилсан намаас Засгийн газарт хариуцлага тооцох хэлтэй, амтай нэг гарын үсэг цуглуулаад байгаа. Ер нь нийт гишүүдийн 3/1 гэсэн заалт байгаа бил үү. Танай намын 41 гишүүн гарын үсэг зурсан гэхээр үүндээ хүрэхгүй байгаа юм биш үү?
-Чуулган завсарлахын өмнө бүлгийн шийдвэр гарсан. Тийм болохоор хамгийн түрүүнд л гарын үсгээ зурсан. Түүнээс хойш манай бүлэг хуралдаагүй байна. Одоо чуулган эхлэхээр намын удирдлагууд үүнийгээ танилцуулах байх. Хавар огцруулна гээд ярьж байснаас хойш асуудал улам л хүндэрсэн үү гэхээс сайжраагүй. Хаврын битгий хэл өчигдрийн асуудал өнөөдөр өөр болоод байна. Тиймээс дахиж ярих байх. Ер нь зурагдсан гарын үсгүүд бэлэн байгаа. Нөхдүүдийн “ял” нэмэгдсэн үү гэхээс хөнгөрөөгүй.
-Танай нам “Өөрчилье-Бүтээе” гэсэн үндэсний хөдөлгөөн эхлүүлснээ зарласан. Та саяхан Сүхбаатар аймагтаа ажиллаад ирсэн байна лээ. Энэ хөдөлгөөнийхөө хүрээнд яваад ирэв үү?
-Тэглээ, хүн бүр л бухимдалтай байна. Тэгвэл одоо яах юм гэхээр өөрчлөх ёстой гэж байна. Харин яаж өөрчлөх вэ гэхээр бүтээе л гэж байгаа юм. Өөрчилж харж чадах, хүмүүсээ хямраахгүй байх л хэрэгтэй. Төсөв болон гадна, дотны хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийлээ гэхэд тэр нь ард иргэддээ өгөөжтэй байх тухай л асуудал яриад байгаа юм. Бүтээн байгуулалт хийсэн компанийн ажилчид нь цалингаа цагтаа аваад, ипотекийн зээлээ төлөөд, компани нь ашигтай байх л чухал. Түүнээс тендерт ороод дампуураад байх юм бол нэмэргүй. Тиймээс л бүтээе, тэр нь үр өгөөжтэй байя л гэж байгаа юм. Энэ жил тендерт орсон компани дараа жил нь томроод явах л юм бол Монгол хөгжинө шүү дээ. Гэтэл одоо чинь сошиал харахаар “Хаалгаа барилаа” л гээд байгаа биз дээ. Компаниуд, бизнес эрхлэгчид чинь хорогдоод байна. Уг нь хөгжье гэвэл нэмэгдэх, нэмэгдүүлэх ёстой. Ийм өөрчлөлтийг л хийх ёстой. Харамсалтай нь Монгол Улс чинь одоо хоёр өөр улс болчихоод байна.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Жишээлбэл, махны үнийн асуудал байна. Энэ чинь тухайн хотын даргын л асуудал болохоос улс орных биш. Махны үнийг хотын хэдэн хүмүүст тааруулна гээд хөдөөгийн ард иргэдийг ядууруулбал тэр ачааллыг хот даахгүй. Ядуурсан хүмүүс хотод ирнэ. Мөнгөгүй учраас гэр хороололд яндан нэмнэ. Ингээд утаа ихэсч, түгжрэл нэмэгдэнэ. Хэрвээ махны үнийн зохицуулалтыг зөв хйигээд, дээрээс нь аймагт хотууд бий болж, суманд хүн амьдрах таатай орчин бүрдэх юм бол хотод ачаалал үүсэхгүй. Ийм болговол Улаанбаатар хотод зам нэмж бариад байх шаардлага ч үүсэхгүй. Энэ түгжрэл чинь Монголын эдийн засаг 17 хувь хүрлээ гэж сагаж байх үеэс л бий болсон. Бүгд машинтай болчихоор түгжрэхгүй яах юм. Бүгд ядуурвал хотод л ачаалал нэмнэ. Тэгэхээр асуудлыг томоор нь харж чадахгүй байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
ӨДРИЙН СОНИН






