УИХ-ын гишүүн Г.Уянга твиттер болон фэйсбүүк хуудсаар олон нийтийн хамгийн их асуусан асуултад хариу өгчээ.

Түүнээс олон нийт “Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг барьчихлаа. Та үүнийг зөв гэж бодож байна уу? Таныг төрөөд 7 хоноогүй байхад баривчлуулахаар цагдаа явуулж байсан даа...?” хэмээн асуусан аж. Эрхэм гишүүн дээрх асуултад “Түүнийг хоригдсоны дараа ийм асуулт надад олон ирсэн. Нүүрстэй холбоотой хэргийн нь талаар мэдэхгүй юм. Шалгадаг газар нь шалгаж байгаа юм байна, учир нь олдох биз. Хэрэв хүмүүст тараасан нүүрсний мөнгөнөөс хувьдаа завшсан бол үнэхээр муухай хэрэг. Тэр нүүрсийг мэдээж амьдралын бололцоо тааруу хүмүүс л авч байгаа. Магадгүй, хоол авч идэхийн оронд хөлдөж үхэлгүй дулаан хоноё гэдэг сонголт хийж байгаа хүмүүс ч тэдний дунд олон бий. Хэрэв тийм хүмүүсийн мөнгөнөөс идэж байсан бол гутамшигтай. Төрийн нэр барьж ийм юм хийдэг хүмүүсийг илчилж чанд хатуу шийтгэх нь зөв.

 

Миний бие хэдэн жилийн өмнө Л.Гансүхийг Засгийн газрын бусад гишүүдийн хамт Монголд алдагдалтай Оюутолгойн гэрээг байгуулахад нөлөө бүхий оролцоотой байсны нь хувьд, говийн гүний усыг үнэ төлбөргүй ашиглуулахыг зөвшөөрснийхөө төлөө авлига авсан байж болзошгүй хэмээн сониндоо бичиж, АТГ-т шалгуулахыг шаардаж байсан. Энэ байр суурь одоо ч хэвээрээ. Оюутолгойн хэрэг хуучраагүйгээр барахгүй улам ч сэдрэх биз.
 

Нялх биетэй байхдаа цагдаад баригдаж байсандаа би түүнд өс санадаггүй. Өширхөнө гэдэг хүний хамгийн муу араншин гэж боддог. Тэр тусмаа эмэгтэй хүнд, ээж хүнд өс санадаг хар хорын сэтгэл байж болохгүй гэж үзэж хэнд ч ийм сэтгэл гаргадаггүй. Нийт монголчуудад, Монголд хохиролтой Оюутолгойн гэрээний төлөө түүнийг төдийгүй хэд хэдэн хүнийг шалгах ёстой гэдэг бол зарчмын байр суурь.

 

“Л.Гансүх Нирун студийн Р.Батсайханд маш их мөнгө өгч танай нөхөр та хоёрын тухай нэвтрүүлэг хийлгэж байсан, Таны зөв байсан, Та үнэхээр шударга байсан, тэр ёстой муухай хүн” гэх мэт чихээ бөглөмөөр үгс түүнийг хоригдсоны дараа маш их сонссон. Тэр үгийг надад тухайн үед хэлээгүй бол өнөөдөр миний хувьд ямар ч үнэ цэнэгүй. Хэнийг ч тэр, унахаар нь өшиглөж дэвсэхэд би маш дургүй. Хийсэн буруу үйл байгаа бол шүүдэг газар нь шүүгээд л гаргаад ирэг.

 

Дашрамд хэлэхэд би шүүхийн өмнө олонтаа очиж байлаа. Гэхдээ тэр шүүх эцсийн шүүх биш гэдгийг мэднэ. Хүн бүр хэний ч нөлөөнд ороогүй хамгийн шударга шүүхийн өмнө очино. Цаг хугацаа, түүхийн шүүх гэж бий. Ялангуяа эрх мэдэлтнүүдийг ийм шүүх заавал шүүдэг. Тэр цагт л үнэн зөв амьдарсан байх хэрэгтэй. Энэ бол миний итгэл үнэмшил” хэмээн хариулжээ.

Ч.Амундарь