-Хэрэв дээрх ажлууд эхнээсээ ажил хэрэг болбол намын буян, шагналын журмаар төрийн албанд шургалсан олон хүн ажлаасаа чөлөөлөгдөнө-

       Сум, аймаг, дүүргийн Засаг дарга нарын дэргэд хийх юмгүй гиюүрч суудаг орлогч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Засгийн газрын түвшинд хөндөж эхэлжээ.Хийж гийгүүлсэн ажил, шийдсэн асуудал ховор атлаа, хүнд суртлын шатыг нэгээр ахиулж, чамгүй өндөр зэрэглэлээр цалинждаг тэднийг цомхотгож магадгүй нь. Энэ мэдээлэл олон нийтэд ч таалагдаж байгаа юм. Иймдээ ч ард түмэн “Энэ асуудлыг хурдхан шийдээсэй. Хойш нь битгий тавиасай. Бидний амьдрал хэцүүдэж байна. Орлогч нарыг цалинжуулж байсан мөнгөөрөө ганц үйлдвэр ч болтугай бариасай” гэх зэргээр өөр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр… Үнэндээ бол нэг ам.доллар 1889 төгрөг давж, нэг килограмм мах 10 мянгад хүрсэн, намрын намарт үнэ нь газарт унадаг хүнсний ногооны ханш өмнөх жилүүдийнхээс өссөн гээд үнийн дарамтад сөгдөөд буй жирийн иргэдэд Засгийн газар төсвөө хэмнэж, огт шаардлагагүй албан тушаалыг танана гэдэг яах аргагүй таатай мэтээ. Иймээс ч асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа энэ мэдээлэл олны анхаарлыг татаж түүнийг дагаад төсвөөс хэмнэсэн энэ мөнгөөрөө ард түмэнд наалдах ганц ч болов зүйл хийгээсэй гэсэн хүлээлт үүсээд байна.

 

      Сүүлийн хэдэн жилд манай төрийн байгууллагын бүтэц хэт данхайсан. Төрийн бүтэц хэт дахайж, алба хаагчид нь савнаасаа халиад байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэд хүртэл шүүмжилж байгаа. Мөн энэ сэдвээр МАН-ынхан тун сонирхолтой тоо баримтыг дэлгэж “Өмнөх Засгийн газрын үед 11 яам, 15 сайд, 12 дэд сайдтай байлаа. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар 16 яам, 19 сайд, 17 дэд сайдтай болж томорсон. С.Батболдын Засгийн газрын үед 121600 байсан төрийн албан хаагчдын тоо өдгөө 167800 болж нэмэгдсэн. 26900 байсан төрийн өмчит аж ахуйн нэгжийн тоо 49600 болсон. 85 байсан газар хэлтсийн дарга нарын тоо өнөөдөр 201-т хүрсэн. Улаанбаатар хотын захирагч өмнө нь гурван орлогчтой байсан бол одоо ес болж нэмэгдсэн. Үүн дээр нэмээд нэг орлогчтой байсан дүүрэг аймгийн Засаг даргын орлогчийн тоог 2-4 болж данхайсан” гээд төрийн хүнд суртал хийгээд татвар төлөгчдийн мөнгө эрх мэдэлтнүүдийн гарын салаагаар хэрхэн урсч буй тухай баримтыг ил болгосоор байгаа юм.

 

       Ямартай ч энэ бүхэн нөлөөлөв үү, эсвэл өөр хүчин зүйл байв уу, Засгийн газрын тэргүүн сая л нэг юм хэт үрлэгэн байдалдаа анхаарал хандуулж, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан тусгай ажлын хэсгийнхэн төрийн албыг танах судалгаа тооцоог хийж суугаа гэх мэдээлэл дуулдаж эхэллээ.Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус ажлын хэсэг нийслэлийг хуучнаар нь буюу гурван орлогчтой байлгах, бүх дүүрэг, аймгийн Засаг даргыг нэг орлогчтой болгохоор төсөл төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд хэрэв яриснаараа шийдвэл төсвийн мөнгийг овоо хэмнэнэ гэдгийг хэлцгээж байна.Мөн аймгийн Засаг даргын орлогчийг чөлөөлөхөөр түүний туслах, жолооч гээд багагүй хүмүүс ажилгүй болох ч тэдний жилийн төсөв болох 30 гаруй сая төгрөгийг хэмнэнэ гэсэн тоон мэдээ ч байна. 21 аймаг, 334 сумын Засаг даргын орлогчийг, зарим нь бүр хоёроос гурван орлогчтой гээд тооцвол төсвийн мөнгийг яаж хэмнэж буй нь гараад л ирнэ.

 

      Түүнчлэн нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын орлогчийн жилийн төсөв 50 орчим сая төгрөг байдаг гэх бөгөөд тэднийг чөлөөлбөл, мөн тооны төсөв хэмнэнэ гэхээр энэ ажил олон нийтэд яаж таалагдах нь тодорхой байгаа юм. Мөн үүнээс гадна Засгийн газар давхардсан олон бүтцийг арилгах үүрэг өгсөн гэх бас нэг мэдээлэл байна.Хэрэв дээрх ажлууд эхнээсээ ажил хэрэг болбол намын буян, шагналын журмаар төрийн албанд шургалсан олон хүн ажлаасаа чөлөөлөгдөх цаашлаад тэр тоогоор төсвийн мөнгийг хэмнэхээс гадна сүүлийн үед нэр хүндээ алдаад буй Шинэчлэлийн Засгийн газрын баг олон нийтэд бага болов ч таалагдах магадлалтай. Нөгөө талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цомхон бүтэцтэй “ухаалаг” төрийг бүтээх ажлыг хэрэгжүүлж байна гэсэн үг гэж ойлгож болно.

 

      Гэхдээ энэ шийдвэрийг намрын чуулганаас өмнө гаргаж чадвал шүү дээ. Мөн энэ шийдвэр хэрэгжвэл орон нутгийн иргэд тун таатай хүлээж авна. Яагаад гэвэл Монгол Улс 334 сумтай. Зарим сумын Засаг дарга хоёроос гурван орлогчтой гэж тооцвол төсөв төдий чинээгээр хэмнэгдэнэ. Ингээд тоочоод байвал Засгийн газрын “Орлогч нарыг цомхотгох ажиллагаа” олон хүнд таалагдах нь дамжиггүй болоод байгаа.Түүнчлэн энэ асуудлыг тойрсон өөр нэг өнцөг гэвэл Н.Алтанхуяг багаа бүрдүүлж эхлэх үеэсээ төрийн бүтцийг хэт данхайлгаж, ямар ч хэрэггүй албан тушаалыг ганц хоёроор тогтохгүй нэмсэн гэх хүмүүсийн яриа. Тухайлбал, бүх сум, аймаг дүүрэгт дотоод бичиг хэргийн ажилтан гэх албан тушаалтан нэмэгдсэн гэнэ.Уг нь аймаг сумын Засаг даргын Тамгын газарт архив болон бичээч гэсэн албыг нэг хүн хийдэг юм байна. Гэтэл бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоог нэмж ажил үүргийн давхардал бий болгожээ.Мөн бүх аймаг, дүүрэг, сумын Засаг даргын Тамгын газарт “Иргэний танхим”-ын ажилтан гэх орон тоог нэмсэн аж. Үнэндээ энэ танхимыг зайлшгүй байх ёстой, иргэдийн дуу хоолойг төрд хүргэх гүүр гэж байгаа бол ийм ажлыг өөр хүнд давхар хариуцуулж болно. Үгүйдээ л 11-11-д төвд хандаж гомдол саналаа хэлж болно шүү дээ.

 

        Иймээс л иргэд энэ асуудалд туйлаас анхаарал хандуулж төрд хэрэггүй “зайран”-гууд буюу онцын шаардлагагүй албан тушаалтнуудаас төрийг цэвэрлэх нь зөв гэцгээж буй юм.