Манай улсад дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхлээд нэлээд олон хаврыг үдэж буй. Зарим нэг жолооч нар нь уг хуулийг "гууль" болгож ганц өдөр машингүй явчихаж чаддаггүй бололтой.

Замын цагдаагийн газраас дугаараа элдэв аргаар өөрчилж, арга мэх сүвэгчилсэн, автомашины дугаар сольдог зэрэг олон зөрчлүүдийг илэрүүлж олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс мэдээллэдэг. Тэгвэл мөнгөтэй хүнд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй гэж үзсэн үү, аль эсвэл замын цагдаагийн албан хаагчдыг нүдэн балай, чих нь дүлий гэж бодсон уу нэгэн хэрэг өчигдөр гарсан байна. Тодруулбал, их дэлгүүрийн хажуу талын автомашины зогсоол дээр ижил дугаартай  2 тээврийн хэрэгслийг зэрэгжүүлэн тавьжээ. 

Замын цагдаагийн газрын цахим хуудсанд "Дэлгүүр хэсэхдээ машинаа дугаараар нь ижилсүүлсэн ээж, охин хоёр цагдаагийн байгууллагын хараанд өртлөө. Их дэлгүүр хэсэж явсан ээж, охин хоёр ижилхэн өнгийн Lexus-470 унаж явахдаа дугаар нь ижил гэдгээ мартсан уу, эсвэл цагдаагийн байгууллагын хяналт шалгалтыг шалгасан уу зогсоол дээр зэрэгцүүлэн тавьж дэлгүүр хэсчээ. Манай улсад нэг тээврийн хэрэгсэл нэг л дугаартай гэдэг зарчим үйлчилдэг болохоор ээж, охин хоёрын аль нэг нь хуурамч дугаар зүүсэн нь ойлгомжтой. Цагдаа зогсоохоор гэрчилгээ үзүүлээд шалгуулчихдаг, ижил өнгийн болохоор тэр болгон анзаарагдаад байхгүй зөвхөн арлын дугаараар ялгагдах овжин заль зохиосон ээж, охин олон хавар нэгэндээ гэгчээр ичих ч үгүй зэрэгцэж зогсоод цагдаагийн нүдэнд өртсөн энэ....." гэсэн тайлбартай дараах гэрэл зургийг нийтэлсэн юм.

Энэхүү гэрэл зургийг тайлбарын хамт уншсан иргэд "Энэ хүмүүс Монгол улсын хуулийг доромжилж байна. Машиных нь дугаарыг олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй. Бүүр 2 дугаар зүүсэн байх юм" хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Олон хавар нэгэнтээ гэж давхар дугаар ашиглаж, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль зөрчсөн эл үйлдлээс олон жолооч сургамж авах биз ээ.

 

 

 

 

 

Х.Даваа