Б.Cаруул: Mиний ханийг ойрын танил нь барьцаалсан
2014/09/29
АПУ компанийн гэрээт борлуулагч Б.Алтанхуяг энэ сарын 15-ны өдөр сураггүй алга болсон ч одоо болтол олдоогүй эрэлийн ажил үргэлжилж байна. Түүний гэр бүлийнхэн өнөөдөр олон нийтэд хандсан юм. Энэ үеэр Б.Алтанхуягийн эхнэр Б.Саруулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Эрэлийн ажил ямар шатандаа явж байна. 300 гаруй цагдаагийн бүрэлдэхүүн хайж байгаа гэсэн?
-Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Одоогоор ахиц гарсан, хэл сураг дуулдсан зүйл алга. Бид нар танил ах дүүгээрээ нийлээд 30-иад хүний бүрэлдэхүүнтэй таван машинтай хайж байгаа. Хонхор орчмыг тав хоногийн хугацаанд самнаж дууссан. Одоо Гачуурт, Хужирбулан тийшээ хайж байна. Ер нь хотын зах орчмоор хайж байгаа.
-Хамгийн сүүлд таньд мессеж ирсэн гэсэн?
-Алга болохынхоо орой 16:00 цагийн үед надад одоохон очлоо гэсэн мессеж ирсэн. Гэхдээ тэр мессежийг манай хүн өөрөө бичээгүй гэж бодож байгаа.
-Тэгвэл хэн бичсэн байх уу. Хардаж байгаа хүн байгаа юу?
-Манай хүнийг барьцаалсан хүн бичсэн байх. Өөрөө мессеж нэг их бичээд байдаггүй. Ялангуяа одоо барьж байгаа утсан дээрээ мессеж бичиж чаддаггүй юм. Тэгэхээр хүн барьцаалж явсан нь тодорхой. Бас хамгийн сүүлд орсон дэлгүүрт хоёулаа явж байсан гэсэн. Таамаглаж хардаж байгаа хүн байхгүй ч танилуудыг нь шалгуулж байгаа.
-Машиндаа яг хэдэн төгрөгийг бараатай явсан бэ. Хувийн машин уу?
-Манай хүн айлын ганц хүү байгаа юм. Өөрөө гурван хүүтэй. Манай гэр бүлд маш хэцүү байна. Хувийн машинаа унаж явсан.Бид тэр машиныг худалдаж аваад удаагүй байсан. Урьд өдөр нь дэлгүүрээс орлого цуглуулсан гэхээр 4-5 сая төгрөгтэй явсан байх. Бас их хэмжээний архи, пиво ачиж явсан. Би тэр үед эмнэлэгт хэвтэх гээд ажлаасаа хол байсан учир нарийн сайн мэдэхгүй байна.
-Хагас сар гэдэг бол багагүй хугацаа. Олдоно гэсэн найдвар бол байгаа биздээ?
-Хагас сар байтугай тав хоног ч их хугацаа. Монголынхоо мэддэг чаддаг гэсэн бүх л бөө, мэргэч төлөгчөөр явж үзлээ. Бас Оросоос мэргэн хүн авчирч үзүүлсэн. Эдгээр хүмүүсийн ихэнх нь амьд сэрүүн олдоно гэж хэлсэн учраас найдвар байна. Дашрамд хэлэхэд одоо монголынхоо ард түмэнд л итгэж найдаж байна. Та бүхэн маань харвал сураг дуулгаарай. Ханийг маань барьцаалсан хүнд хандаж хэлэхэд амьд сэрүүн л гэр бүлд нь өгөх юм бол эд хөрөнгө юу авсан ч хамаагүй. Тэр үед цагдаад гомдол гаргахгүй. Ганцхан миний ханийг л амьд байлгаарай гэж гуйж байна.
zochin · 2014/10/02
megech boo nar hen gedeg n tanigdaj bgai maa saihan hudlaa yrinaa