Хайгаад хайгаад сонгочих хүн байхгүй болтлоо өнөөдөр бид лидерүүдийн хомсдолд оржээ. Аргаа ядахдаа ах намынхан арай л дээр байж магадгүй гэж найдан, далай даяан дархан аваргаа ерөнхийлөгчид дэвшүүлж байх вэ дээ.

Тийм болхоор МАН-д Б.Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн дээр байхгүй гэсэн үг. Ёстой байгаа ганцыгаа л дэвшүүлэх шиг боллоо. Мэдлэг боловсрол, үндэстний хүслийг илэрхийлэгч даац, улс төрийн туршлага гэсэн ерөнхийлөгч хүнд байх чанар, чадварууд өнөөдөр мартагдсан. Б.Батэрдэнэ бол сайн бөх гэвч маш тааруухан улс төрч.

 
Ерөөсөө монголын төрийн тэргүүн байсан хүмүүс монголын хамгийн шилдэг хөвгүүд байсан уу гэдэг эргэлзээтэй. П.Очирбат гэсэн зальжин нөхөр, гүнгэрваатай бурхан мэт ач холбогдолгүй байж байгаад түүх болсон. Н.Багабанди гэх манж зантай дотуур тамиртай нөхөр, байр суурь маш бөөрөнхий яах гээд байгаа нь мэдэгдээгүй дууссан. Н.Энхбаяр гэх шуналын тулам нөхөр, талбай тойрод хөрөнгө нь байгаа, одоо үхэж өгөхгүй гай болж Монголын хөгжлөөс хойш татсаар л. Ц.Элбэгдорж гэх дүр эсгэсэн "шударга тагтаа", хөшигний цаана бол муу санаат өшөө авагч, хор найруулагч.
Энэ хүмүүс улс орныхоо төлөө юу хийсэн бэ? Ямар ч байсан бүгд мулти тэрбумтнууд болцгоосон. Ард түмэн харин ядуурсан ихээр доройтсон.
Сүүлийнх нь ёстой "супер" ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албан тушаалыг бүрэн дүүрэн ашиглаж чадсан хүн гэж дүгнэж болно. Гэхдээ ард түмнийхээ төлөө биш харин өөрийн өчүүхэн хувийн эрх ашиг, намынхаа тусын төлөө.
 
Ерөнхийлөгч Шүүх, Цагдаа, АТГ, Тагнуул, Прокурор гэх мэт хүчний бүхий л байгууллагуудыг өөрийн гараар хөдөлгөж ирсэн. Цаашлаад монголын нийгмийн бүхий л салбаруудад гараа дүрсэн. Ерөөсөө монголын ерөнхийлөгч байна гэдэг маш их эрх мэдэл байдаг юм байна гэдгийг батлан харууллаа.

Одоо ерөнхийлөгчийн сонгуульд хаяанд ирж нэр дэвшигчид тодорч байна. АН-аас амташсан хэрээ дахин нахиж, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшлээ.

Лидер гэдэг олонд танигдсанаас илүү өргөн ойлголт. Лидер хүн ард түмнээрээ хүрээлүүлсэн байх бөгөөд ард түмэн удирдагчаа дагаад хаашаа ч явахад бэлэн байдаг. Миний хувьд Америкийн Ж.Ф.Кеннеди, Венесуэлийн Уго Чавэс, Сингапурийн Ли Куан Юу, Энэтхэгийн Махатма Ганди бол жинхэнэ удирдагчид.

Ард түмний лидер байхгүй байгаа нь Монголын хувьд хараал болоод байна.

"Сайн удирдагч амьдралын эцэст, улс орноо цэцэглүүлэн хийсэн ажлаараа баян байдаг, харин муу удирдагч цуглуулсан хөрөнгөөрөө…" Мачиавелли