Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхантай ярилцлаа.

-АТГ байгуулагдан ажиллаж эхэлснээр төрийн албан хаагчдын олсон орлого, хураасан хөрөнгийг бүртгэж авдаг, олон нийтэд мэдээлдэг боллоо. Урьд өмнө нь хийж байгаагүй энэ ажлыг улсын хэмжээнд бүхэл бүтэн тогтолцоо болгож чаджээ. Зөвхөн хөрөнгө, орлого гэлтгүй хувийн ашиг сонирхлыг нь ч хүртэл хянадаг болоод байна. Яг энэ чиглэлийн ажлын онцлогийг Та юу гэж үздэг вэ? 

-Монгол Улс 2000 он гараад авлигын эсрэг бодлогоо шинэчилж, оновчтой, шуурхай явуулж, хэрэгжүүлэхийн тулд авлигатай тэмцэх хүчирхэг байгууллагыг байгуулан хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Хүчирхэг гэдгийг зөвөөр ойлгоорой. Багагүй эрх хэмжээтэй энэ байгууллагаас авч хэрэгжүүлсэн олон ажлын нэг нь албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүргийг хуульд нийцүүлэн хэрэгжүүлдэг болгосон явдал юм. Энэ нь нийтийн болоод төрийн албан тушаалтны ил тод байх, цаашлаад олон нийтийн итгэл даах байдлыг өндөржүүлдэг, шударга байлгахад чиглэгддэг ач холбогдолтой.

Онцлог гэвэл, хувь хүний үндсэн эрхээр хамгаалагдсан хувийн мэдээллүүдийг өөрөөр нь бичүүлэн баталгаажуулж бүртгэдэг ажил. Хувийн амьдрал, гэр бүл, хүсэл сонирхлыг илэрхийлсэн, өмчлөл, эзэмшлийн нарийн ширийнийг тогтоож болохуйц, цаашлаад “ямар нэг тохиолдолд” өөрт нь ашигтай, эсвэл өөрийнх нь эсрэг баримт сэлт ч болж мэдэх энэ мэдүүлгийг үнэн зөв гаргуулж хэвшүүлсэн явдал юм. Энэ ажлыг төрийн албаны нэр төр, Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулан зохион байгуулбал үр дүн сайтай. Үүрэг албадлага ч биш, эсвэл өөрт нь хэрэг болно гэх ятгалга ч биш, аль нэг тал рүү туйлшралгүйгээр л зохион байгуулах ёстой юм билээ.

-Сонирхлын зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн алба хашихад хэцүү болж байна, байнгын дарамт шахалт, хяналт ихтэй болсон гэх талаар яриа нэлээд гарч байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Тийм ойлголт, яриа бий. Гэвч бид нийгмээ харах хэрэгтэй. Иргэдээ ялгаварладаггүй, тэгш шударга үйлчилдэг, авлигагүй нийгэмд бол дарамт гэж нэрлээд байгаа энэ төрлийн хяналт бага, магадгүй байхгүй ч байж болно. Гэхдээ үүнийг албан тушаалтнууд нэг зүйлтэй адилтган хүлээн авч ойлгох хэрэгтэй. Аль ч төрд иргэд, аж ахуйн нэгж нь татвар төлдөг, түүнийгээ зарим нь дарамт, зарим нь бахархал, баталгаа гэж ойлгодог ч бүгд л биелүүлэхээс өөр аргагүй байдаг шүү дээ. Үүнтэй л адил үүрэг талаас нь харж болох юм. Нөгөө талаас сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мэдүүлэг гаргах зайлшгүй шаардлагатай хүмүүсийн хамрах хүрээтэй холбоотойгоор АТГ тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байна.

-Би энэ талаар асууя гэж бодож байлаа. Одоогоор хэчнээн төрийн албан хаагч мэдүүлэг гаргаж байгаа вэ?

-Одоогийн байдлаар 50000 гаруй албан тушаалтан мэдүүлэг гаргаж байгаа. Үүнийг цөөлж 30000 орчим хүн гаргадаг байхаар болгоно. Өөрөөр хэлбэл, ямар албан тушаал дээр эрх мэдлээ худалдах, худалдагдаж болох эрсдэл өндөр байна, түүн дээр ажиллаж байгаа хүмүүсээс л мэдүүлэг авна.

-Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнууд хэт олон байдаг, зарим шаардлагагүй албан хаагчид хөрөнгө, орлогоо мэдүүлдэг талаар шүүмжлэл гардаг. Тэдгээрийг цэгцлэх, цөөлөх ажил хийгдээд эхэлсэн гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудыг хуулийн үйлчлэлээр нь авч үзэж байгаа. Манай газраас хийсэн олон төрлийн судалгаа, түүний дотор авлигад өртөх эрсдэл бүхий байгууллага, албан тушаалын судалгаанд үндэслээд мэдүүлэг гаргах хүмүүсийн тоог цөөлөх санаачилга явж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд уг асуудлыг шийдвэрлүүлэх талаар хандана. Шүүмжлэл, саналыг хүлээн авч ойрын хугацаанд шийдвэрлүүлснээр мэдүүлэг гаргагчдын тоо бараг 20 шахам мянгаар цөөрөх юм.

-Төрийн албанд томилогдож байгаа хүнээс урьдчилсан мэдүүлэг авч, АТГ түүнийг нь хянадаг. Энэ нь ямар учиртай вэ?

-Хувийн ашиг сонирхол талаасаа энэ томилгооны цаана хэн байна вэ гэдгийг ерөнхий байдлаар хянаж байгаа хэрэг л дээ. Төр, нийтийн алба хэнээр ямар эрх хэмжээтэйгээр алба хашуулах вэ, томилохдоо сонирхлын зөрчил яавал үүсгэхгүй байх вэ гэдгээ манай байгууллагатай хамтран шийдэж байна гэсэн үг. Олон улсын жишиг ч ийм хандлагатай байдаг. Урьдчилсан мэдүүлгийг өөрөөр нь гаргуулах өөр хэрэг, үүний цаана төрийн ашиг сонирхлоос өөр ямар нэг сонирхол шургалж болзошгүй нөхцөл байдлын эсрэг авч байгаа арга хэрэгсэл юм. Дээр нь хуулийн маш том онцлогоор энэ асуудал дамждаг. Хуульд олон нийтийн зүгээс юу гэж үзэж байна вэ гэдгийг анхаарч сонирхлын зөрчлийг тогтоож байхаар заагдсан. Өөрөөр хэлбэл, сонирхлын зөрчилтэй гэж олон нийт үзэж байвал тэр нь уг нөхцөл байдал үүссэн гэдгийг харуулж байдагт илүүтэй анхаарах ёстой юм. Иргэд олон нийт хардах эрхтэй гэж ярьдаг даа. Хардуулах шалтгаан гарган гарган, хардлага дунд албан тушаалд зүтгээд юм уу, зүтгүүлээд байх нь нийгмийн олонхид таалагддаггүй шүү дээ. Ийм тохиолдлыг л хууль санаачлагч, тогтоогчид тооцсон байх.

-Шинээр төрийн албанд томилогдох хүний урьдчилсан мэдүүлгийг АТГ хянаж байгаа нь төрийн албаны томилгоонд оролцож байгаа мэтээр шүүмжилдэг хандлага бий. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Төрийн албаны томилгоонд зохих хэмжээнд оролцдог хууль манайд мөрдөгдөж байна. Бид үүнийг хэрэгжүүлэхгүй бол нөгөө төрийн албаны сонгон шалгаруулалт шиг хэрэгждэг, хэрэгждэггүйгээрээ дуудуулна. Хуульд заасан, заагаагүй олон ашиг сонирхол бий. Нэгэн улс төрчийн тодорхойлсноор төрийн, дараа нь намын, тойрон хүрээлэгчдийн, өөрийн, за тэгээд бусад гэх мэтчилэн. Энд зөвхөн нийтийн эрх ашиг, сонирхол болоод томилох, томилуулах этгээдүүдийн хувийн сонирхлын асуудлууд л яригдана. АТГ-аар хянуулаагүй бол хууль зөрчсөн гэдэг асуудал хэзээд байх болно. АТГ дуртайдаа ч юм уу, хамаг юм руу ороод байдаг асуудал биш юм. Энд тайлбар байхгүй.

-Төрийн албан хаагчид мэдүүлгээс гадна “мэдэгдэл”, “тайлбар” гэдэг зүйл гаргадаг болсон. Ер нь ийм мэдэгдэл, тайлбар гаргах нь тухайн төрийн албан хаагчийг ашиг сонирхлын зөрчилд орохоос хамгаалж чадах уу? 

-Аливаа албан тушаалтан нээлттэй, ил тод байж, ажлаа шударга явуулж байвал иргэдийн итгэл даах байдал сайжирна. Монгол Улс хүн ам цөөн тул бүгд л нэгнээ танина, мэднэ. Бараг бүгд л хоорондоо хамаатан садан, ураг төрөл, нэг нутаг усныхан болж таардаг гээд онцлог их байдаг. Сонирхлын зөрчлийн тухай хууль гарч ирснээр л  сонирхлын зөрчлийг ярьдаг болсон уу гэвэл хараахан үгүй. Бусад хуулиудад ч хамаатан садан, гэр бүлийн хүмүүс нэг дор ажиллахгүй байх, нэг асуудалд төрийг төлөөлөхгүй байх гэх мэт зохицуулалтууд байсаар ирсэн. Тухайлбал “би болоод бид өөрсдийн ашиг сонирхлын үүднээс биш төрийн ажлын ашиг сонирхлоор асуудалд хандаж байна” гэдгээ тайлбарлах, мэдэгдэх зохицуулалтууд шүүх засаглалын болоод худалдан авах ажиллагааны хууль тогтоомжид байдаг.

Сонирхлын зөрчлийн тухай хууль бол “Хэрэв та гарцаагүй нөхцөлд өөрийнхөө хамааралтай хувь хүн, хуулийн этгээдийн эрх ашигт нийцсэн, эсвэл харшилсан ч бай, ямар нэг шийдвэр гаргах бол мэдэгдэж бай” л гээд байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх хүсэл зориг байгаа бол жишээ нь, сумын Засаг дарга “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр манай найзын компани цэцэрлэг барих тендерт ялсныг батламжлахдаа хувийн ямар нэг ашиг сонирхлоор хандаагүй болно. Шийдвэр гаргах эсэх талаар шийдвэр өгнө үү” гээд дээд шат буюу ИТХ-даа хандахад л болно. Түүнээс өөр батламжлах эрхтэй хүн тэр суманд байхгүй л дээ. Сонирхлын зөрчлийн хуулийг хязгаарладаг, хориглодог гэхээсээ илүү зохицуулдаг хууль гэж ойлгох л чухал байна. Зүгээр л аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа ил байлга, айх хэрэггүй.

-Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн талаар иргэдийн хяналт ямар түвшинд байна вэ? Тэдний зүгээс зөрчилтэй үйлдлийг мэдээлэх механизм хангалттай хэмжээнд бүрэлдэж чадсан уу?

-Уг нь бидний хяналтаас иргэдийн хяналт руу илүү ойртож байвал энэ хууль маань зөв хэрэгжлээ гэж харах ёстой. Иргэдээс сүүлийн үед сонирхлын зөрчлийн талаар гомдол мэдээлэл ирүүлэх нь нэмэгдсэн. Гэхдээ “мэдээлэх механизм” гэх зүйл байж болохгүй байлгүй дээ. Хуучин нийгэмд бол байсан байх. Харин мэдээллээр шалгуулах эрхээ эдлэх бүрэн боломж бий.

-АТГ-ын хяналт шалгалтын онцлогийн талаар ярихгүй юу? Төрийн бусад хяналт шалгалтаас юугаараа ялгаатай вэ?

-АТГ гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэн шалгахаас гадна зөрчилтэй бас тэмцдэг, шалгадаг чиг үүрэгтэй. Гэмт хэргийн шинжгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хууль зөрчсөн байвал шалгаж хариуцлага ярина гэсэн үг. Төрийн бусад хяналт шалгалтаас онцгой ялгарах зүйлгүй гэж болно. Иргэд, байгууллагын өргөдөл, гомдлоор албан тушаалтан санаатай болон санамсаргүйгээр хийх ёстой ажлаа хийхгүй байх (нүдээ аних гэдэг дээ), эсвэл хийх ёсгүй үйлдлээ мэдэн будилснаар хэн нэгэнд давуу байдал олгох гэх мэт ил, бодит хохирол харагдахгүй ч хуульд нийцэхгүй үйлдлүүдийг шалгаж нотолно гэсэн үг.

АТГ-ын хяналт шалгалтын нэг төрөл нь сонирхлын зөрчлийн асуудал. Багахан онцлог энд байж болох юм. Сонирхлын зөрчлийг ганцхан АТГ-ын ажилтан тогтоохгүй тохиолдлууд байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” гэж заасан байна. “Олон нийт” гэдгийг хэсэг бүлэг хүн үү, сумын ихэнх иргэд үү, хамт олон уу, хэвлэл мэдээллийн хэрэгсэл үү? “Зөрчилтэй гэж ойлгохуйц” гэдгийг санал асуулгаар уу, эсвэл сонин сайтад их гарсан бол зөрчилтэй гэж ойлгосонд тооцох уу гэх мэт нарийн төвөгтэй зүйл байна аа. Үүн дээр л хуульчийн, АТГ-ын ажилтны ур чадвар харагдах учиртай.

 

-АТГ-т гомдол, мэдээлэл гаргахад юуг анхаарах ёстой вэ? 

-Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргахад ямар нэг саад учрах ёсгүй, гомдол мэдээлэл хүлээн авах төв ажиллаж байна. Иргэдээс ирж буй гомдол, мэдээллээс харахад “авлига” гэх цогц ойлголтыг авч өгөлцөх хээл хахуулийн гэмт хэрэгтэй адилтган ойлгох явдал элбэг байна. АТГ-аас иргэдийн өргөдөл, гомдолд онцгой анхаарч ирсэн, ямар нэг хэлбэрээр тусалж зөвлөөд, шалгаад хариуг хуулийн дагуу өгч ажиллаж байна.

 

  •