УИХ дахь АН, “Шударга ёс” эвслийн бүлэг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар баталгаажуулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн.

Нэг үгээр хэлбэл, тоглоомын дүрмийг З.Энхболд удирдаж буй учир тус нам, эвслийн бүлэг шахалтаар энэ асуудлыг “ногоон гэрэл”-ээр хурдлуулав. Харин УИХ дахь цөөнхийн бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх шийдвэрээ гараагүй байгаа нь дотроо “засагт орно, орохгүй” гэсэн тулаан өрнөсөн бололтой. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй гэдгээр УИХ дахь цөөнхийн бүлэг тодорхой байр суурийг илэрхийлсэнгүй өнжив.
   
Харин УИХ дахь АН-ын бүлэг шинэ Засгийн газрыг байгуулахад парламентад суудалтай намуудтай зөвшилцөхөөр болсон. Тиймээс ажлын хэсэг гарган ажиллаж, тэд эхний ээлжинд парламентад суудалтай намуудад “Засгийн газарт хамтран ажиллах уу” гэдэг саналыг хүргүүлээд байгаа юм. Ямар ч байсан ажлын хэсэг урьдчилсан байдлаар ИЗНН, “Шударга ёс” эвсэлд хамтран ажиллах санал өгсөн гэдэг. Тэгвэл АН-ын шинэ дарга З.Энхболд өчигдөр Засгийн газарт хамтран ажиллах зөвшилцлийн бичгийг албан ёсоор намууд руу илгээсэн бөгөөд ИЗНН, “Шударга ёс” эвсэл, МАН шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрахаар болсон гэх нь бий. Гэвч МАН эцсийн шийдвэрээ гаргаагүй нь засагт орох эсэх нь анхаарал татаж байна. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Дараагийн Засгийн газарт орохгүй, МАНАН үүсгэхгүй” гэдгийг хэдийнээс илэрхийлэх болсон. Тэд засагт орвол олон асуудлыг үүрэлцэнэ. Харин энэ удаа сөрөг хүчний байр сууриа орхиод МАНАН үүсгэвэл хамтраад асуудлаа шийдэх гарц олдох биз. Гэхдээ хямралыг давах засагт орох уу гэдгийг харах л үлдэж байгаа ч дараагийн Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах нь тулгамдсан асуудлыг нэг болоод байна. Ингээд зарим гишүүний байр суурийг хүргэе. 

Ж.Батзандан: -Дараагийн Засгийн газар дан дээлтэй хүмүүсээр бүрдсэн байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ер нь ч ийшээ явах ёстой. Давхар дээлтэй сайд нар маань ажлаа үр бүтээлтэй хийж чадахгүй байна гэсэн асуудал үүссэн. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралт байдал үүссэн. Эдийн засгийн хямралт байдлаас гарахын тулд шинээр бий болж байгаа Засгийн газарт амаргүй үүрэг даалгавар ногдож байгаа. Өмнөх Засгийн газрын нэгэн адил асар их мөнгөн дээр тансаглах боломжгүй, улсын төсөв нь 15-30 хувиар танагдсан. Эдийн засгийн маш амаргүй нөхцөлд үүсэх Засгийн газар. Энэ Засгийн газар Р.Амаржаргал гишүүний хэлдгээр авралын Засгийн газар болж гарч ирэх ёстой. Үндэстнийг эдийн засгийн хямралаас аврахын тулд бололцоотой шаардлагатай бүхнийг хийх ёстой. 

С.Эрдэнэ: -Сайд гэдэг өөрөө менежер. Тиймээс сайн менежерээр засгийг бүрдүүлэх ёстой. Харин сайдын өөрийнх нь бүрдүүлж байгаа яам, Тамгийн газар, баг бүрэлдэхүүн мэргэжлийнх байх чухал. Ламбаа гуай Эрүүл мэндийн сайд байхдаа муу ажиллаагүй, сайн менежер байсан. Тиймээс мэргэшсэн мэргэжлийн баг бүрдүүлж ажиллах л хамгийн чухал. Түүнээс биш хувь хүн бүгдийг мэддэг байх албаггүй. Хувь хүн өөрөө асуудлыг харж, дүгнэлт өгч чаддаг. Өөрийнхөө салбарын хөгжлийн чиг, алсын харааг тодорхойлдог байх ёстой. 

Ц.Даваасүрэн: “Бид нэг л зүйлийг хүсч байгаа. Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах ёстой. Хоног хугацаа алдахгүйгээр Ерөнхий сайдаа тодруулаад явах хэрэгтэй. Гэхдээ сөрөг хүчингүй парламент байгуулна гэж байгаа бол бид гурав хяналтаа тавиад явна. Тэр үүргийг бид гүйцэтгээд явахад цөөдөхгүй. Хяналтгүй парламент, хяналтгүй төр гэж байж болохгүй. Түүнээс биш хорлон сүйтгэгч гэдгээр болж байгаа юмыг болгохгүй байна гэхгүй. Аль болох тогтвортой байдлын хангаж ажиллана. 
 

С.НАРАН