МАН өнгөрсөн амралтын өдөр Бага хурлаа хийж, шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрана гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “хэрвээ МАН засагт орвол намаасаа гарна” гэж ярьж байсан юм.  Энэ талаар УИХ-ын гишүүн түүнээс зарим асуултад хариулт авлаа.  .

 

-Таныг МАН АН-тай нэгдсэн тохиолдолд намаасаа гарна гэсэн мэдээлэл цацагдаад байсан. МАН Засгийн газарт хамтрах шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр та одоо намаасаа гарах уу?

 

-Хаана тэгж байна. Би Н.Алтанхуягийг огцруулаад Х.Баттулгыг Ерөнхий сайд болговол энэ намаас гарна гэж л хэлсэн. Энэ бол Н.Алтанхуягийг огцруулах эсэхийг хэлэлцэж байх үеийн яриа л даа. Тэгээд сүүлд нь энийг гуйвуулаад Засгийн газар хамтарч байгуулах юм бол намаас гарна гэж хэлсэн болгоод яваад байгаа юм. Хэрэв үнэхээр Н.Алтанхуягийг огцруулаад оронд нь Х.Баттулгыг Ерөнхий сайд болгосон бол намаасаа гарах л байсан.

 

-Та хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаа юу?

 

-Би анхнаасаа л эсрэг байсан. Бага хурал дээр ч гэсэн эсэргүүцэж буйгаа хэлсэн. Нэгдүгээрт, сөрөг хүчингүй болно. 2012 онд эвсэл байгуулсан нам, бүлгүүд дөрвөн жилийнхээ хугацаанд ажлаа хийгээд хариуцлагаа хүлээх ёстой. Гуравдугаарт, энэ Засгийн газар хэр удаан тогтоо ч билээ гэдэг зүйл бодогдоод байгаа. Тэгээд ч АН-тай хамтарч ажиллахад амаргүй шүү дээ. Дандаа хуурдаг, хариуцлагаа бусад руу чихдэг. Харин хэний толгойлсон Засгийн газарт хамтарч ажиллах вэ гэсэн өөр өнцгөөс харах юм бол жишээ нь миний хувьд яриа байсан. Р.Амаржаргал Ерөнхий сайд болсон бол хамтарч болох нэг хувилбар байсан. Яагаад гэхээр нам дотроо хоорондоо дайсагнаад байдаг бүлэглүүдэд нэг их яваад байдаггүй. МАН-тай хамтраад засаг төрийн үйл ажиллагааг гайгүй аваад явчих байх гэж бодож байсан үе бий. Гэтэл өөр хүн Ерөнхий сайд болсон гэх мэт шалтгаанаар би эсрэг байр суурьтай байсан. Би үүнийгээ Бага хурал дээр илэрхийлсэн. Бага хурал дээр олонхиороо шийдвэр гаргасан учраас миний ярьж байсан зүйл төгсгөл болсон гэж ойлгож байна.

 

-Хэрэв таныг хамтарсан Засгийн газарт Хууль зүйн сайд бол гэсэн санал тавибал яах вэ?

 

-Болохгүй ээ.

 

-Та шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц орон тоон дээр ямар байр суурьтай байгаа вэ? 

 

- Гишүүний хувьд бол сая Н.Алтанхуягийн цөөрүүлсэн тоогоор цааш явах ёстой гэж бодож байна. Сайд болон яамдын тоог нэмж болохгүй. Угаасаа 2015 оны төсөв маш хүнд байгаа. Бүтэн хоёр жил данхайсан Засгийн газар байгууллаа. Орон тоог нь цөөл гэсэн шаардлага тавьчихаад өөрсдөө Засагт орохоороо яамдын тоог нэмээд эхэлбэл муухай биз дээ. Наад зах нь ёс суртахууны асуудал байна ш дээ. Тийм учраас одоо байгаа төсөв, орон тоондоо багтаагаад л төсвөө ярих хэрэгтэй. Цаашдаа ч гэсэн орон нутгийн түвшин дэх хэрэггүй зардлуудыг танах хэрэгтэй. Жишээ нь, Улаанбаатар хот гэхэд дөрвөн орлогчтой. Сонгуулийн үеэр тусласан хүмүүсээ ажилтай болгохын тулд баахан зохиомол орон тоо гаргаж ирээд 140 мянга байсан төрийн албан хаагчийн тоог 180-аад мянгад хүргэчихсэн шүү дээ. Тэгэхээр одоо нэгэнт миний эсэргүүцэл өнгөрсөн юм чинь хэд хэдэн зарчмын шинжтэй зүйлүүдийг анхаарах хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт, орон тоо, төсөв нэмэхгүй байх. Хоёрдугаарт,  Ц.Элбэгдоржийн байнга яриад байгаа, сайд нарыг гаднаас томилох асуудал бол зайлшгүй чухал. Гуравдугаарт, болж өгвөл салбараа сайн мэддэг, салбараа аваад явах чадвартай сайд нартай болох асуудал. Өөрөөр хэлбэл, улс төрчдийг дагаад хөөрцөглөөд байдаггүй цэвэр мэргэжлийн хүмүүсээр засгаа бүрдүүлэх нь чухал байна.   

 

-Өрийн таазыг нэмэгдүүлэх эсэх асуудалд ямар тохиролцоонд хүрсэн бэ. Мөн Тавантолгойг хувьчлах эсэх талаар намууд янз бүрийн байр суурь илэрхийлээд байна л даа?

 

-Одоо байгаа өрийн хэмжээ 49 хувьтай тэнцэхээр болсон байна. Үүн дээрээ барих юм байна лээ. Оюутолгойн гэрээг урьд байгуулсан гэрээгээ дордуулахгүйгээр Монголд ашигтай байхаар хийнэ гэсэн заалт байсан. Тавантолгойн асуудалд мөн дээрх зарчмыг баримтална гэж байна лээ. Тавантолгойн талаар УИХ-аас гарсан тогтоолууд байдаг. Тэр тогтоолуудын хүрээнд ажлаа хийнэ гэсэн битүү үгтэй заалт орсон байсан. Гэхдээ яг цаашдаа амьдрал яаж өрнөхийг би мэдэхгүй байна.

 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийхэд дахин багасгах боломжтой гэж МАН-ын бүлэг үзэж байсан. Одоо засагт хамтрахаар боллоо. Тэгэхээр энэ байр сууриа бататгах уу?

 

-Мэдэхгүй байна. Эд нарын яриад байгаагаар цоохор засаг л болох гээд байна. “Ч.Сайханбилэг ганц хүүгээ гэрлүүлэхийн тулд дөрвөн айлаас бэр гуйлаа” гэсэнтэй адил юм боллоо. Уг нь нэгнээс нь л “бэр гуйсан” бол тэнд зөв зураглал үүсэх байсан. Юмыг яаж мэдэх вэ гээд МАН-ынхан Ч.Сайханбилэгийг томилох хуралд ороогүй. Харин би орчих гээд ятгаад байсан. Засгийн газрыг хөдөлгөөнд орох гэж байгааг би өнгөрсөн тавдугаар сард олж харсан. С.Баярцогт МАН-тай хамтарч засаг байгуулна гэж ярьж байсан. Энэ үеэс одоогийн засаг цухалзаж байсан үе. Үүний өмнө хэд хэдэн уулзалт болсныг ч би мэднэ.

 

-МАН ямар ямар яам авахаар болсон бэ?

 

-Тэрийг би мэдэхгүй. Би хамтарсан засгийн эсрэг байгаа хүн.

 

 -Сайдад нэр нь дэвших магадлалтай яригдаж байгаа хүмүүсийг та юу гэж үзэж байна вэ?

 

-Яамдын тоог хуваагаагүй. Хүмүүсийн нэрс нь тодроогүй учраас хэвлэлд захиалгат юмнууд гарч байна.

 

-Олон намууд хамтарч байгаа нь Засгийн газрын бүтэц, төсвийг данхайлгах хэмжээнд байна гэсэн болгоомжлол байна?

 

-Ямар ч тохиолдолд Н.Алтанхуягийн сүүлд батлуулсан бүтцээр ажиллах хэрэгтэй. Дахиад нэг, хоёр яамыг татан буулгасан ч яадаг юм.

 

-Парламент сөрөг хүчингүй боллоо. Хяналтыг хэрхэн тавих бол?

 

-Би л лав Засгийн газарт МАН орчихсон гэж амаа хаахгүй дээ. Ер нь анхнаасаа л 2012 онд ингэж хамтраад явсан бол зүгээр байсан юм. Бүтэн хоёр жил талцаж, бужигнаад хамаг зүйлээ хямраалаа. АН засаг барьж чадахгүй гэдгээ 100 хувь хүлээн зөвшөөрөөд хоёр гартаа цагаан туг, цагаан хадаг бариад МАН руу шогшлоо доо. 2012 онд ингэж шогших байсан юм. Улстөрийнх нь бааз суурь дэндүү хэврэг, унахаар байна, бөөр рүү чинь юм явна гэж би хэлээд л байсан.

 

-Бага хурлын гишүүдийн дийлэнх Засгийн газарт хамтрах шийдвэр гаргасан. Энэ нь МАН дахь фракц, тэр дундаа намын даргын хотын фракц дийлэнх нь болсонтой холбоотой гэж зарим хүн ярьж байна? 

 

-Наана чинь үнэний ортой үг байхыг үгүйсгэхгүй. Харж л байя. Тавдугаар сард ийм шийдвэр гаргах нь надад ойлгомжтой болсон юм.

 

 

Д.Анар