Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр хоёрхон хоногийн өмнө томилогдсон О.Чулуунбат МАХН-аас гарах болсноо цухуйлгаж эхлэв. Түүнийг Н.Энхбаярын намаас гарч АН-д орох тохироотойгоор Ерөнхий сайдын зөвлөх болсон гэх мэдээлэл ч байна. 

АН-ын хувьд Монголын шилдэг банкир, эдийн засагчийг багтаа авч намынхаа гишүүнчлэлийг хүчтэй улс төрчөөр нэмэгдүүлэх нь байж болох ашигтай хувилбар. Тиймээс Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалыг түүнд өгсөн байх талтай.  

Харин О.Чулуунбат Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаасаа буусан энэ үедээ Ерөнхий сайдын зөвлөх болохын тулд өөрийн харъяалагдаж буй намаасаа гарах тохироог хийсэн гэнэ. 

Тэрбээр өмнө нь МАН-аас гарч МАХН-д орж байсан удаатай. Ингэснээрээ тэрбээр  Д.Арвингийн дараах МАН-аас гарсан хоёр дахь хүн болсон юм.  Энэ удаа МАХН-аас гарч АН-д орвол түүний хоёр дахь улс төрийн шилжилт нь болно. 

Түүний намаасаа гарах болсон бас нэг том шалтгаан нь намын дарга Н.Энхбаяртай нь холбоотой гэнэ. Тэрбээр энэ талаар “МАХН-ын даргын санаа, оноо надад үнэхээр таалагдаагүй. Үнэнийг хэлэхэд М.Энхбаяр дарга бидний хооронд зөрчил үүссэн. АН-тай байгуулсан 10 жилийн гэрээнээс болоод. Тиймээс МАХН-аас гарч болно. Ер нь нам бол цэргийн анги биш. Шорон ч биш. Нэг дарга нь дуудаж авчраад хөөдөг эсвэл үзэл бодол нийлсэнгүй гээд зоддог газар биш. Хүн итгэл үнэмшлээрээ намд элсдэг, таалагдахгүй үзэл бодол нийлэхгүй бол холддог юм. Манай зарим дарга нар өнөөдрийг хуучин коммунизмын үе шигээ бодоод байх шиг байна. Тийм ч учраас бидний өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан. Яагаад миний байр суурийг миний өмнөөс 10 жилээр тодорхойлж байгаа юм. Манай дарга удахгүй нийгэмд уучлалт гуйх байх” гэжээ. 

Энэ нь түүний МАХН-аас гарах болсноо эртхэнээс дуулгаж байя гэсэн дохио гэлтэй. Цаашилбал дээрх үгээрээ тэрбээр Н.Энхбаяраас холдох болсон шалтгаан нь өөрөөс нь болсон гэдгийг тод томруун хэлээд авав. 

Харин АН-д орох гэж буйгаа “АН-д элсэхийг би өөрөө л шийднэ. Өөрийн итгэл үнэмшлээ дагана. Үүнийг хэн нэгэн намын дарга хүчээр хөтөлдөг юм биш” гэсэн үгээр илэрхийлэв.  

Ямартай ч Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаал түүнд улс төрийн том тохироотойгоор ирж байгаа бололтой. 

Т.Энхэлээ