МИАТ-ыг  олон   жилийн  өмнөөс  цөөн хэдэн хүн хувааж авах гээд  хоорондоо тэмцэлдсээр иржээ. Тэдгээр хүмүүсийн  нэг нь Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд  “Женко” Х.Баттулга зарим хэвлэлүүд онцолж байна.

Мөн саяхан  УИХ-ын гишүүнийхээ тангарагийг  ихээхэн хэл амтай өргөсөн  “Шунхлай”-н Г.Батхүү, Гадаад харилцааны  сайд Лу.Болдын ах дүүс, найз нөхдийн  оролцоотой  “Бодь” групп   томоохон   өрсөлдөгчид байсан гэнэ.  Хэд хоногийн өмнө  МИАТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Ц.Орхон, дэд захирал  асан  Ч.Хоролсүрэн  тэргүүтэй  долоо, найман хүн  “Дайны эрсдэлийн сан”-гаас  700 гаруй сая долларыг  Япон, Хонгконгийн  банканд байршуулан мөнгө угаасан хэргээр баривчлагдаж, одоо “Ганцхудаг”-т хоригдож байгаа.  Энэ хэрэгт мөн  өөр хоёр гурван хүнийг цагдаагийнхан эрэн сурвалж буй аж. МИАТ-ын одоогийн захирал Г.Жаргалсайхан ч  тэдний  өрөөсөн  дугуй болж, мөнгө угаалцаж байсан бололтой. Гэхдээ тэр нөгөө хэдийгээ бодвол арай жижиг гар боловч  хувьдаа багагүй  мөнгө тоншсон гэгдэж байна. Мань хүн төрийн өмчит энэ компанид өөрийн хүүхдүүдийг дүү нар, хүргэн хүүгийн хамтаар өндөр цалинтай ажилд томилсон байв. Тэр бүү хэл МИАТ компанийн Москва хотод суух төлөөлөгчөөр   мэргэжлийн  бус хүргэнээ  илгээжээ. Тэгвэл  “Женко”-гийнхон болон “Бодь”-ийнхон  МИАТ-д арай томоор хөдөлж байж.  Ан-24, АН-26, БОИНГ-727 онгоцуудыг яагаа ч үгүй байхад актанд гаргаад л зарах жишээтэй. Украин улсын мэргэжлийн инженерүүдээр зуучлуулан худалдсан БОИНГ-727  нь өнөөдөр Өмнөд Африкийн агаарын замд нисч л  байгаа. Шинэ онгоц худалдаад авчих тэнхэлгүй манай улсын хувьд энэ бол жинхэнэ гажиг үзэгдэл  төдийгүй “Женко” Х.Баттулгын  шахааны бизнес байсан гэж зарим эх сурвалжууд ярьж  байна. Гурван жил гаруйн өмнө болоод өнгөрсөн уг хэргийг харамсалтай нь хэн ч шалгаж шийдэхийг хүссэнгүй.  Ц.Орхоны хувьд   МИАТ-ын захирал байхдаа  худалдаж авсан хуучин БОИНГ онгоцны төлбөрт “Голомт” банкнаас 37 сая ам.доллар зээлдэхдээ   тухайн үеийн бодит ханшаас хамаагүй өндөр хүүтэйгээр  зээлдснийг   одоо  түүний  мөнгө угаасан  хэрэгт давхар хамааруулан  шалгах  нь  гарцаагүй боллоо.

Ганцхудагт  хоригдон шалгагдаж байгаа хүмүүсээс хамгийн их анхаарал татаж буй хүний нэг  бол Ч.Хоролсүрэн юм. Тэр урьд нь “Монголиан эйр транс” хэмээх ачаа тээврийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Дараа нь МИАТ-д очиход  “Женко”-гийн түншүүд нь  болон нутгийн ах, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар  дэмжлэг үзүүлжээ.  Түүнд  тийнхүү найр тавин үйлчлэх болсон нь цаанаа бас нарийн учир жанцантай байлаа. Ч.Хоролсүрэн  “Монголиан эйр транс”-ын захирал байхдаа МИАТ-тай гэрээ байгуулж,  ихээхэн ашиг олж, түүнийгээ “Женко”-той  хуваан хүртэж  байсан байна. Удалгүй  МИАТ-тай ихэрлэсэн  үүрэг бүхий агаарын тээврийн “Монголиан Эйрлайнс групп”-ыг үүсгэн  байгуулж,  үүнийхээ 49 хувийг “Бодь” группт, 30 хувийг нь М.Нямтайширын “МАК” группт, 21 хувийг нь тэр өөөрөө эзэмших болжээ. Гэхдээ Ч.Хоролсүрэнгийн эзэмшиж байгаа тэрхүү 21 хувь нь сүүлдээ  “Женко”  руу шилжсэн  бололтой. Өөрөөр хэлбэл  иймэрхүү  бохир  бизнесийн  сүлжээ нь   Лу.Болд, Х.Баттулга нарын МИАТ руу дайрах  гол арга зам болсон хэмээн өөр нэгэн эх сурвалж өгүүлнэ.

Г.Батхүү нь  Лу.Болд, Х.Баттулга хоёроос  арай өөрөөр МИАТ-аас хувь хишиг авч байсан бололтой. Тэр 2004-2006 онд Дэд бүтцийн сайдаар ажиллахдаа МИАТ-д шатахуун шахах эрхийг өөрийн ах дүүсийн “Шунхлай” компанидаа ямар нэг  сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон гэдэг. Ингээд тун  удалгүй “Шунхлай” нь онгоцны шатахууны  70 гаруй хувийг ханган нийлүүлдэг монополио  тогтоогоод авчээ.  Зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр нийлүүлдэг  шатахуунаараа Г.Батхүүгийнхэн  ийнхүү МИАТ-ыг жилээс жилд тамирдуулсаар байв.  Тэдний нөлөөгөөр  Италийн авиакомпанитай байгуулсан гэрээ нь  жилд гурван тэрбум орчим төгрөгийн алдагдалд оруулж  байжээ. Ийм их алдагдал үүрсэн МИАТ-ын өр ширийг хэн, хэзээ дарсан  эсэх нь одоо болтол оньсоно хэвээрээ ажээ.

МИАТ-ын  мөнгө угаасан хэргээр   шалгагдаж  эхэлсэн  Ц.Орхон, Ч.Хоролсүрэн зэрэг хүмүүсийн  зарим нь   Япон, Солонгосын   арлууд дээр гоёмсог хаус, эдлэн газартай  болсон байна. Төрийн өмчийн хорооны  даргаар ажиллаж байсан Д.Сугарыг энэ хэрэгт холбоотой хэмээн  шуугиж эхэлсэн  нь бас оргүй зүйл биш юм. Яагаад гэвэл Д.Сугар тухайн үед  тэднийг МИАТ-ын  гүйцэтгэх захирлаар томилж байв. Тэгэхдээ Өвөрхангай аймгийн харъяат нутаг ус нэгтэй нөхөд гэхээсээ илүү Х.Баттулга, Лу.Болд, Г.Батхүү нарын далдуур хийсэн хатгаасаар  л МИАТ-ыг  тийнхүү мөлжүүр  болгожээ.

“Дайны  эрсдэлийн сан” хэмээх дансны гуйвуулгаар гадаад руу гаргаж угаасан мөнгөний хэрэгт МИАТ-ын гүйцэтгэх захирлын ажлаа Ц.Орхоноос хүлээн авч байсан Б.Эрдэнэбилэг ч холбогдоод байгаа юм. Түүнийг  Канадад  амьдарч байгаад хэд хоногийн өмнө   Монголдоо  ирэхэд нь цагдаагийнхан  нисэх буудал дээр тосч аваад Ганц худаг руу  залав.  Б.Эрдэнэбилэг МИАТ-ын захирлаар ажиллаж байхдаа тэрхүү сангийн 700 сая доллараас аль зэрэг их мөнгө  тошсоныгг   мөрдөн байцаагчид   гэрчийн мэдүүлгүүдтэй тулгаж  шалгах нь гарцаагүй. Одоогийн тогтоогоод байгаагаар  бол  “Дайны эрсдэлийн сан”-гийн  дансан дахь мөнгөнөөс   10 орчим тэрбум төгрөгийн  алдагдал  үүссэн бөгөөд  шалгалтын эцсийн дүнгээр  үүнээс хэд дахин их мөнгө  ашигласан байж болзошгүй юм.

“МИАТ”-ын хэрэгт Сод Монгол” группын Анандбазарыг ч хардах үндэслэл бий. Тэр тэнд шатахууны монополь тогтоож байлаа. Дэлхийд нэг тонн онгоцны шатахуун 1050 ам.долларын үнэтэй бол Монголд 1500 ам.доллар байгаа. НӨАТ-ыг оруулан тооцвол 1650 ам.доллар юм. Энэ нь Монголд нийлүүлэгдэж буй онгоцны шатахууны үнэ бусад орныхоос даруй 40 орчим хувиар өндөр гэсэн үг. Удирдлагуудынх нь мэдэгдсэнээр МИАТ компани 2000-2010 оны хооронд зөвхөн Европын нислэгээс 73 тэрбумын алдагдал хүлээжээ. Мөн тус компани онгоцны шатахуунд 2010 онд 23 тэрбум, 2011 онд 41 тэрбум, 2012 онд 57 тэрбум ам.долларыг тус тус зарцуулсан байна.

Агаарын тээврийн салбарт хувийн компаниуд орж ирэх нь зөв л дөө. Эрсдэлээ өөрсдөө хүлээгээд хөрөнгө оруулалтаа хийгээд яваа нь зүйн хэрэг. Гэхдээ “Сод Монгол” шиг  төрийн өмчит компани руу ашиг хонжооны төлөө ингэж улайрах нь иргэдээ л хохироож байна. “Сод Монгол” нь агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх тусгай тоног төхөөрөмжгүй, өнөөдрийг хүртэл ИНЕГ-ынхыг түрээслэж иржээ.

Зам тээврийн сайд А.Гансүх мэдэгдэхдээ “Иргэний нисэхийн ерөнхий газрын шатахуун сумладаг хоёр машиныг “Сод Монгол”-оос буцаан авч МИАТ-д өгсөн. Ингэснээр шатахууны үнэ доод тал нь 50 ам.доллараар хямдарсан. Бид МИАТ-д үүсээд байгаа хээл хахууль, мөнгө угаасан хэргүүдийг цэгцэлж байна” гэлээ. Мөн тус яамнаас  “Сод Монгол”-той нэгдмэл сонирхолтой нэгэн компани Сөүлд МИАТ-ийн онгоцонд шатахуун сумладаг байсныг таслан зогсоожээ.

МИАТ-ын хэрэгт  зөвхөн дээрх 700 сая долларыг гадаадын банкуудад эргэлдүүлж угаасан асуудлаас гадна энэ мэт 20 гаруй компанийн эздийг шалгах асуудал яригдаж эхлээд байна.

Б.Отгонбаяр