Монголын Засгийн газар гадаадын компаниас хуулийн зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ил болгов. 

С.Ганбаатар гишүүний хэлж буйгаар “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бичиг бий” гэнэ. Бичигт АНУ-ын “Пэнтер лоу” фирмээс “Оюу толгой”-н тал дээр хуулийн зөвлөх үйлчилгээ авна гэжээ. Ингэхдээ 17 тэрбум 500 сая төгрөгийн төсөвт өртөг тавьсан байгаа юм байна. Үүнээс 455 саяыг нь 2014 онд гаргаад санхүүжүүлчихсэн болж таарав. Харин үлдсэн 17 тэрбум 45 сая төгрөгийг 2015 оны төсөвт суулгахаар оруулж иржээ. 

С.Ганбаатар гишүүний хэлж байгаагаар бол АНУ-ын “Пэнтер лоу” фирмтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа гэв. Харин хэн, хэзээ гэрээ байгуулсан нь тодорхой бус байгаа юм байна. Ийм учраас тэрбээр энэ асуудлыг УИХ-ын чуулган дээр гаргаж тавихаар болсноо бас мэдэгдэв. 

Ийнхүү ядуурсан төр нь дэндүү баян улс болж, ийм их хэмжээний мөнгийг зүгээр зөвлөгөө авахын тулд салхинд хийсгэх нь тодорхой болжээ.