Р.Анхням: Монгол эмэгтэй ийм байдаггүй гэж хэлүүлэх эрх надад байхгүй. Тиймээс хичээсэн
2015/02/05
Манай жүжигчид дэлхийд данстай болж байна. Саяхан жүжигчин Б.Амарсайхан Холливудэд хөл тавьж “Марко поло” кинонд Аригбөх хэмээх монгол баатрын дүрд тоглосон билээ. Тэгвэл энэ удаад жүжигчин Р.Анхням Хятадын зохиолч Jiang Rong-ийн зохиол Оскарын шагналт францын найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” кинонд тоглоод эх орондоо ирлээ.
Түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд Монголын тайз, дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбооны гишүүд угтан авсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Манай уншигчидтай этгэгдлээсээ хуваалцна уу?
-Маш их баярлалаа. Найзууд маань ингэж угтаж авна гэж үнэхээр бодсонгүй. Баярласандаа хэлэх үг олдохгүй байна. Уйлмаар санагдаж байна. Нулимс гарах гээд байгаа учраас нүдний шилээ авч чаддаггүй. Найзууддаа, уран бүтээлчиддээ бас үзэгч олондоо баярлалаа. Киноны нээлт гурван өдөр үргэлжилж их сайхан боллоо. Киноны маань нээлтэд Монгол Улсаас Хятад улсад суугаа Элчин сайд оролцсон. Мөн найруулагч Золбаяр, жүжигчин Б.Амарсайхан нар оролцсон. Үнэхээр сайхан байна.
“Чонон сїлд” киноны нээлтийн їеэр. Найруулагч Жан Чак Анно, жїжигчин Б.Амарсайханы хамт.
-Кинонд ямар дүр бүтээсэн бэ?
-“Чонон сүлд” киноны Галсмаагийн дүрд тоглосон.
-Олон улсын кино учраас тоглоход амаргүй байсан биз. Их хичээв үү?
-Маш их хичээсэн. Улсынхаа нэрийг гаргахаар төлөөлж явж байгаа учраас алдаа гаргах ёсгүй. Уран бүтээл болон бүхий л зүйлд өөрийгөө бэлдсэн. Бие авч явахаас өгсүүлээд өдөр бүр, цаг тутамд хичээх хэрэгтэй байсан. Ямар ч байсан ажлынхаа үр дүнг үзлээ. Сэтгэл өндөр байна. Маш сайхан уран бүтээл болсон.
-Хятад зохиолчийн бүтээлийг Франц найруулагч найруулсан. Тэгэхээр хэлний бэрхшээл хэр гарч байв.Найруулагчийн хувьд манай найруулагчдаас өөр байв уу?
-Хэлний бэрхшээл мэдээж гарсан. Бүрэн хэмжээгээр англиар ярьж чадахгүй ч өөрийнхөө хэмжээнд, найруулагч нартайгаа ойлголцох төвшинд ярьсан. Мөн уран бүтээлч нартайгаа хятадаар ярих шаардлагатай ямар ч байсан өөрийгөө ойлгуулж байсан. Тэр бүгдэд хичээж ажилласан. Техник технологиос эхлээд хамтран ажиллаж байгаа баг бүрэлдэхүүний хувьд ялгаа байсан.
-Бэрхшээлтэй зүйл юу байв?
-Бэрхшээлтэй зүйл гаралгүй яахав. Гэхдээ аль болох бэрхшээл гэж харалгүй давахыг л хичээсэн.
-Кинонд тоглож байх үед өөр кинонд тоглох санал ирсэн үү?
-Хятад кинонд тоглох урилга ирсэн. Мэдээж олон улсын том уран бүтээлд дахин тоглох хүсэл бий. Уран бүтээлч хүний хувьд төлөвлөсөн, бодсон зүйл байгаа.
-Монгол жүжигчид дэлхийн хэмжээний кинонд тоглоодэхэллээ. Харин монгол кино дэлхийн тавцанд хэзээ гарахбол. Таны бодлоор?
-Удахгүй гарах байх. Манай уран бүтээлчид дэлхийн хэмжээний ямар ч уран бүтээлчдээс дутахааргүй чадвартай. Манай Амараагаас эхлээд дэлхийн тавцанд гарч байна. Тэгэхээр Монголын кино урлаг мөн удахгүй дэлхийд гарна гэдэгт итгэлтэй байна.
-Хамтран тоглосон жүжигчдийнхээ талаар яриач. Хамтарчтоглоход ямар байсан бэ?
-Манай кинонд Хятадын алдарт жүжигчин Feng Shaofeng болон бидний сайн мэдэх Чингис хаан кинонд тоглосон Баасан ах гол дүр бүтээсэн. Мундаг жүжигчидтэй тоглох амаргүй ч бас сайхан байлаа.
-“Чонон сүлд” киног Оскарт нэр дэвшинэ гэх таамаг нэлээдбий?
-Энэ талаар тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна. Манай киноныхныг нэвтрүүлэгт орж байхад найруулагчаас маань мөн ингэж асууж байсан. Найруулагч “Хэлж мэдэхгүй байна” гэж хэлсэн. Түүнтэй нэг адил би бас хэлж мэдэхгүй байна.
-Кино зохиолоосоо хэр ялгаатай болсон бэ?
-“Чонон сүлд” зохиолыг бүтэн уншсан хүн киног үзэхэд өөр санагдаж магадгүй. Гэхдээ зохиол кино болоход уран сайхны үүднээс эхлээд бүх л зүйл өөрчлөгддөг.
-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ. Зураг авалтад хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллав?
-“Чонон сүлд” киног хийхэд долоон жил бэлдсэн. Чонын бэлтрэгийг тэжээх, чоно сургахаас эхлээд долоон жил бэлдсэн. Харин жүжигчдээ сонгон шалгаруулах, зураг авалт нь жил хагас үргэлжилсэн.
-Кино ямар хэл дээр гарах вэ?
-Бид кинонд тоглохдоо хятад хүмүүстэй хятадаар монгол хүмүүстэй монголоор ярьсан. Өвөрмонгол, франц, англи хэлээр орчуулагдаж байгаа. Ер нь бол гарах гарах орныхоо хэлээр орчуулагдаж байгаа.
-Монголд хэзээ нээлтээ хийх бол?
-Гуравдугаар сарын эхээр төлөвлөж байгаа. Азийн нээлт нь гуравдугаар сард гэж төлөвлөгдсөн.
-Гадны уран бүтээлд тоглох, монгол кинонд тоглох хоёрт ялгаа байв уу?
-Гадны уран бүтээлийн хувьд нэг уран бүтээлд ажиллаж байгаа уран бүтээлчдийн тоо их. “Чонон сүлд”-д 500 гаруй уран бүтээлч ажилласан. Тэр утгаараа бол ялгаатай. Кино урлаг гэдэг мөнгөнд баригддаг бизнес. Тиймээс санхүүгийн хувьд ялгаатай зүйл их бий. Харин уран бүтээлийн хувьд ялгаа байхгүй. Найруулагч, уран бүтээлчид яаж ажилладаг тэр л жишгийн дагуу ажилласан.
-Дараагийн төлөвлөгөө юу байна?
-Нэг хэсэгтээ эх орондоо байна. Зунаас төлөвлөсөн ажилдаа орно доо.
-Ингэхэд киноны хувцаслалт ямар байсан бэ. Монгол ахуйг харуулж чадсан болов уу?
-Хувцасны хувьд чадсан гэж хэлнэ. Харин монгол ахуйн хувьд өөр байж магадгүй. Франц найруулагч хийж байгаа учраас монгол ахуйг 100 хувь тусгаж чадсан гэж хэлж чадахгүй. Монголын тухай мэдэхгүй учраас ялгаатай зүйл гарах байх. Гэхдээ хамгийн гол нь Монголын тухай, нүүдэлчдийн соёл руу хандаж байгааг дэвшил гэж бодож байна. Монгол руу хандаж байгаа нь дэлхийн кино урлаг монгол руу хандана гэсэн үг. Бидний соёл, түүхийг сонирхоно. Тиймээс манай кино урлаг улам дэлгэрч, дэлхийн тавцанд гарахад ойрхон байна.
-“Чонон сүлд” кинонд тоглох хувийн бэлтгэлээ хэрхэн, яаж хангасан бэ?
-Хамгийн түрүүнд хэлний бэлтгэл хангасан. Дөрвөн сар хэлээ бэлдсэн. Үүний дараагаар зохиол, найруулагчтайгаа танилцсан. Ер нь кинондоо жил гаруй хугацаанд бэлдсэн шүү.
-Монгол бүсгүйн дүрийг хэр сайн гаргаж чадсан гэж бодож байна?
-Энэ дүгнэлтийг би өөрөө өгөх боломжгүй. Уран бүтээлийг маань үзсэн хүмүүс хэлэх байх.
-Дүрийн судалгаагаа яаж хийсэн бэ?
-Монгол эмэгтэй байх юмсан гэж хүссэн. Яагаад гэвэл Хятад, Өвөрмонгол, Монголын хэдэн сая жүжигчдээс сонгогдсон учраас алдаа хийх эрх надад байгаагүй. Монгол эмэгтэй ийм байдаггүй гэж хэлүүлэх эрх надад байхгүй. Тэр ч утгаараа маш их хичээсэн.
-Найруулагчаасаа зөрөх асуудал гарч байв уу. Монгол ахуй ийм байх ёстой гэдэг утгаараа?
-Гарсан, хэлсэн. Энэ асуудалд байнга маргаан гардаг байсан. “Найруулагчаа монголчууд ингэдэггүй. Ийм байдаг” гэх зэргээр тайлбарлаж байсан. Гэхдээ найруулагч маань өөрийнхөө бодсоноор хийсэн. Найруулагч маань “Бид ямар нэг үндэсний, ахуйн тухай хийгээгүй. Чонын тухай кино хийж байгаа. Хүн төрөлхтөний, хүний тухай кино хийж байна. Хүн бүхэн адилхан учраас энэ бүгдэд нарийвчлах боломжгүй. Монголчуудын ахуйн тухай, монгол хүний, монгол сэтгэхүйн тухай кино хийх бол энэ бүрийг нарийвчлах хэрэгтэй” гэдэг тайлбарыг өгч байсан. Олон зүйл дээр маргасан. Заримыг нь өөрийнхөө талд шийдэж чадсан. Заримыг нь найруулагч өөрийнхөөрөө хийсэн.
-“Чонон сүлд” номын тухай шүүмж, судалгаа нэлээд их байдаг. Харин таны хувьд юу гэж дүгнэх бол?
-“Чонон сүлд” зохиолын тухай шүүмжийг би мэднэ. Зарим нь монголчуудыг доромжилсон зохиол гэж ярьдаг. Гэхдээ энэ кинон дээр харин ч эсрэгээрээ монгол үндэстнийг дөвийлгөсөн. Тэнгэрийн үзэлтэй, тэнгэрийн хүмүүс гэх талаас нь илүү хийсэн уран бүтээл.