Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас зөвлөлөө. 

Тодруулбал 

  • Гацуур модныхоо гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг шалгаж унтрааж гарах, 
  • ААН, байгууллагууд шинэ жил зохион байгуулахдаа тайзны том дэлгэцийнхээ дэргэд гал унтраагуур байрлуулах,
  • Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх зэрэг зөвлөмжийг хүргэсэн юм. 

Шинэ жилийн баяраар галын аюулгүй байдалдаа анхаарах талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Бүтэн жилийн хугацаанд хадгалсан гацуур модоо гаргаж ирж засахдаа гэрлэн чимэглэлийг нь шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цахилгааны утас дундаа салж нийлсэн байж болзошгүйг шалгахгүйгээр шууд гэрлэн чимэглэлийг нь залгадаг асуудал бий. Үүнээс үүдэн гал алдах эрсдэлтэй. 

Өөрсдөө гэртээ байгаа тохиолдолд хяналттай байж, гэрээ эзгүй үлдээж буй тохиолдолд гацуур модныхоо гэрлэн чимэглэлийг салгахыг зөвлөе. 

Пиротехникийн хэрэгслийг Монгол Улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн байгууллагаас авч, зөвлөмжийн дагуу хэрэглэх ёстой. Гар дээрээс худалдаж буй пиротехникийн хэрэгслийг ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Мөн бенгалын гал харахад жижиг мэт боловч гал гарах нөхцөлийг үүсгэдэг. Бенгалын гал цацарч дууссаныхаа дараа 5-6 секунд цог нь унтрахгүй байж байдаг. Түүнийг нь мэдэлгүй шатах материал дээр тавьснаар гал гарах эрсдэлтэй" хэмээн хэллээ. 

Үргэлжлүүлэн "Сурагчдын улирлын амралт эхэлж байгаа. Энэ үед эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүйгээр бүү орхиоч ээ гэдгийг дахин дахин сануулъя.

Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь асран хамгаалагчгүй орхисноос үүдэн санамсаргүй байдлаар гал түймэр гарвал амь нас эрстэх аюул тулгарч болзошгүй. Иймд иргэд маань сонор сэрэмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Байгууллага, ААН-үүд шинэ жилээ томоохон ресторан, зоогийн газруудад хийж байна. Баяр ёслол зохион байгуулж буй ААН-үүд галын аюулгүй байдалдаа анхаарах нь чухал. 

Тухайлбал тайзан дээрх том дэлгэцүүд гоё харагдах боловч өндөр хүчдэл, цахилгаан маш их зарцуулдаг. Үүний ойр орчимд гал унтраагуур байрлуулах шаардлагатай" гэж зөвлөв.