“УИД” ХК ногдол ашиг тараахгүй байгаа нь “НОМИН”-гийн НО
2015/02/11
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд иргэдийн эдийн засгийн мэдлэг амьдралын хандлага, нийгмийн сэтгэлгээ эрс өөрчлөгдсөн. Нийгэм задрах үед нялх балчираас наян настай буурал хүртэл хүн бүрт улсад төвлөрсөн өмчийг хувьчлахад цэнхэр, ягаан тасалбар өгсөн билээ. Өөрөөр хэлбэл эгэл ардуудын хувийн өмчийг хураан авч улсад төвлөрүүлсэнээ эргүүлэн өгсөн.
Харин өмч хувьчлалаар авсан хөрөнгийнхөө үр шимийг хүртэж чадаагүй иргэн олон бий. Өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарынхаа учрыг ойлгоогүй, хувьцааны талаарх мэдлэг мэдээлэлгүйгээс хохирсон. Үүнээс гадна хувьцааныхаа учрыг ойлгосон иргэд ч өнөөг хүртэл хохирсоор явна. Тухайлбал, “УИД” ХК-д хувьцаагаа нийлүүлсэн 45500 иргэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийлүүлсэн хөрөнгийнхөө ашиг тусыг хүртээгүй байна.
Энэ нь Монгол Улсын хүн амын 1.5 хувь нь болно. Ингээд оруулсан хөрөнгийнхөө үр шимийг хүртэж чадахгүй байгаа иргэд эрх ашгаа хамгаалахын тулд “УИД ХК-ийн хувьцаа эзэмшигчдын эрхийг хамгаалах төв” хэмээх төрийн бус байгууллага байгуулжээ.
Энэ төвөөс Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаад байна. Тэд цаашид ч өмч хөрөнгө, эрхээ хамгаалахын төлөө тэмцэнэ хэмээн мэдэгдсэн.
“УИД” ХК-ийн нийт хувьцаа 36.8 сая гаруй ширхэг. Эл хувьцааны 24.348.856 сая ширхэг буюу 66 хувийг “Номин”-группийн эзэн гурван хүн эзэмшдэг. Үлдсэн 12.458.994 хувьцааг нь 45500 иргэн өмчилдөг. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах төвийн гишүүдийн мэдээллээр 66 хувийг эзэмшигчид саналын давуу байдлаа ашиглаж өөрсдийн “Номин реалтор” компанид УИД-ын барилгыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр түрээслэдэг аж. “УИД” ХК 25500 ам.метр талбайтай. Үүний 17 мянган ам.метр талбайд худалдаа эрхлэх боломжтой.
Гэвч хувьцаа эзэмшигчид өнөөдөр УИД-т лангуу эзэмшиж худалдаа арилжаа хийдэггүй. Зөвхөн ногдол ашгаа жил бүр аваад явах сонирхолтой байгаа юм. Жижиг хувьцаа эзэмшигчид 1995 оноос хойш гурван удаа л ногдол ашиг авчээ. Тэгэхдээ нэг хувьцаанд 2000 онд 30 мөнгө, 2007 онд гурван төгрөг, 2010 онд таван төгрөгийн ногдол ашиг хүртээж. “УИД” ХК өнөөг хүртэл ногдол ашиг тараахгүй байгааг алдагдалтай ажиллаж байна гэдгээр тайлбарладаг аж. Тухайбал, 2013 онд “УИД” ХК гурван тэрбум төгрөгийн орлого олж 3.8 тэрбум гаруй төгрөгийн зардалтай ажилласан гэнэ. Тэгэхээр “УИД” ХК тухайн жилд 800 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
17 мянган ам.метр талбайгаа түрээсэлсэн гэж тооцвол нэг ам.метр талбайн жилийн түрээс 176 мянган төгрөг болно. Үүнийг 12 сард хуваахаар “Номин реалтор” компани сард нэг ам.метр талбайг нь 14 мянган төгрөгөөр түрээсэлж буй юм. Энэ нь хувьцаа эзэмшигчдийг бухимдахад хүргэсэн юм. Тэдний хийсэн судалгаагаар ижил төстэй худалдааны төвүүд, дэлгүүрийн нэг ам.метр талбайн сарын түрээс дунджаар 100-150 мянган төгрөг байж. “УИД” ХК-ийн худалдаа эрхлэх боломжтой нэг ам метр талбайг сард 80 мянган төгрөгөөр түрээсэлбэл жилд 16 орчим тэрбум төгрөгийн орлого олох тооцоо гарч байна. Тэгэхээр УИД-ийг ашиггүй ажиллуулж байгааг нь хардахаас өөр аргагүй. “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах төв” ТББ-ын гишүүд “Дээрх тооцооноос илүү гарч буй 13 тэрбум төгрөг “Номин” группийн эздийн халаасанд ордог гэхэд хилсдэхгүй. Учир нь “Номин” гэдэг компани жилээс жилд яаж өргөжин тэлж байгаа нь тодорхой” хэмээн мэдэгдсэн. Тэд “Номин”-гийн эздийг олон тэрбумаар нь завшиж хувьцаа эзэмшигчдээ хулхидаж байгаа гэдэг үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж буй юм.
“УИД” ХК барилгаа үнэгүй шахам ашиглуулж байгаа ч “Номин” группт өнгөрсөн жилийн байдлаар 11 тэрбум 420 сая төгрөгийн өртэй гарчээ. Энэ нь “УИД” ХК жилд гурван тэрбум төгрөгийн ашиг олдог ч 3.8 тэрбум төгрөгийн зардал гаргаж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны алдагдал болох 800 гаруй сая төгрөгийг “Номин” групп төлж ирсэн хэмээн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр мэдэгддэг аж. Алдагдалтай ажиллаж байгаа гэх санхүүгийн зохиомол тайлангийн улмаас “УИД” ХК-ийн “Номин” группт төлөх өр жилээс жилд зузаарсаар байгааг хувьцаа эзэмшигчид эсэргүүцэж байгаа юм. Гэтэл уг өрийг хувьцаагаар солих санал яриа гарчээ. Тэгвэл өнөөдөр “УИД” ХК-ийн 66 хувийг эзэмшигч “Номин” группийн эздийн өмчлөл 90 хувь болох тооцоо гарсан байна. Иймд “УИД” ХК жилд дор хаяж 10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах нөхцөл боломж байсаар байтал хувьцаа эзэмшигчид хохирох ёсгүй. “Номин” группт түрээслэх шаардлага байхгүй гэж “УИД ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах төв”-өөс мэдэгдэж буй юм.
Өрсөлдөөний тухай хуульд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцэл байгуулахыг хориглосон заалт бий. Гэтэл “УИД” ХК-ийн удирдлагууд, “Номин” группийн эзэд хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж УИД-ийн барилгыг түрээслэхдээ уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа зохион байгуулдаггүй аж. Жил жилийн хувьцаа эзэмшигчдийн хуралд худал мэдээлэл өгдөг, хуурах, мэхлэх, залилах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироосон шийдвэрийг 66 хувийн саналын эрхээрээ гаргадаг гэж байна. Мөн Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд хүргэх шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулдаг, хуулбарлан авах боломжийг хаадаг, ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдээс нэг ч хүн оруулаагүй гэсэн гомдол Санхүүгийн зохицуулах хороонд тавьж буй юм. Ингээд Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигч бидэнд “УИД” ХК-ийн холбогдох материалуудтай танилцах нөхцөл бүрдүүлж өгөх, “УИД” ХК, “Номин” группийн санхүүд шалгалт хийж зохих ёсны арга хэмжээ авч өгнө үү хэмээн хүссэн байна.