Дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд шалгалтад бүдрэв
2015/02/24
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 11-13-ны хооронд дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийжээ.
Уг шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, тусгаарлах өрөөнд байх шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг эмийн санд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй хамт хадгалсан, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй зөрчил илэрсэн байна.
Мөн хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай, тусгаарлах өрөө нь урсгал буруу, ариун цэврийн өрөөгүй, агаарын сөрөг даралттай байхаар агааржуулалтыг төлөвлөөгүй, дотроо бие засах өрөө, гар угаалтуур байхгүй, дэглэмийн шаардлагаар 3 бүсэд хувааж зохион байгуулаагүй, хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шинжлэгдэхүүн цуглуулах ариутгасан шил сав бэлтгээгүй, ариутгал хийсэн талаар хяналтын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, ариутгасан эсэх нь тодорхойгүй зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.