Женко Х.Баттулга Н.Удвалд амжилт хүслээ
2013/06/04
Өнгөрсөн өвөл МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмгөөлж, улс төрийн хатуу тэмцлийг сонгон, өлсгөлөн зарлаж явсан А.Одончимэгийг Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг санаачлагч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Харин түүнийг талийгаач хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж, Баянхонгор аймгийн Шаргалжуут Рашаан сувиллын хажууханд саажилттай хүүхдийн рашаан сувилал ажиллуулж, олон ч хүүхэд, олон ч ээжүүдэд буян үйлдэж явсан төдийгүй оюутан байхдаа Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц сурлагатан байсан гэдгийг төдийлөн мэддэггүй. Угаас ухаан хурц, үг цэцэн, шулуун шударга зантай түүнээс зарим нэгэн дарга нар бэргэдэг гэхэд хилсдэхгүй. Ийм нэгэн эмэгтэйн эцэс цуцашгүй шударга ёсны төлөөх тэмцэл нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвал сайдын төлөө дуу хоолойгоо өргөхөд нөлөөлжээ. Монгол ээжүүдийн анхдугаар хуралдайн төлөөлөгч ээжүүд Н.Удвалыг дуу нэгтэйгээр дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ сонгуулийг шударга явуулахыг шаардаж, орон даяар “Сонгуулийн санал тоолох хар машиныг эсэргүүцэх хөдөлгөөн” өрнүүлж өчигдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийг зорьсон билээ. Тэрээр өнөөдөр нийслэлээс 485 километрт орших Өвөрхангай аймгийн Хархорин жуулчны баазад 98 ээжийн хамтаар хөдөлгөөнийхээ хурлаа амжилттай хийгээд буцаж явах замдаа Өвөрхангай аймагт байрладаг МТ шатахуун түгээх станц дээр Женко Х.Баттулга сайд тэргүүтэй Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны багийнхантай халз тааралдсан байна. Харин Женко Х.Баттулга “Сайн явж байна уу? Сайдын рейтинг ямар байна? Хувьсгалт намын гандан буурахгүй хүүхэн, эхчүүд ээжүүдийгээ бужигнуулж явна уу? Амжилт хүсье” хэмээсэн гэнэ. Тэгснээ тэдний дундаас жолооч нь “Н.Удвал сайд эмэгтэй хүн, эх хүн юм байна, сүү өргөчихье!” гээд тетрапак савалгаатай Милко сүү гарган араас нь өргөжээ.