СГЗ З.Дорж: “Ардчиллыг Чингис хаан тогтоочихсон байсан юм...”
2013/06/04
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян? Монгол баян!” хэмээн нэгэн үе Монголын радиогоор малчин монголын нэгэн хүү, малаа гэх сэтгэлт, эх орон газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч нэгний дуу хоолой өдөр бүр малчидтайгаа уулздаг байсан. Тэр үг одоо ч монгол хүн бүрийн зүрх сэтгэлд тодоос тод цуурайтаж байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ бол төрийн соёрхолт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одонт яруу найрагч, Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн академич Зундуйн Дорж юм. Монгол хүн эх орондоо эзэн нь болж чадахгүй байгаа өнөө үед харьд эзлэгдэх дөхсөн газар шорооныхоо талаар түүнтэй ярилцаж сэтгэлийнх нь гүнийг уудаллаа.
-Нэгэн үе та монгол улсынхаа газар нутаг болон малын хулгайтай тууштай тэмцэгч байсан. Намайг хүүхэд байхад л Монголын радиогоор “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” гээд л Монголын радиогоор таны нэвтрүүлэг явдаг байлаа? Таныг энэ тэмцэлд юу хүргэв?
Энийг ярихад нилээд өргөн хэмжээний асуудал. Гэхдээ би товч яръя. Очирбатын Дашбалбар бид хоёр тусгаар тогнолыг хамгаалах бүх ард түмний 281-ийн холбоо гэдгийг байгуулж, ээлжлэн удирдаж байсан юм. Тэгэхэд Хятадууд Цагаан хэрмэн дээрээ мөнгөн цаг Монгол руу харуулж тавиад цаг тоолоод Хятадын эрдэмтэд “Монгол улс бол Хятадын хязгаар нутаг мөн” гэсэн хэд хэдэн хэл дээр 50 мянган хувь ном хэвлүүлж байсан юм. О.Дашбалбар бид хоёр тэрийг сайн мэдээд, номыг олж уншаад, Ялалтын талбайд жагсаал хийж, олон улсын хэмжээнд няцаасан юм. Тэгээд Берлингийн агентлаг, Орбитод өгсөн. Орбит гэдэг нь одоо энэ төв телевизийн анхных нь байх. Германы Брунтбункт гээд олон улсын радио бий. Би тэнд сэтгүүлчийн ажил хийж байсан учраас олон улсын хэмжээнд нилээд хүчтэй хэлтэй хүмүүсээр орчуулуулаад тэрийг няцаачихаж байсан юм. Мөнгөн цаг харуулж тавина гэдэг бол Хятадын гэм биш зан. Нэг орныг жаахан нааш цааш болоход л цаг харуулж тавьж байгаад тоолчихдог юм. Тэр бол бүр амбасан үеийн Хятадын төрийн бодлого байгаа юм. Тэгээд тэнд бага ч гэсэн нөлөөлсөн болов уу гэж боддог. Одоо намайг хүн бүр л тусгаар тогтнолыг хамгаалах бүх ард түмний 281-ийн холбоог хөдөлгөөтөх гээд шаардаад байгаа л даа. 281 бол улс төржөөд байгаа төрийн бус байгууллагуудтай адилгүй, их хүчтэй байгаа . 281 гэдэг дээр тайлбарлахад хоёр гэдэг бол арга билэг хоёр гэсэн үг. Найм гэдэг нь найман тахил, нэг гэдэг нь Монголын тусгаар тогтнол ердөө ганцхан л юм гэсэн санаа. Үүнийг О.Дашбалбар бид хоёр бодож байж тэр нэрийг өгсөн юм.
-Ингэхэд сүүлийн үед та хаагуур юhу хийгээд яваад байна. Сүүлийн үед сэтгэл эмзэглүүлэм нэг асуудал бол Монголчууд бид газар нутгаа алдах дөхөөд байна. Гадны янз бүрийн компаний үйл ажиллагааны улмаас Монгол улсын маань байгаль бохирдож сүйрэхэд ойрхон болоод байх шиг?
Түрүүнд би хэллээ ш дээ. 281-ийн холбоог босгоотохооч гээд. Хөдөө гадаанаас хүмүүс өдөр шөнөгүй над руу утасдаж байгаа. Тэгэхээр би ер нь газар нутгийн байдал дээр нэг босгочихдог юм уу гэж бодоод байгаа. Босговол ч би зүгээр энүүхэн талбай энэ тэрд жагсаал цуглаан хийж орилж хашхираад улс төржөөд байхгүй л дээ. Тэрийг гүн гүнзгий олон улсын хэмжээнд авч тавина ш дээ. Би бол яахав малыг хулгайгаас хамгаална гэдэг нь, зөвхөн нэг хэдэн хулгайчтай хийх тооцоо биш, бэлчээрийг усыг хамгаалах хэрэгтэй гэж л явдаг хүн. Одоо бэлчээр алга боллоо. Ус алга боллоо. Мөрөн гол ширгэлээ. Онгийн гол гэдэг чинь Энхбат билүү, хэн билээ, нэг компаний захирал ширгээгээд, ямарч ял зэмгүй, нэг их баян тарган данхар хүн л явж байна. Тэгээд ерөөсөө ингээд Монголын газар нутгаар тоглоод дууслаа л даа.
-Энэ бүх зүйлд яг хэнийг буруутай гэж боддог вэ та?
Энд Санжийн Баяр нь ч юм уу, тэгээд одоо хэн нь байдаг юм, тэгээд эд нар чинь л буруутаад явчихна ш дээ. Одоо тэр лиценз олгоно гэдгийг хэн нь ч гэлээ, Баяр нь ч гэл үү, хэн гэлээ, сонин хэвлэлд бичээд л байх юм байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс нь одоо нэг хэрэг буруутдаг юм уу эсвэл муухан үг сонсохоороо гадагшаа гараад л явчихдаг. Тэгээд л хаа байгаа нь мэдэгддэггүй. Тэгээд л Монголыг элэг бариад, нэг ирчихээд нэг явчихаад л тоглож байна. Тэр нөхөр Их хурлын чуулганы индэр дээрээс “би Бат-үүлтэй компот булаацалдаж зодолдож байсан” гэж ярьдаг хүн. Үгүй ээ ийм улсууд төрийн орой дээр гаргаснаараа ард түмний л буруу. Тэгээд ийм новшнуудыг халах биш арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ чинь эх орноо худалдаж байна. Урваж шарваж байна.
-Таныхаар бол эдгээр хүмүүст ямар арга хэмжээ авбал болох уу?
Энэ чинь ерөөсөө өршөөл байхгүй. Тэр Авдай сайн хааны үеийн нэг үг байдаг. Авдай сайн хаан гэдэг чинь юу л даа “Дээр үед Монголчууд манайхан чинь юм дагахдаа сайн хүмүүс. Эцгийгээ 70 хүрэхээр л шаантаар гударч алдаг байсан гэдэг. Нэг хүүхэд тэрийг дагалгүй зуухан доор эцгийгээ авч үлдээд, тэр эцэг нь Монголыг балрах гэж байхад янз бүрийн арга зааж өгөөд тэр хүүхэд Монголыг аварчихсан байдаг юм. Авраад тэр хүүхдийг Монгол даяараа аавдаа сайн хүү гэсэн байгаа юм. Тэр нь сүүлдээ Авдай сайн хаан болоод явчихсан байдаг. Тэгээд Авдай сайн хаан “Газар нутаг бол улсын оршин тогтнох үндэс мөн” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ газар нутаг чинь уурхай гэдгээр далимдуулаад л байвал Монгол одоо ингээд газраа алдаад сүйрлээ. Харин энэ тал дээр Норовын Алтанхуяг харин ч дорвитой ажиллаж байгаа юм. Үнэхээр хүчтэй үзэж байна. Таван Толгойн асуудал чинь Н.Алтанхуягаас урьдын асуудал шүү. Тэгээд одоо болохоор зарим улс төрийн намууд нь “Н.Алтанхуягаас л болж энэ Тавалтолгой ийм болж байна” гэж бүр хар усан дээр өрөм байлгаж байгаа юм. Үнэхээр Н.Алтанхуягийн Засгийн газарт ийм юм байхгүй. Харинч үүний эсрэг зохион байгуулалттай жинтэй хөдөлж байгаа нь энэ Засгийн газар. Энэ дээр хэдэн хүнийг нэр дурьдая: Х.Баттулга, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Я.Санжмятав зэрэг шинэчлэл хийж байгаа ажил хэрэгч сайд нарыг дурьдах нь зүйтэй.
-Гол мөрөн ширгэж алга болсон гэснээс, та “Америкийн хүүхнүүдийн нүүрний баясгалан” номондоо Б.Бат-Эрдэнэ аварга, сумо Д.Батбаяр нарын хайрганы компаний талаар нэгэн баримт дурьдсан байсан. Энэ яг ямар учиртай юм бэ?
Тэр яахав “Болсон явдал” сонинд нэг тийм юм гарсан. Тэр сонин надад одоо ч хадгалаастай байгаа. Хайрганы компанийг Б.Бат-Эрдэнэ аварга сумогийн Д.Батбаяр хоёр ажиллуулаад Туул голыг бохирдуулж энд Алтанбулагийнхан 12, 14 хорооныхон эсэргүүцээд байна гээд. Тэгээд би тэрний дагуу тэр хавийн зарим хүнтэй уулзсан юм. Үнэхээр тийм юм шиг үг цухуйлгаж байсныг нь би тэр номонд бичсэн юм. Тэгэхдээ би тэрийг энд ч бичээгүй шүү. Америкийн нэгдсэн улсын Аризона муж улсад бичсэн шүлэг байгаа юм. Тэр чинь “Туулайн бөөр мод сэгсэлзэн сугсалзах сүртэй чиг, Туулын голын бургасаа туулах насандаа мартсангүй” гэсэн шүлэг. Тэнд Д.Нацагдорж Туул голын тухай их сайхан бичсэн, Явуухулан ч сайхан бичсэн, Дамдинсүрэн гуай ч сайхан бичсэн. Монголыг гурван голын Монгол гэдэг. Нэг гол нь Туул юм. Хоёрдугаарт манай уулсыг усны хагалбар гэдэг юм. Байгаль далайг хамгийн тунгалаг нуур гэдэг. Тэр яагаад тунгалаг байна гэхээр хамгийн тунгалаг Туул цутгаж байгаа учраас Байгаль тунгалаг байгаа юм. Энэ бүхнээс үзээд Б.Бат-Эрдэнэд жаахан хатуу шүлэг биччихсэн байж магадгүй. Тэр энэ сонгуультай ерөөсөө огт хамаагүй. Би Баруун Европд сууж байсны хувьд, нэг юм хэлэхэд “Сайн хааныг сайн загнаж өргөдөг, муу хааныг сайн магтаж унагадаг” гэдэг үг байдаг. Тэгэхээр би энд Б.Бат-Эрдэнийг унагах гэсэн асуудал биш сануулсан л хэрэг .
-Та түрүүнд ярьсан. Талбай дээр жагсаж босохгүйгээр хөдөлнө гэсэн. Тэгэхээр одоо 281 газар нутгийнхаа төлөө юу хийх гэж байна?
Тиймээ бослого гаргаад барахгүй л дээ. Тэр чинь их хортой. Адгийн наад зах нь бослого удирдсан хүн чинь алуулж л таараа. Яахав алуулж болно. Нэгэн цагт О.Дашбалбар бид хоёр алуулахаас айхгүй гэж ярьдаг байсан. Хань хамсаатан ойр дотны нөхөд чинь доромжилдог, гүтгэдэг. Үхсэн алуулсан хойно тавладаг. Таваа хангадаг. Тэмцэгч хүн тэрнээс л айдаг. Энийг би ч, Дашбалбар ч хэлсэн үг биш. Унгарын Шандар Пэтөфи хэлчихсэн үг. Шандар Пэтөфи 1840 хэдэн онд Туркийн дарангуйллаас Мажарыг хамгаалж босоод “Туркээс айхгүй байна, хажуу хавирганы бэртэгчингээс айж байна” гэж хэлсэн юм. Би 281-ийн холбоог босгочихвол босгочихно л доо. Тэгэхдээ зарим нэг улстөржөөд байгаа хүмүүс шиг Сүхбаатарын талбайг пэг дүүргээд байхгүй. Шал өөр. Дэлхий дахины хэмжээнд тавина. Манайх НҮБ-ын гишүүн дэлхийд нэртэй орон. Ардчилал шинэчлэлийн орон. Сая дэлхий дахины Ардчилсан орны дарга нар манайд ирээд сайхан хуралдаж байна. Монгол сайхан болж байгаа. Үүнийг хэн ч үгүйсгэж болохгүй. Хуучин ийм байгаагүй юм аа. Би бас дарангуйллын үед хуучин тогтолцоонд хавчигдаж гадуурхагдаж явсан хүн. Би ардчилалыг хэзээ ч үгүйсгэхгүй. Яагаад үгүйсгэдэггүй гэхээр энийг Чингис хаан тавьчихсан асуудал. Би энэ түүхийг хэлье. 1211 онд Чингис хаан Алтан улсын хуяг дуулгандаа баригдсан яст мэлхий шиг удаан хөдөлгөөнт хүчирхэг зэвсэгт армийг хөнгөн морин цэргээр бут ниргэж ялаад, нутагтаа ирүүт 50 насандаа 26 настай Бөртгөлжин хатныг хатан хаан болгон аваад их найр хийсэн байдаг юм. Тэр найрандаа 9 өрлөгтэйгөө Баядуудын овгийн 13 настай бүтэн өнчин Цочу гэдэг хүүг хэлэлцүүлээд, “өнчин хүү ч адилхан, өрлөг сайд ч адилхан шүү,хэн ухаантай билэгтэй, хэн үнэн хэлж байна? тэр л төрийн хүндэтгэлийг хүлээх ёстой” гэдэг тэгш эрхт дээр доорыг ялгалгүй ардчилсан чөлөөт төрийн бодлогыг анх дэлхий дахинд тунхагласан. Үүнийг өнөөдөр би энд ярьчихлаа. Үүнийг урьд нь хаа ч яриагүй. Анх удаа л хэлж байх шиг байна. Өнчин хүүгийн цэцэлсэн шашдирыг хүн болгон мэддэг ч энэ талаас нь боддоггүй юм. Ернь мэддэг юмаа санахгүй явах алийг тэр гэхэв. Манайд Ардчилал 1990 оны цагаан морин жил гарч ирсэн. Энд Ц.Элбэгдорж “Улаан од” сонины сэтгүүлч байхдаа Сүхбаатарын талбай дээр сээгий малгайтай, саарал захтай драпан пальтотой, дээр дооргүй хашхирч байгаад хийчихсэн л дээ. Тэр бас түүхэн гавьяа үгүйсгэж болохгүй. Яагаад гэхээр би жаахан гадуурхагдаж, зохиолчдод элдвээр хэлүүлж явсандаа түүнийг жаахан чөлөө тавьж өгсөнд баярлахгүй бол болохгүй ш дээ. Тэгэхээр энэ дээр их ухаантай, тусгаар тогтнолын төлөө үзэж тарах хэрэгтэй. Манайхан чинь ард түмнийхээ, ястан үндэстнийхээ дутагдлыг хэлж байх хэрэгтэй. Бид их аймхай. Гэр гэртээ ороод , эхнэр нөхөр хоёр хоорондоо яриад сууна уу гэхээс, гэрээсээ гараад хэлж чаддаггүй. Үнэнийг улаан нүүрэн дээр нь улалзтал хэлж байх хэрэгтэй.
-Өнөөдөр манай төрийн өндөрлөгүүдэд яг тйим хүн байна уу? Хэн байна?
О. Дашбалбар бол шууд хэлдэг байсан юм.
-Тэгвэл одоогийн засгийн газарт хэн байна?
Би түрүүнд Норовын Алтанхуягийг хэллээ. Яг үнэнийг хэлээд байгаа юм. Тэгэхдээ би Ардын намыг үгүйсгэхгүй. Их сайн, сайн хүнтэй ш дээ. Энэ Сүхбаатар жанжны нэртэй нам. Одоо тэнд чинь Г.Занданшатар, Д.Дэмбэрэл, Д.Сарангэрэл нар бол муу хүн биш, сайн сайхан хүмүүс байна. Тэдний хажуугаар дэндүү улаан хувьсгалч зантай үгүйсгэгчид олон байгаа учраас энэ нам унах нь олон болоод байгаа байх.
-Жишээ нь хэн байна?
Өчигдөр гэхэд л ерөнхий сайд хот хөдөөг орон сууцжуулах талаар их тодорхой сайхан ажил хэрэг болохоос аргагүй юм хэлсэн. Тэгэхэд харин Ардын намын Ж.Батсуурь “энэ бол яагаад ч бүтэхгүй” гэдэг талаас шууд үгүйсгээд л. Бүтэх юман дээр тэгэж эх орноо хорлоод байх хэрэггүй шүү дээ. Дэмжих хэрэгтэй. Тэгэхээр Ардын намд хэд хэдэн бэртэгчин хүн байгаа. Нэгдүгээр бэртэгчин нь Ж.Батсуурь. Тэр Улаанбадрах сум чинь тэрний сум ш дээ. Тэгэхэд тэнд одоо уранаас болоод өдий төдий мал үхээд, хүний толгой халзраад байхад дув дуугүй. Хурдан морь уралдуулж байгаад хүүхдийн амь насанд хүрээд л. Ийм юмнуудыг Ардын намд байлгаад байгаа учираас энэ нам унаад байгаа юм. Энийг зүгээр туугаад л хаячих хэрэгтэй ш дээ. Тэгээд тэр чинь сонгодог хүн гарч ирэхэд нь гүтгэж шоронд хийлгэж байгаад өөрөө гарчихсан хүн. Тэгээд ийм юмнуудаа цэвэрлэх хэрэгтэй.
-Дорноговь аймгийн тухайд оны өмнөхөн цөмийн энергийн төвөөс очсон ажлын хэсэг уранаас болж мал хордоогүй гэж дүгнээд ирсэн байсан. Харин дараа нь ерөнхий сайд Н.Алтанхуягийн томилсон ажлын хэсэг бас л уранаас хордоогүй гээд дүгнээд ирсэн? Гэтэл сүүлдээ малд биш хүнд нөлөөлөөд эхэлчихсэн гэж байгаа. Мэдээжийн юман дээр яагаад ийм хариу гаргаж ирээд байгаа юм бол? Энд улс төрийн нэг юм байна уу? Та үүнийг юу гэж бодож байна?
Манайх малтай тулдаа л хүн нь ард хоцорчихож байна. Малгүй оронд хүн нь эхлээд уранд хордоод явчихдаг. Тийм орон зөндөө байна. Манайд хэдэн малын элэг нь сагаж үхээд, төл нь гажиад айл болгонд нүүрлээд байна. Тэр малчин Норсүрэн уйлаад ярьж байна лээ. Энэ тал дээр Н.Алтанхуяг тэгсэн бол муу л байна. Би юм болгоныг мэдээд байж чадахгүй шүү дээ.
-Энэ хариуг нь яагаад тэгэж гаргаад байгаа юм бол? Таны бодол?
Тэрийг бол би хэлж мэдэхгүй байна. Тэр чинь шинжилгээ лабораторийн их нарийн, бүр тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй юм гаргаж ирнэ шүү дээ. Тэрнээс биш хэн нэгэн хальт хараад хэлчихдэг үг биш. Уранаас болж хорддог, устдаг сөнөдөг аюултай. Хэн гаргасан бэ гэдгийг л одоо гаргаж тавих хэрэгтэй. Ураныг ашиглахыг хэн зөвшөөрөв, уран байна гэдгийг яаж мэдэв, хэн нь дээрээс санаачилга гаргасан байна вэ гэдэг дээр л мордох хэрэгтэй. Шинжилгээ хийлээ энээ тэрээ гэж наагуур яриад байх хэрэг байхгүй. Бид гүнд нь оролгүй өнгөлж ярьдгаас болоод эх орон өнөөдөр хэцүүдээд байна ш дээ. Одоо жаахан гүн рүү нь орж ярих хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхлөө. Монгол улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байна?
Энэ тал дээр би ажиглаад л байгаа. Ерөнхийлөгчөө сонгоно гэдэг чинь зүгээр нэг уралдаан тэмцээн барилдаан биш. Улс орныг авч явах хүнээ л сонгох гээд байна ш дээ. Энэ удаагийн Монголын Ерөнхмйлөгчийн сонгуулийг ажиглаж суутал тээр жилийн Харимагийн Ерөнхийлөгчийн сонгууль санаанд ороод ирж байна. 1999 онд Монголын Радио Телевизийн улсын хорооны дарга Баянмөнхийн Билэгт намайг дуудаад “Америкаас нобелийн шагналт зохиолч Солжиныцэн Москвад ирсэн гэнэ чи тэр хүнтэй уулзангаа Пушкины ойд оролцоод ир” гээд томилолт өгсөн юм. Энэ тухай би саяхан гаргасан нэг номондоо Солжиныцон гэргий Наталъя Дмитриновнатайгаа авхуулсан зурагтай номыг Билэгт даргат Сайнжаргал хурандаагаар өгүүлсэн. Москвад буунгуут Горькийн дээд сургуульд сурч байсан хүү Цэнгэнжавтайгаа хот явах гэж байтал Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Шатарбал “ Та академич Лувсанвандангийн Рабачий Планаар хэл шинжлэлийг таван жил үзсэн хүн, Халимагт болох олон улсын хэл шинжлэлийн хуралд оролцоод ирнэ үү” гэсэн юм. Москвад Ленины номын санд Владимрцов зэрэг эрдэмтдийн ном судрыг уншиж бэлдээд Халимагт очсон. Тэгэхэд Москвад суугаа Элчин сайд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Цолмон байсан. Тэр хүний тухай би радио нэвтрүүлэг хийж, сонинд бичсэнийг одоо санаж байгаа байх. Элст хотод Үлэмжийн Хирсонтой танилцаж, Ерөнхийлөгч болсон тухай нь сонирхсон юм. 1993 онд Үлэмжийн Хирсоныг Халимагийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлж л дээ. Тэгэхэд нөгөө сөрөг талаас Зөвлөлт холбоот улсын соц хөдөлмөрийн баатар хошууч генерал А.Очир мөн Халимагийн фермерүүдийн холбооны олон улсын хэмжээний ерөнхийлөгч Бямбаа гэдэг хоёр хүн өрсөлдөөд, тэр хоёртой үл мэдэгдэх залуу үзээд явчих болж л дээ. Хэвлэл мэдээлэл нь ерөнхийлөгчийн сонгуульд Бямбаа Очир хоёрын хоорондын тэмцээн болно гэж бичиж байсан байгаа юм. Тэгээд Хирсоныг авч хэлцэхгүй байсан гэдэг. Халимагууд Пушкиныг шүтдэг ард түмэн. “Хал үзсэн зүрх, халуун чулуу долоосон гэдгээрээ энэ хоёр улирсан юмыг сонгоод яахав, энэ залууг сонгоё” гээд Хирсоныг гаргаад ирсэн байдаг юм. Очир генерал Хирсоныг “Известия Калмика” сонинд нэрээ татаж авахгүй бол буудаж ална гэж сүрдүүлж байсан гэдэг. Түүн шиг, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар аварга ерөнхийлөгч хоёрын хоорондох өрсөлдөөн болно гээд л бичээд байна. Болохыг хэн ч үгүйсгэхгүй. Хоёулаа хүчтэй, лидер, хоёулаа л юм хийсэн, өөлөх муулах аргагүй хүмүүс шүү дээ. Би Н.Удвалыг сурталчлах гээд байгаа юм биш. Энэ хоёр бие биеэ үгүйсгэж байх хооронд нь, өөрийнхөө давуу талыг ард түмэнд харуулж чадвал горьдлого байгаа. “Юун дээр дөрөөлөөсэй гээд байгаа юм бэ” гэвэл тухайлбал өнөөдөр хүүхдүүд эцэгтээ заазуурдуулаад л, үрчлэх нэрээр харьд худалдагдаад л хэцүү байна ш дээ. Хүүхдийн эмчийн хувьд энэ тал дээр арай өөр хандах байлгүй. Тэрийгээ л ард түмэндээ аятайхан гаргаж, ард түмэндээ таниулбал зүгээр байх. Бас Н.Удвалд нэг авууштай зүйл нь Англи, Тайланд зэрэг оронд эрдэм боловсрол базаасан боловч тэр талаараа гайхуулж ярихыг нь би л лав сонссонгүй. Тэгэхээр энэ хүн Монголын малыг харийн аргаар хариул гэж, Монголын тариаг харийн аргаар хариул гэж хэлэхгүй байж магадгүй. Бас нэг анхаарал татсан зүйл нь өвчин зовлон, үхэл хордлого бага биш гараад байгаа үед эмч хүний хувьд хэрэг болж магад. Энэ талаа ард түмэнд ойлгуулж чадвал боломж гарч магадгүй. Одоо ингээд ажиглаад байхад манайд, сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс өөрийгөө магтаад, дэвшүүлж байгаа хүмүүс нь тэр хүнээ магтаад олон түмний мэддэг сул талыг огт цухуйлгахгүй нууж дарах юм. Сайн муугаа ний нуугуй яриад, алдсан юмаа засан залруулна гэж илэн далангүй хэлээд өрсөлдөж болдоггүй л юм байхдаа. Энэ биеэ магтах өвчин Монголд тусчихсан. Бүр социализмийн үеэс эхлээд л даамжирсаар байна. Гурван нэр дэвшигч маань өөрсдийнхөө дутагдлыг л сайн хэлээсэй, тэр нь үлгэр жишээ болно. Хоёрдугаарт өөртөө дүгнэлт хий. Би “энэ нь, тэр нь” гэхгүй байна. Зүгээр л саналаа өгнө. “Хэн нь юу хийж вэ, юу хийх вэ” гэдгийг нь сайн нягталж үзнэ. Мөн төрийн ширээнээс баяжиж хөрөнгөжиж үү гээд яасан ийснийг нь бүгдийг улаар нь судалж байж саналаа өгнө.
-Төгсгөлд нь миний асуугаагүй таны хэлэхийг хүссэн зүйл?
Би Б.Бат-Эрдэнэ аваргыг гараа магтаад байхаар нь шүүмжилсэн. Гэтэл миний гоомой хандлага байсан юм байна лээ. Цаанаа нэмүү далд утга бодож гараа магтсан юм байна. Цаана нь нэг “НО” байнаа. Гэхдээ бас Б.Бат-Эрдэнэ чинь айхтар хүн. Би бас Ц.Элбэгдорж гуайг шүүмжилсэн. Гэхдээ би Ц.Элбэгдорж гуайг магтдаг. Парламентийн 20 жилийн ойгоор Ц.Элбэгдорж нилээн гайгүй үг хэлсэн чинь манай Энхтүвшин дарга “энэ тэр Ц.Элбэгдоржийн үгээр бол бид наранд биш шоронд суух нь” гээд дайрахаар нь би “олж ч хэлдэг онож ч хэлдэг орчин цагийн Монгол улсын ерөнхийлөгч гээд ” “Үндэсний шуудан” сонинд нүүр дүүрэн туугаад хаячихсан. Тэрэнд бол би зүгээр сайхан хэлдэг илтгэдэг талаас нь л бичсэн. Өөр дэл сул үг цуглуулаагүй. Тэгэхээр намайг Ц.Элбэгдоржийн эсрэг гэж хүн ойлгохгүй. Тэрийг Ц.Элбэгдоржийн сайхан уран илтгэдэг төрийн болоод төсвийн мөнгөөр авилгал хийж байгаа улсыг айхтар нам цохиж байгааг нь би хөндөх ёстой. Гэхдээ Дорноговьд очоод нэг хүн алдаатай юм хэлнэ лээ. “Та ингэж тэмцэж байна, Барын зулзагыг бага дээр нь дарж байгаарай” гэж нэг хүн хэлж байна лээ. Тэр бол их муухай үг. Би тэрийг бас хэлээд авсан. Тэрийг цааш нь залгаад бодох юм бол “сэртийх сэрвийх өөрийнхөө эсрэг юмнуудыг л шоронд хийгээд бай” “алаад бай” гэсэн шахуу үг болоод явчихна. Улс төрийн логикийн хувьд. Би тэрийг нь хэлсэн тэгэхээр Ц.Элбэгдорж гуай үүнийг залруулах байх. Тэр телевизүүдээр яваад хэд дахин давтсан биз. Бүх хүнд хүрчихсэн байх. Үүнийг залруулах хожигдоогүй. Дөнгөж сонгууль эхэлж байна. Энэ мэтээр ерөөсөө “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг байр сууринаас сонгуулийн тухай ярина. Сонгуульд оролцоно. Хэн ч ерөнхийлөгч болсон нэг асуудал байна. 1990 ээд оны дундуур эрүүгийн хуулинд хулгай гэсэн хавтгай юм байсан. Хүний машин, морь хоёрыг хулгай хийсэн тал дээр хуулийг нэг зэрэг тогтоочихсон. Шөнө өдөргүй бэлчдэг адууг авдар саванд хийгээд цоожилчихдог эд агуурстай зүйрлэж, хуулинд зоох боломжгүй ш дээ. Үүнийг би мэдэрч байгаад Их хурлын гишүүн Зэнээ ,Доржнамжим зэрэг хүмүүстэй ярьж орон даяар нэвтрүүлэг хийж байгаад, бүр тодорхойлсон сайхан өргөх бичиг хийж, Их хурлын гишүүд ч дэмжээд мал хулгайлах 123 дугаар зүйл анги оруулчихсан. Тэрийг нь хэн ч юм эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахдаа аваад хаячихсан. Тэгэхэд малын хулгай тэр миний хөөцөлдсөн хуулийн хүчинд 60 хувь буурчихсан байсан. Үүнийг хязгаар нутгийн бүх ард түмэн мэднэ. Тэр байтугай Төв аймгийн Зуун мод хотод байгаа гавьяат хуульч, Монголын шүүхийн лидер, томоохон хүний нэг Рашзэвэг үүнийг олон удаа хэлсэн. “Энэ хуулийг сэргээгээч” гээд би Ц.Элбэгдорж гуайд бүр өөрийнх нь хамгийн ойр шадар А. Ганбаатарт “энийг л өгөөтөхөөрэй , үүнийг л хийчихвэл монголын ард түмэнд буян болно” гэсэн. Тэгээд энийг одоо хүртэл гаргаагүй байна. Зав нь болоогүй юм байлгүй. Ц.Элбэгдорж гуай өрсөлдөөнийхөө үеэр зав гаргаад сэргээчихвэл хэрэгтэй л байна. Саяхан сонгуулийн сурталчилгааныхаа үед хүүхэд хүнээр асруулах тухай хууль санаачлахаа хэлсэнд хүмүүс баярлаж байна. Үүн шигээ л мал хулгайн талаар 123 дугаар зүйл ангийг эрүүгийн байцаан шийтгэх хуулинд дахин сэргээж оруулна гээд амалчихвал адуу малаа хулгайд алдаад арга нь барагдаж суугаа малчид, эрхэм нэр дэвшигчийг угтаж тосоод хүндлэн өргөнө шүү дээ. Энэ ч гэсэн Ц.Элбэгдоржид туслах гэсэн өчүүхэн миний санал биз дээ. Төрийн тэргүүнд ард түмний мандатаар дэвшир манай гурван хүн “намайг л сонго, миний төлөө саналаа өг” гэж өөрөө болоод өрөөл бусдаар дахин давтан хэлүүлж ард түмний дургүйцлийг төрүүлэхгүй байгаасай. Харин Чингис хаан Сүхбаатар жанжинаа хааяа нэг бодож, тэдний үлгэр жишээг үзүүлж яваасай. Энд Чингис хааны тухай нэг шашдирыг сануулга болгон дурьдая. Монголын хуучин сударт бичсэнээр” Нангиадын эрдэмтэн Мин Монголд нэг иржээ. Тэгээд бичсэн нь “Энэ улсад хүний амь үрэгдэх нь сар тутам, эр эм салж үр хүүхэд өнчрөх нь хоног тутам, адуу мал алдах нь шөнө тутам хүн амьдрахад үнэн хэцүү ажээ” гэжээ. Тэр эрдэмтэн Чингисийг мандан бадраад хаан суусан 85 дугаар онд мөн Монголд ирээд бичсэн нь” Урьд миний үзсэн Монгол огт өөр болж, Чингис хаан ухааны далай, сэтгэлийн энэрэлээр энэ улсыг арга билгээр засан тохижуулсны хүчинд хүний амь ёс бусаар үрэгдэх нь огт үгүй болж, эр эм салж үр хүүхэд өнчрөх нь өдрийн од мэт болж, адуу мал хулгайд алдах нь байтугай, алдуул гүйгүүл морийг ч үзсэн харсан хүн эзэнд хүргэж өгдөг болжээ” гэжээ. Манай гурван хүн хэн нь ч ерөнхийлөгч боллоо гэсэн эзэн богд Чингисийнхээ энэ мэт агуу их ажил хэргийг санаж сэрж улс Монголоо дэлхий дахины хэмжээнд өргөн мандуулаасайн хэмээн дор мэхийн хүндэтгэж, ёслон талархсан Шаргачууд овгийн нүүдэлчин, Хөшөөтийн голын малчин “Хэл, хил, мал гурав” хэмээх тунхаглалаар мал сүрэг ус бэлчээр нүүдлийн соёлыг өөрийн боломжоор, өргөн мандуулахыг хичээнгүйлэгч, өчүүхэн дорд хүн болхи яруу найрагч Зундуйн Дорж. Эцэст нь нэг санал хэлье. Улс орноо манлайлан удирдах хүнээ Ерөнхийлөгч хэмээх нь ямар вэ. Ерөнхийлөгч гэдгийн үгийн язгуур нь “Ер” гэсэн үг. “Ер” гэдэг нь их эрдэмтэн Баясгалангийн Шагж, Сартваахи, Дамбажав, Цэвэл нарын толинд энэ үг уг утгаараа байгаа. Ерөнхийлөгч гэдгийн үгийн бүтээвэр нь “лөгч” дагавартай. Энэ бүтээврийг “урвах” гэдэг үгэнд залгавал “урвагч” болно. Ер нь утга бэлэг муутай. Орос дээр “Общий” гэх маягаар буух байх. Энэ үгийг үйл үгэнд хамааруулбал “Общивать”, общит гэсэн гадарлах, хөвөөлөх, захлах гэсэн шахуу агуулга гарна. Үүний улмаас төр улсаа тэргүүлэх хүнээ”Төрийн жолоодогч” гэвэл зохистой хийгээд төгс төгөлдөр агуулгатай болмоор санагдана. Үүнийг эрдэм ухаант олон түмэн хэлэлцэн тогтоосой хэмээн санал болгов.