Нийслэлийн хүн амын тоо сүүлийн арав гаруй жилийн дотор эрс нэмэгдсэн нь судалгаанаас харагддаг . Эдгээрийн цөөнгүй хувийг гадныхан тэр дундаа хятад иргэд эзэлж байгаа нь сэтгэл зовоож байгаа билээ. 

Урин дулааны улиралд барилгын ажил хийнэ гэх нэрийдлээр өдөрт хэдэн зуугаараа Хятад иргэд ирж байна. Хэдийгээр  гадаадаас ажиллах хүч авах нь улс оронд байдаг л үзэгдэл боловч аливаад хэмжээ хязгаар гэж бий.   Үндэсний аюулгүй байдлын үүднээс нэг улсын иргэн нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэсэн маш чухал хуулийн заалт бий. Гэсэн хэдий ч БНХАУ-ын иргэдийн хувьд хэтрэх нөхцөл байдал үүсээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 27760 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх төлөвтэй байгаа нь хуульд заасан хувь хэмжээнээс хэтэрсэн тоо юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо нийт хүн амын гурван хувь, нэг улсын иргэдийн тоо нэг хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ гэж үздэг байна. Тэгвэл гадны иргэд бидний аюулгүй байдалд заналхийлээд эхэлчихэж.

Энэ талаар холбогдох газраас арга хэмжээ авч, ажиллаж байна. Тухайлбал,  гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газраас улирал тутамд шалгалт хийдэг аж. Шалгалт бүрээр манай улсад зөвшөөрөлгүйгээр орогнож байгаа 50-100 хятад иргэнийг илрүүлж нутаг буцаадаг байна. Мөн хөдөө орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагад тогтмол шалгалт хийснээр 224 гадаадын иргэнийг өөрийн улсаас албадан гаргажээ.

Гэсэн хэдий ч хөдөө орон нутгийг зорих харийнхан цөөнгүй байгаа нь дараагийн сэтгэл зовоосон асуудал болж байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт гадаадын иргэн харъяатын албанд зохих ёсны зөвшөөрөлтэй 40 гадаадын иргэд амьдарч байгаа тоо баримт бий. Тэд мөн л зам засварыг ажил эрхлэхээр очсон гэнэ. Хамгийн гол нь үүний цаана  хэдэн монгол залуу тэдэнд дээрэлхүүлж, хичнээн монгол охид хятадуудын өвөрт хэвтэж, хичнээн эрлийз хүүхэд гарахыг хэлж мэдэхгүй. Үнэхээр эмгэнэлтэй ирээдүй биш гэж үү?

Харин үүний эсрэгээр манай монголчууд харийн орныг зорих нь жил ирэх бүр мөн өссөн үзүүлэлттэй байна. Манай улсаас авч буй ажиллах хүчний тоогоороо Бүгд Найрамдах Солонгос Улс тэргүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар нийт 28720 орчим Монгол иргэд ажиллаж, амьдарч байна. Тэдний дөнгөж 60 хувь нь л албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлдэг гэнэ.

Одоогоос дөрвөн жилийн өмнөх тоо баримтаас харвал жилд 500 гаруй монгол иргэд хилийн дээс алхдаг гэсэн тооцоо байна. Энэ тоо одоо өссөн үү гэхээс буурсан үзүүлэлт харагдахгүй л болов уу? Тиймдээ ч гадаадад аж төрж байгаа Монголчууд нийт хүн амын 10 хувьд хүрсэн нь сэтгэл түгшээж байна. Хоёроос гурван аймгийн хүн амтай тэнцэхүйц монгол иргэд харь оронд амьдарч, ажиллаж байна гэсэн үг. Элэг нэгт монгол хүний хувьд энэ тоо эрхгүй эмзэглэмээр бас харамсмаар сонсогдож байна. Ирэх жилүүдэд дахиад хэдэн аймгийн хүнтэй дүйцэхүйц иргэд харийг зорих бол? Бодох л асуудал.

Даяаршиж буй өнөөгийн нийгэмд буурай хөгжилтэй орны иргэд аж амьдралаа сайжруулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй оронд суурьшин амьдрах зорилго өвөртлөн, мөрөөдөлдөө хүрэхээр харийг зорьдог. Гэтэл бодит байдал дээр тэд хүний нутагт хамгийн хортой, аюултай нөхцөлд ажиллаж, бие эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвараа алдан нутгаа зорин ирсэн Монголчууд  тэдний дунд цөөнгүй бий. Тэд зөвхөн ар гэрээ тэжээж орон байр, унах унаатай болж амьдралаа төвхнүүлэхийн тулд л ийнхүү өөрийнхөө эрүүл мэнд, залуу сайхан насаа золин байж зүтгэдэг.

Харин бид ар гэртээ мөнгө явуулж эх орондоо бага гэлтгүй хөрөнгө оруулалт хийж байна хэмээн сайшаахаас өөрөөр юу ч хэлж,  бас хийж чадахгүй байгаа билээ.

Манайхыг зорьсон харийнхан, харийг зорих манайхан...

Б.Хорлоо