Байгаль нур багассаар. Хэн буруутай вэ?  Эхний хэсэг "Новой газеты"

Нууранд шумбаад хуурай гарах нь

ОХУ Монголын Ерөнхийлөгч нар энэ сарын 9-нд Улаан талбайн Мавзолей дээр уулзахаар болжээ. Гэхдээ уулзалтын өмнө тэдэнд Монголд барихаар төлөвлөж байгаа Усан цахилгаан станцаас Байгаль далайгаа хамгаалах өргөх бичгийг өргөн барих гэж байна. 50 мянган хүний гарын үсэгтэй энэхүү өргөх бичгийг мөн Дэлхийн банкны Ерөнхийлөгчид ч гардуулан өгөх юм. Өргөх бичигт Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барьж, Байгаль нуурыг ширгэх аюулд хүргэснээс Говь цөлд салхи болон нарны сэргээгдэх эрчим хүчний станц барьж байгуулахыг монголчуудад уриалсан байна. Ерөнхийлөгч нар энэ уриалгыг ойлгон хүлээж авна гэдэгт найдаж байна. Байгаль нуур тэдний хувьд харь холын газар биш төдийгүй аль аль нь Байгаль нуурт шумбаж байсан түүхтэй улсууд билээ. Эхлээд 2009 оны наймдугаар сарын 1-нд тэр үед Ерөнхий сайд байсан В.Путин “Мир” аппаратаар шумбаж, Байгаль нуур бохирдоогүй, цэвэр хэвээр байна гэж мэдэгдсэн. Дараахан нь Засгийн газраас Байгалийн целлюлоз цаасны үйлдвэр нууранд хог хаягдлаа хаясаар байж болно гэсэн тогтоол гаргасан. Энэ үйлдвэр нуурыг бохирдуулсаар байгаад ашгүй хэдэн жилийн дараа өрсөлдөх чадваргүйн улмаас дампуурсан билээ. Одоо тэдний тарьсан хог хаягдлыг цэвэрлэх ажлын тендерийн төлөө дайн явагдаж байна. 

Тэгвэл Монголын гол мөрний эзэн Ц.Элбэгдорж яг л тэр “Мир” аппаратаар 2010 оны долдугаар сарын 16-нд Байгаль нууранд шумбалт хийсэн. Гарч ирээд тэрбээр “Далайн гүнд би байгаль дэлхийтэйгээ нэгдэж байгаагаа мэдэрч, их баярласан” гэж хэлж байлаа. Ц.Элбэгдоржтой хамт Төрийн Думын депутат, “Метрополь” компанийн удирдагч  Михаил Слипенчук нуурын гүнд шумбасан юм. Энэ компани “Мир” аппаратыг болон Байгалийн дархан цаазат бүсэд орд газар эзэмшдэг бөгөөд олон жил дархан цаазат газрын дэвсгэр дэх орд газартаа олборлолт хийхээр хичээж байна. Хараад байхад Байгаль нуурт шумбасан хүн болгон өөрийн төсөөллийн хэмжээнд хүслээ хэлдэг бололтой. Харин Ц.Элбэгдорж   жинхэнэ хээр талын хүү болохын хувьд биеэ барин, бодож байсан хүслээ тэр үед хэлээгүй юм шиг байгаа юм. 

Чингис хааны үр сад хөршөө сонгодог

Монголын Ерөнхийлөгч харахад нүдний шилтэй томоотой хөвгүүн шиг боловч үнэн хэрэгтээ эх орныхоо түүхэнд Монгол Улсын үүсгэн байгуулагч Чингис хааны дараа бичигдэхийг зорьж яваа амбиц ихтэй улс төрч хүн. Түүнийг Ерөнхийлөгч болсон хойно л хувьсгалч Д.Сүхбаатарын нэрэмжит байсан Улаанбаатарын төв талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөн нь ч жирийн нэг хэрэг биш. Гэхдээ Ц.Элбэгдоржийн явуулж байгаа үйл хэргүүд одоохондоо үнэхээр сайхан харагдаж байгаа юм. Тэр Хойд Солонгост ардчиллын хичээл заан, хээр талд мод тарьж, цэвэр усны нөөцийг хамгаалах талаар гал халуун лекц уншсаныхаа төлөө НҮБ-аас шагнуулж, сүүлийн үеийн цуурхал яриагаар бол албан тушаалаа өгснийхөө дараа НҮБ-ийн аль нэг агентлагийн дарга болохоор зэхэж байгаа гэх. Гэхдээ одоохондоо түүний үндсэн ажил бол Монголыг удирдах.  

Монголын гол асуудал бол хөршүүд нь. Тэр хөршүүд гэдэг нь Орос Хятад хоёр л доо. Одоо хүртэл тусгаар тогтносон улс байгаагийн гол учир нь энэ хоёр хөршийн олон жилийн дайсагналд байгаа юм. Хятад гүрэн 1911 онд нуран унахад Орос улс хятадуудын хяналт суларсан тэр газар нутагт улс байгуулахыг хамгийн түрүүнд дэмжсэн байдаг. Орос Хятадын найрамдал бэхжиж байгаа өнөө үед хоёр хөршийнхөө гарт бяц атгуулахгүйн тулд Монгол гуравдагч хөршийн бодлого идэвхтэй явуулан, АНУ, Япон, Өмнөд Солонгостой харилцаж эхэлсэн. Энэ бүхний үр дүнд Хятадад түүхий эд гаргаж байгаа тэр амттай орд газрууд нь Барууны орнуудын мэдэлд очсон. Австралийн “Рио Тинто” мэтийн үндэстэн хоорондын аварга мангасууд Монгол улсын хоолойг чанга гэгч нь багалзуурдаж, өөрсдөдөө янз бүрийн хөнгөлөлт, эрх мэдэл олгохыг төдийгүй Монголын хууль дүрмийг ч зөрчихийг шаардаж байна. Хариуд нь дөрвөн жилийн өмнө бардам монголчууд  тэднийг хууль сахихийг шаардан ил тод дарамталж, хэд хэдэн гадаад менежерийг татвар төлөөгүй хэргээр шоронд суулгаж орхисон билээ. Гэвч үр дүнд нь гадаад корпорацууд урьдчилгаа мөнгө төлөхөөс татгалзаж эхэлсэн тул эдийн засгийн хямрал эхэлсэн юм. Ингээд л Монголын Засгийн газар гадаадынханд зориулан хууль дүрмээ зөөллөж эхэлсэн. 2015 оны өвөл Ц.Элбэгдорж гадаадын компаниудын шахалтаар Америк, Филиппиний менежерүүдийг шоронгоос сулласан мөртлөө тэдэнтэй Монголын гол горхийг хамгаалахаар тэмцэж байгаа Ц.Мөнхбаяр нарыг өршөөгөөгүй. Нэг үгээр хэлэхэд гуравдагч хөршийн бодлогод нь Монгол улсын төрт ёсны үндсийг ганхуулах өө сэв гарч ирсэн гэсэн үг. Тулж түших өөр тулгуур хэрэгтэй ч сонголт цөөхөн. 

Шинэ Орос улстай монголчууд байгуулагдсан цагаас нь л хэл амаа олоогүй. Монголд байнга тусалж дэмжиж байсан өгөөмөр ЗХУ-аас ялгаатай нь Орос улс Дэн Сяопиний анхны шаардлагаар л Монголоос цэргээ гаргасан. Монголд “Оросын булаан эзлэгчид явлаа” хэмээн үндэсний үзэл газар авч, эд хөрөнгийг нь эвдлэн сүйтгэж байсан билээ. Гэхдээ Монголын элит хэсгийн талаас илүү хувь нь ЗХУ-д боловсрол олж авсан хүмүүс тул “Орос хүний сэтгэл”-ийг ойлгон, яаж ойлголцохоо мэдэж байлаа. Монголчуудын ихэнх хувь нь Оросыг сайн улс гэж үздэг хэвээр, гэхдээ магадгүй хоёр аймаар хөршөөс Орос нь илүү гэж сонгодог байх. Гэхдээ ингэж үздэг байлаа гээд монголчууд гадаад бодлогодоо хоёр хөршөө тэнцвэртэй байлгаж чадаагүй. Монголын экспортын 90 хувь нь Хятадад оногдож байгаа бол Оросын эзлэх хувь багассаар л байна. 

Хоёр улсын хооронд юу ч болсон байлаа гэсэн бид Сэлэнгэ мөрөн болон Байгаль далайгаар үүрд бат бэх холбоотой. Түүхийн элдэв урсгалаар Оросын нутагт Байгаль нуур шилжсэн ч оросуудын хувьд ч Байгаль нуур бол ариун нандин зүйл. ЗХУ-ын үед хоёр улс Сэлэнгэ мөрнийг хамгаалах олон баримт бичиг гаргаж байлаа. Ах дүүгийн тусламжийн хүрээнд Оросын мэргэжилтнүүд Сэлэнгэ мөрний Монголын хэсэгт цахилгаан станц барих төсөл ч гаргаж байлаа. Азаар энэ төслүүд хэрэгжээгүй ч Монгол орон Оросоос эрчим хүчний хараат байдалд орсон юм. Хэдийгээр нийт эрчим хүчний системд эзлэх хувь нь байгаа ч Орос орон Монголын Төвийн цахилгаан эрчим хүчний оргил хэсгийг хангаж өгдөг. Үнэ нь ч багагүй, монголчууд одоо нэг киловатт-цаг эрчим хүчийг 10 центээр авч, жилд 30 сая доллар зарцуулж байна. Нефтийн бүтээгдэхүүний ихэнх хувийг ч Оросоос авдаг бөгөөд эрчим хүчний их гүрэн болох ОХУ эсвэл үнээ нэмээд, үгүй бол хангалтаа зогсоогоод л хашраадаг нь үнэн. Монголчуудын хувьд эрчим хүч авч байгаа Ангарын Усан Цахилгаан станцыг ажиллуулж байгаа усны 25 хувь нь Монголын нутгаас очдог гэдгийг ойлгож байгаа. Тийм болохоор ижил тэгш хамтрагч гэж үзэхгүй байхаар гомдох нь аргагүй. 

Монголын хөгжлийн гол нөөц болон тусгаар тогтнолын гол аюул занал нь Агуу их хөрш Хятадтай хэрхэн харилцахаас шалтгаалдаг. Энд олон зуун жил үргэлжилсэн өс хонзон бий тул монголчуудад “Бид хятад биш” гэсэн үндэсний ухамсрыг төрүүлж өгсөн. Хятадуудыг дайсан гэж үзэх нь XXI зуун дахь Монголын хөгжлийг сааруулж байгаа нэгэн гол хүчин зүйл гэж олон судалгаа харуулдаг. Хятадад болохоор Гадаад Монголыг түр зуур ч гэсэн алдсанаар Хятад улс газрын зураг дээр сайхан дугуй хэлбэртэй гарах боломжгүй болсон гэж үздэг. Гэхдээ Си Зиньпиний Хятад хуучин үзэл бодлоосоо ангижирч байх шиг байна. Европ Азийг холбох Торгоны замыг барихаар санал нэгдсэн хөршдөө газар нутгийн жижигхэн маргаан хийгээд байх нь зохимжгүй. 2014 оны наймдугаар сард Си Зиньпин Улаанбаатарт далайд чөлөөтэй гарах эрх болон өөр олон зүйл санал болгосон хамтын ажиллагааны бичигтэй ирсэн. Гэвч Хятад хэчнээн их юм амална төдий чинээ жирийн монголчууд сэжиглэдэг тул Хятадтай хамтран ажиллах нь улстөрийн хувьд хүндрэлтэй. Хятадын эсрэг үзлээр амьсгалж, Хятад ажилчидтай холбогдсон бүсгүйчүүдээ үсийг нь хусчихдаг энэ оронд Хятад газар нутаг эзэмшихэд хэцүү. Энэ сөргөлдөөнийг яаж зөөлрүүлж, хөгжил дэвшлийн замыг нээвэл зохилтой вэ?
Хөршийн маань саяхны туршлага хялбар ойлгомжтой аргыг зааж өгч байна. Хятадуудыг үзэн ядах үзлийн эсрэг өөр хөршийнхөө эсрэг сайн бэлтгэгдсэн үндэсний үзлийн дайралт хийх. Тэгээд үүндээ хүссэн ч хүсээгүй ч хятадуудыг татан оролцуулбал бүр сайн. Хоёрхон жилийн өмнө Шар аюул хэмээн Хятадаас эмээж байсан ихэнх оросууд одоо Украины аюул гэдэг болж, харин Хятад Оросын хувьд геополитикийн гол холбоотон нь болсон байна. Монголчууд юугаар дутуу гэж? Тэгээд ч Орос хөрш нь угаасаа нэг их сайн нэртэй ч биш. Тэгэхээр Монголын эх оронч хэсэг элитүүд эрчим хүчний их гүрэн Орос руу дайралт хийн, эх орондоо ямар ашиг гарахыг харах гэж шийдсэн мэт харагдаж байна. 

Ялалт дагуулсан бяцхан Цахилгаан станцууд

2000 он гарах үед ОХУ Байгаль нуурын хувь заяаны талаар санаа тавьж эхэлсэн. Байгаль нуур Бүх дэлхийн байгалийн үнэт зүйлсийн жагсаалтанд орсон тул олон улсын гэрээ журмаар хамгаалагдах болсон. Нуурын усан сангийн ихэнх хэсэг нь Монголын нутагт оршдог учир Монголыг байгаль хамгаалах ажлууд, усан санг нэмэгдүүлэх төсөлд оруулахыг янз бүрээр л оролдсон билээ. 2006 онд “Сэлэнгэ мөрний усан санг хамгаалах, хамтран ашиглах төлөвлөгөө” гаргахаар тохиролцсон. Монголын тал ОХУ-ыг санхүүгийн асуудлыг бүрэн хариуцна гэж хүлээж байсан ч Орос улс хөрөнгө гаргаагүй. Харин ч хоёр жилийн дараа “Бид өөрсдийн усан сангийн норм хэмжээгээ тогтоосон хойно л Монголын талын усан сангийн үйл ажиллагааг боловсруулах болно” гэж мэдэгдсэн. Харин монголчууд усны аж ахуйг хөгжүүлэх ажилд ОХУ найдваргүй түнш байна гэж үзээд өөр замаар явсан. Тэд газар нутгаа усан сангийн 29 бүс болгон хуваасны 12 нь Сэлэнгэ мөрний усан санд оршиж байв. Бүс болгонд гадаадын ивээн тэтгэгч хайсны дүнд голландчуудад Орхон, Туул гол, германчуудад Хараа, харин ПРООН-д Сэлэнгэ гол оногдсон. Ийм тус тусдаа удирдлагатай байхад Оростой хамтран ажиллах нь битгий хэл өөр хоорондоо ч учраа ойлголцоход хэцүү. Ингээд л Оросыг мартсан. Тэгээд ч Сэлэнгэ мөрний урсгал доор байгаа хөрш ямар хамаа байх билээ. Санал зөрсөн өөр нэгэн зүйл нь монголчууд өөрийн эрчим хүчний бие даасан системийг байгуулах гэсэн хүсэл байлаа. Оросууд энэ эрхийг нь үгүйсгээгүй ч Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барих нь экологийн хувьд аюултай, эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзсэн юм. Сэлэнгэ мөрний цутгал Эгийн гол дээр цахилгаан станц барих анхны төслийн ивээн тэтгэгч нь 1990-өөд онд Азийн хөгжлийн банк байлаа. 2006 онд Хятадын Эксимбанк, НҮБ-ийн “Цэвэр хөгжлийн тогтолцоо” байгууллагаас төслийг сонирхсон ч төсөл боловсруулагчид НҮБ-д хүлэмжийн хийг багасагаж чадна гэдгээ, хятадуудад төлбөрийн чадвараа батлаж чадаагүй тул төсөл зогссон. 

Монголын Ерөнхийлөгч 2010 оноос үндэсний “Ус” программыг удирдаж байгаа. Энэ нь Монголд их хэмжээний усан сан барьж, Говь цөл болон цахилгаан станцад зориулсан ус нөөцлөх зорилготой программ юм. Гурван жилийн өмнө Ц.Элбэгдорж Сэлэнгэ мөрний ус Монголын хилээр үр ашиггүй урсан гарч байгааг зогсоохын тулд Сэлэнгэ мөрний усан санд цахилгаан станц барих явдлыг хурдавчлуулах үүрэг өгсөн. Ингээд Дэлхийн Банк 2012 онд гэнэт Сэлэнгэ, Орхон гал дээр далан барих төслийг санхүүжүүлэхээр болсон юм. 2013 онд Эгийн голын цахилгаан станцын төслийг шинэчлэн, өргөсгөхийн тулд Чингис бондын мөнгөнөөс гаргасан билээ. Өөрөөр хэлбэл өр шир тавьж биш өөрийн мөнгөөр хийсэн гэсэн үг. Одоо усны хомсдолд ороод байгаа Улаанбаатарыг аврахын тулд Туул гол дээр Тэрэлж нэртэй усан сан барих, Сэлэнгийн цутгал дээр 2-3 цахилгаан станц барих төлөвлөгөө яригдаж байна. Энэ бүхэн хоёр орны ажлын хэсгийн гаргасан конвенцид тулгуурлаагүй төдийгүй хамаагүй их усан сан барих нь Сэлэнгэ мөрний урсгал өөрчлөгдөж, Байгаль нуурт ч уршиг тарьж болохоор байгаа юм. Хамтдаа судлая, гэрээ хэлэлцээрээ мөрдье гэсэн манай бүх уриалгыг Монгол улс хоёр жилийн турш үл ойшоож, түшмэл дарга нар нь өөрийн гол горхин дээрээ юугаа хийх нь бидний эрх хэмээн ярьж байна. ОХУ төдийгүй олон улсын байгууллагын шүүмжлэлийг ч тэд улайран эсэргүүцдэг. 2014 оны зургадугаар сард МИНИС төслийн захирал Энхбаатар “Хил хязгааргүй гол горхи” олон улсын хөдөлгөөнийхнийг Үндэсний аюулгүй байдлын албаар айлган сүрдүүлж, наймдугаар сард нь тус хөдөлгөөний гишүүнийг 10 жил Монголд ирэхийг хориглосон. “Хил хязгааргүй гол горхи” хөдөлгөөний Монголын салбараас энэ шийдвэрийг эсэргүүцэхэд 2015 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын шүүх танай хөдөлгөөний гишүүн үндэсний аюулгүй байдалд аюултай этгээдүүдийн жагсаалтад байгаа тул боломжгүй гэсэн хариу өгч байлаа. Монголын тал сайн дураараа сайн алхам хийхгүй нь гэдгийг оросууд ойлгоход гурван жил өнгөрсөн. Ингээд ОХУ 2014 онд Сэлэнгэ мөрөн дэх Шүрэн болон бусад цахилгаан станц байгаль орчинд ямар нөлөө үзүүлэхийг тогтоох ажлын хэсэг байгуулж, аравдугаар сард нь Шүрэн цахилгаан станцын талаар уулзалт хийхийг шаардсан. Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской эрдэмтдийн дүгнэлтийг үндэслэн, Сэлэнгийн цахилгаан станцын төсөл нь Байгаль нуурын экологийн системийг сүйтгэж, Ангарын цахилгаан станцын ажлыг зогсоох болно гэж мэдэгдсэн. Үнэхээр ч Байгаль нуур улам багассаар л байна. Улаанбаатарт очсон 20 хүнтэй Оросын төлөөлчид цахилгаан станц, далан барих талаар мэдээлэл байнга солилцож байх, Шүрэн станцын байгаль орны үнэлгээнд оролцох, Байгаль нуурт ямар нөлөө үзүүлэх талаар дүгнэлт оруулах, Сэлэнгэ мөрөнд цахилгаан станц барих асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах зорилготой байлаа. Улаанбаатарын “Кемпински” зочид буудалд энэ жилийн гуравдугаар сарын 30-31-нд болсон хэлэлцээ хоёр улсын түүхэнд Калка голын тулаанаас хойшхи Монголын дипломатын хамгийн том ялалт болон тэмдэглэгдсэн ч Монголын гол горхины хувьд ялагдал ч байсан байж болох. Монголын Эрчим Хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар сонинд ярилцлага өгөхдөө “Бид усаа ОХУ-руу ямар ч ашиггүй урсган гаргаж байна. Оросын хилийг давахаас өмнө усаа эрчим хүч болгон хувиргаххэрэгтэй. Оросууд Шүрэн цахилгаан станцыг барих нь Байгаль нуурт сөрөг нөлөөтэй, та нарт хууль ёсны эрх байхгүй гэж ярьж байна. Юу ч бариагүй байхад Монголтой ингэж харьцах нь бүдүүлэг хэрэг. Монголд ус дутагдаж байна. Харь орны нуурын төлөө яагаад бид цангах ёстой гэж. Бид төслөө боловсруулж дуусаад Оросын талд танилцуулахыг зөвшөөрсөн. Эгийн гол төсөл бол Шүрэнтэй огт хамаагүй тусдаа зүйл. Оросууд манай дотоод хэрэгт оролцож байна” гэж хэлсэн нь Монголын Засгийн газар анхнаасаа өөр бодолтой байсныг харуулсан юм. . 

Олон нийт эсэргүүцэж байна

Хоёр улсын гэрээгээр үр дүн гарахгүй болсон тул Орос Монголын иргэд хамтран Дэлхийн Банканд гомдол гаргасан. Тэд МИНИС төслийнхөн  байнга дүрэм журам зөрчиж, энэ төсөл нь байгаль орчинд их хохирол учруулна гэдгийг мэдэгдсэн. Гомдлыг 2015 оны гуравдугаар сарын 13-нд Дэлхийн банк хүлээн авч, тавдугаар сард судалгаа хийхээр болсон билээ. “Хил хязгааргүй гол горхи” хөдөлгөөнөөс Байгаль орны үнэлгээг тогтоох ажлын явцыг Монгол Оросын олон нийтэд мэдээлж байх, энэ төслөөс өөр төсөл боловсруулж болох эсэхийг судлах, Сэлэнгэ мөрний сав газарт байгаа болон төлөвлөгдөж байгаа бүх төслүүдийг судлах шаардлага тавьж байна. Харин ноён Ц.Баярбаатар “Монголын зарим ТББ-ууд цахилгаан станцын асуудлыг огт ойлгохгүй байж, хэт их санаа зовоод байх юм. Тэд цангаж үхэхийг хүсээд байна уу. Бид монголчууд нэгдэлтэй байх хэрэгтэй” гэж хэлсэн. Төр засгаас ингэж харьцаж байгаа болохоор эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн олон монголчууд нэрээ дэлгэхээс эмээж байна. Аягүй бол монголчуудын эгнээнээс хасаж орхино шүү дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчуудыг үндсэн шугамаа дагаж, хэрүүл маргаанаа гадагш ил гаргахгүй байхыг уриалж байгаа юм. Иргэдийн гаргасан гомдлыг Дэлхийн банк хүлээн авсныг мэдэнгүүтээ МИНИС төслийн удирдагч  Харя-аль-Жамал ямар ч хүнтэй уулзаж, асуултанд хариулахаа байсан. Гомдлын дагуу судалгаа явуулаад ажлын хэсэг үр дүнг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд танилцуулах болно. Ингээд захирлууд төслийг зогсоох уу, эсвэл зээлдэгч тал болох Монголыг Дэлхийн банкны дүрмийг дагахыг шаардах уу гэдгийг шийднэ.  

Энэ асуудлыг шийдэх бас нэгэн гарц байж болох. Ялалтын баяраар хөрш гурван орны тэргүүн уулзана.  Хэрэв В.Путинд Байгаль нуур хэрэгтэй бол тэр Ц.Элбэгдоржийн гаргасан “Талын зам” төслийн хүрээнд Монголын нутгаар цахилгаан дамжуулах шугам тавих санал тавих хэрэгтэй. Тэгвэл Оросын цахилгаан Говьд барих асар том нар, салхины сэргээгдэх эрчим хүчний төвийг хангах болно. Мөн Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой тавих саналыг зөвшөөрөх хэрэгтэй. Аль аль нь Монголд шинээр цахилгаан станц барих ажлыг огт хэрэггүй болгож чадах зүйлс юм. Торгоны зам гэсэн том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа Хятад тэр санаачилгуудыг дэмжиж тун магадгүй. Өнгөрсөн гуравдугаар сард Монголын Засгийн газар Хятадын Эксим банкнаас Эгийн гол төслийг хэрэгжүүлэх 1 тэрбум долларын зээл хүссэн байдаг. Зээл өгнө гэж Си Зиньпин өөрөө амалсан гэж монголчууд ярьдаг. Тэгвэл В.Путин одоо л Си Зиньпинд хандаж, монголчуудаас байгаль орчинд аюулгүй гэсэн олон улсын байгууллагуудын дүгнэлтийг шаард гэж хүсэл тавихгүй бол энэ оны эцэс гэхэд Эгийн голын мөнгө орж ирээд, төсөл хөдлөөд эхлэх аюултай. Тэгвэл бидний хайртай Байгаль нуур ширгэх аюул учирна. Хэдийгээр В.Путин, Ц.Элбэгдорж нар шиг Байгаль нуурын ёроолд шумбаагүй ч Байгаль нуур Хятадын эртний их гүрнүүдийн нутаг байсны хувьд Си Зиньпинд огт хамаагүй биш байх ёстой. Ингэхээр Хятадын удирдагчаас Байгаль нуурын хувь заяа шалтгаалах гээд байна уу даа.   

М.Сугар-Эрдэнэ