Энэ долоо онцлох нийтлэл, үйл явдлын тоймыг хүргэж байна.

 

-Төмөр зам аль чиглэлээр барих талаарх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурь-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы "BS Fuji" телевизийн "Prime News" шууд нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ төмөр зам аль чиглэлээр барих талаар байр сууриа илэрхийлжээ.   Тэрээр : 
Нүүрсийг Япон луу авчрахад Төмөр зам авчрах ёстой. Сибирээр дамжаад Владивостокоор дамжиж, эсвэл Ражинаар Япон луу авчрана. Эсвэл Хятадаар дамжуулаад Тяньжин, Чиндао, Дайлан гэх зэрэг боомтоос Япон луу авчрана.
Ерөнхийлөгчийн хувьд Монголын ашигт малтмалыг Япон луу явуулах замыг юу гэж бодож байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд Ц.Элбэгдорж : "Ер нь Монголоос ямар нэг бүтээгдэхүүн авбал нэг бол Оросоор, нэг бол Хятадаар дамжина. Тэгэхээр бидний зорилго бол энэ хоёр оронтой дамжин өнгөрөх тээврийн гэрээ хийх явдал байгаа юм. Энэ нь тодорхой зардал гаргана. Монгол улсын хувьд бол энэ 2 улсыг тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхийг хүсдэг. Ноднин 9-р сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчилсан. Энэ үеэр дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан. Одоо нарийвчилсан хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Мөн ноднин болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын удирдагчдын уулзалт анх удаа болсон. Энэ үеэр Монголд тодорхой хөнгөлөлт үзүүлэх асуудлыг ярьсан. Юуны өмнө ярьж байгаа төмөр зам бол Тавантолгойн нүүрсний ордоос урагшаа тавих тухай ярьж байна. Мөн зүүн тийш явах  1300 км төмөр замыг барих юм. Япон луу гарах зам нь аль аль нь байсан дээр гэж үзэж байгаа. Хоёр гарц байх юм бол хоёуланг нь өрсөлдүүлж болно. Нэгэн дээр нь асуудал үүсэх юм бол нөгөөг нь ашиглана.  Хойд Солонгосын боомтыг ашиглах явдал бол бодитой. Би тус улсад айлчилж, энэ талаар ярьсан." хэмээн хариулжээ.
 

 
Э.Мягмардорж   /Эх сурвалж: www.sonin.mn/

-Н.Номтойбаяр гишүүн өөрийн гараараа улс төрийн карераа “дуусгажээ”-

Улс төрийн намын дэргэдэх  залуучуудын  байгууллагаар дамжин  улс төрд хөл тавьсан олон хүмүүс бий.  Ингэхдээ тэд ЮНЕСКО,  Социнтерн тэргүүтэй олон улсын байгууллагаас гаргасан 35 хүртэлх насны залуучууд эвлэлдэн нэгдсэн байх журмыг зөрчсөн удаа үгүй. Өөрөөр хэлбэл манай улсын хувьд 35 хүртэлх насыг залуучуудын нас гэж ойлгож ирсэн уламжлалтай.

Түүнчлэн дэлхийн ихэнх улс орнууд залуучуудын байгууллагын насны дээд хязгаарыг  35 ба түүнээс  доош байхаар тогтоосон байдаг. Тухайлбал, Өмнөд Африкийн БНУ 15-35 насыг, Ирланд улс, 31 хүртэлх насыг, Англи улс 15-26 хүртэлх насыг тус тус  “залуучууд” гэх ангилалд хамааруулдаг байна.  Гэтэл саянаас залуучуудын байгууллагын  35 гэх насны байдлыг 40 хүргэх гэсэн санал, оролдлогыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргах болжээ.  Харамсалтай нь энэ санаачлагын цаана  түүний  өөрийнх нь улс төрийн карераа ахиулах, НАМЗХ-ны нэрээр намын жагсаалтаар орж УИХ-ын зөөлөн сэнтийд суух гэсэн “увайгүй” санаа нуугдаж байгааг шүүмжлэх хүмүүс олон байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэх  энэ эрхэм өөрөө НАМЗХ-оор дамжин  УИХ-ын гишүүн болохын тулд 70 мянган гишүүнтэй, олон жилийн түүхтэй НАМЗХ-ны дүрэм журмыг уландаа гишгэж, энэ байгууллагыг  “доромжлон”, тус байгууллагад  хамрагддаг залуучуудын насны дээд хязгаарыг  40 нас  болгохоор “улайран” зүтгэж байгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, МАН-ын Нарийн бичгийн дарга, улс төр судалын доктор /Ph.D/ Т.Гантулга, МАН-ын зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле нарын хүмүүс эрс хатуу үгээр эсэргүүцжээ.  

Баримтыг эндээс 

-Төрийн ажилчдын “хэт давралт”-

Долоо хоногийн даваа гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялт зарласан билээ.

Тэд “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо”, компанийн үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хэд хэдэн удаа уулзаж, ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй, ажил хаялт тав дах өдрөө үргэлжилж байна. “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж ийнхүү ажил хаялт зарлаад байгаа.

Ажил хаяж буй жолооч, кондукторууд бусад ажлаа хийх хүсэлтэй, ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн ажилчдыг хүчээр ажил хаяхыг шаардаж, улмаар автобусных нь дугуйн дор хэвтэх зэргээр ажиллах эрхийг нь хязгаарлаж байгаа гэнэ. Энэ тухай ажил хаялтыг эсэргүүцсэн “Автобус 1” баазын жолооч, кондукторууд хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэв.

“Автобус 1” баазын жолооч Ж.Ганбаатар "Ажил хаялт зохион байгуулсан хүмүүсийг шүүхэд өгнө, Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног боллоо. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллаагүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. 

Нэг сая төгрөгийн цалин авч байгаа жолооч, кондукторын цалинг нэмлээ гэхэд эмч, багш нар яах бол? Автобусны жолооч нар дунджаар 1.2-1.4 сая төгрөгийн цалинтай үүнээс даатгалын шимтгэлээ төлөөд 850 мянган төгрөгөөс доошгүй цалин авдаг. Бараг цалин авдаггүй гэж худал мэдээлж байгаад харамсч байна” гэдгээ мөн ажилчид энэ үеэр онцолсон юм.

Тус баазын дарга Ч.Ононбаяр “Хэсэг бүлэг хүнээс болж нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Ажил хаях нь хаяад, ажлаа хаяахгүй ээ гэсэн нь ажлаа хиймээр байна. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс бусад хамт олныхоо ажил хийх эрхийг боогдуулж байна. Өнөөдөр жолооч, кондукторууд сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ хүмүүсийн цалинг дахиад хүслээр нь нэмчихвэл 400-500 мянган төгрөгийн цалинтай эмч, багш нар хэрхэх билээ” гэлээ.

Ийнхүү "автобус бааз 1"-ийн ажилчдын хийсэн хэвлэлийн хурлын дараа ажил хаялтын зохицуулагч хийж байгаа гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа "1500 гаруй ажилтны 1200 орчим хүн ажил хаялтыг дэмжиж байгаа. Дэмжихгүй байгаа нөхөд нь захиргааны албаны хэдэн ажилтан. Бид зорилгодоо хүрч байж л ажлаа хийнэ гэж жолооч, кондукторууд үзэж байгаа. Цалин нэмнэ гэх сургаар ажил хаялтаа зогсоож, ажилласаар байгаад хүмүүс ямар ч итгэлгүй болсон байна. Тиймээс л ийнхүү ажил хаяж байна гэсэн юм. Хэвлэлийн хурлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Ажилчдаа хүчээр хэвлэлийн хуралд суулгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Мөн биднийг эсэргүүцэж мэдээлэл хийж байгаа ажилчдын дунд ажлаасаа гарсан нөхдүүд цөөнгүй байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэгэхээр өнөөдрийг хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа ажилчид хэний төлөө, юуны тулд олон хоног сууж байгаа юм бол гэх хардалт төрж буйг нуугаад яахав. Төрийн албан хаагчид бараг л дуртай үедээ ажлаа хийж дургүй нь хүрвэл ажил хаяж, суулт зарлана хэмээн айлган сүрдүүлэх болсон нь нууц биш. Гэтэл хэвийн байгууллагад ажилладаг өчнөөн хүн бага цалинтай ч амьдралаа залгуулсаар ажлаа хийж явна. Ер нь төрийн байгууллагын ажилчид хэт даврагчид гээд хэлчихэж хатуудахгүй биз. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед хэн ч цалингаа нэмүүлэхийг бодолгүй л яахав ээ. Гэхдээ хэмжээ хязгаар гэж байгаа ёстой юм болов уу даа. 

-Эхнэрээ тарчлааж, амиа хорлоход хүргэсэн Цагдаагийн хошуучийн ялыг хэвээр үлдээлээ-

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар А.Отгонбаярт холбогдох хэргийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчид болон ялтны өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу хянан хэлэлцлээ.

А.Отгонбаяр нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 2 цагийн орчимд эхнэр Т-тэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан муудалцаж, улмаар үснээс нь зулгааж, алгадан харгис хэрцгий харьцсаны улмаас Т зүүн тохойн тус газраа хутгаар өөрийгөө зүсэж, амиа хорлоход хүргэсэн, 2006 оноос 2014 он хүртэл хохирогч Т-г удаа дараа байнга зодож тарчлаасан гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

Дүүргийн анхан шатны 2 дугаар шүүх дээрх хэргийг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд А.Отгонбаярыг бусдыг амиа хорлоход хүргэх, тарчлаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх уг хэргийг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд А.Отгонбаярт оногдуулсан ялыг хөнгөрүүлж биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоосон байсан юм.

Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан “давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй байна” гэсэн гомдлыг үндэслэлтэй хэмээн үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А.Отгонбаярт оногдуулсан 4 жил хорих ялыг хэвээр үлдээлээ.

-Оюутолгойн ашгийн тооцоолол-

Ерөнхий сайд Арабын нэгдсэн улсын хот Дубай хотноо албан ёсны айлчлалын хүрээндээ Монголын эдийн засгийг сэргээх нэгэн томоохон үйл ажиллагаанд оролцсон нь "Оюутолгойн далд уурхай"-г эрчимжүүлэх төсөлд гарын үсэг зурсан.

Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид "Хоёр талд санал зөрөлдөөнтэй байсан татвар, санхүүжилтийг ойлгомжтой болгож, далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх таатай нөхцлийг бүрдүүллээ" гэсэн юм. Түүнээс “Ил тод уул уурхай”хэвлэлийн хурлын  үеэр  дараах асуултанд хариулт авлаа.

-Оюутолгой төслийн ТЭЗҮ-г дахин шинэчлэх асуудал яригдаж байгаа. ТЭЗҮ-гээ шинэчлэх нь зөв юм уу, үүнийг дагаж Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал өссөн? 

-Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг 2010 онд Эрдэс баялгийн зөвлөлөөс баталсан байдаг. Дахин шинэчлэх болж байгаа нь илүү бодит нөхцөл байдалтай нь уялдуулахын тулд хийж байгаа алхам гэж харж байна. ТЭЗҮ гэдэг хөдөлшгүй тогтмол байгаад байдаг зүйл биш. Нөхцөл байдалтай уялдуулаад сайжруулж өөрчлөх  л ёстой. Бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар цаашдаа Монголын тал “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, тогтмолжуулах, Удирдлагынх нь аудитын хороог Монголын тал удирдах зэрэг тодорхой заалтууд ороод явсан юм билээ. Цаашдаа зардлын хэтрэлт хяналтан дор ил тод байна. Төслийн тухайд Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай тохироод гарын зүсэг зураад баталгаажуулчихсан төсөл. Хэрвээ бид төслийг гацаагаад байх юм бол эдийн засаг талдаа сөрөг нөлөө үзүүлж байгаа. Ирээдүйгээ хараад асуудлыг шийдээд цаашид хамтран ажиллах нь зүйтэй юм аа гэсэн байр суурьтай байна.

-Монгол Улс Оюутолгой төслөөс хэзээнээс ашиг хүртэх үү. Ашиг хүртэх хугацаа хойшиллоо гэж яригдах болсон?

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилнэ. Энэ төсөлд Монгол 34 хувь эзэмшдэг, 34 хувиа ногдох ноогдол ашгаар төлнө. Түүний дараа ашиг хүртэх юм.

Үүнээс харахад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх нь. Далд уурхайг ашиглалтад оруулахад долоон жил шаардана. Түүгээр дамжиж орж ирэх хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ 20 тэрбум ам.доллараар яригдаж байгаа билээ.

Хөрөнгө оруулалтын зардал

  • Эхний нэг дэх жилд 400 сая ам.доллар
  • Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Гурав дахь жилд 1.1 тэрбум ам.доллар
  • Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
  • Тав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Зургаа дахь жилд 1 тэрбум ам.доллар
  • Долоо дахь жилд 0.6 тэрбум ам.доллар

Нийт дүнгэрээ 6.8 тэрбум ам.долларын зардал гарах нь ээ.

Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал

  • Нэг дэх жилд 300 сая ам.доллар
  • Хоёр дахь жилд 1.1 тэрбум ам.доллар
  • Гурав дахь жилд 1 тэрбум ам.доллар
  • Дөрөв дэх жилд 1.1 тэрбум ам.долллар
  • Тав дахь жилд 0.7 тэрбум ам. доллар
  • Зургаа дахь жилд 0.5 тэрбум ам.доллар
  • Долоо дахь жилд 0.1 тэрбум ам.доллар

Нийт дүнгээрээ 4.7 тэрбум ам.доллар болох юм.

Монгол Улсад шууд зарцуулах хөрөнгө оруулалтын тухайд

  • Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар
  • Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
  • Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар
  • Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар
  • Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар

Нийт дүнгээрээ 9 тэрбум ам.доллар юм.

-Монгол дуучид ОУ-ын “Байкаль” тэмцээний эхний гурван байрт шалгарлаа-

Дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн  тэмцээн  энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний  тэргүүн байруудад  Монголын дуучид   шалгарчээ.  Тодруулбал  МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин  О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучин   Д.Батжаргал  гуравдугаар байрт орсон байна.  
Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын  дуучин  С.Батчимэг  гуравдугаар байрт шалгарсан байна. Дуучин С.Батчимэг СУИС-ийг  Монгол Улсын гавьяат багш Б.Дашимагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм. Тэрбээр Монголын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа уран бүтээлч.  Тухайлбал, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байрт тус тус шалгарч байсан юм. 

-Хамгийн их бохирдсон Туул голоо аварцгаая-

Нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг хангаж байгаа Туул гол бохирдолоороо дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт ордог бөгөөд энэхүү судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна.  

Туул голоо бохирдуулахад хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлийг дарааллаар нь жагсаавал:

1.      Туул голд цутгадаг олон жижиг гол, горхийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн. Тухайлбал Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт голууд ширгэсэн.

2.      1950,60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг огтолсон нь ийнхүү Туул голын урсгал татрахад нөлөөлсөн байна.  

3.      Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж цэвэршүүлсэн бохир усыг Туул голд цутгадаг.

4.      Үүнээс гадна Заамар дахь алт олборлолт голын усыг бүр ч ихээр бохирдуулсаар байна.  Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн, Туул голд хоног тутам цутгаж буй 170 000-190 000 шоо метр бохир ус юм. 1970-аад оны сүүл үед баригдсан цэвэрлэх байгууламж өнөөдөр технологийн хувьд хоцрогдож, үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй байна. 

5.      Үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээ

6.      Нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж буй гэж үздэг.

7.      Арьс ширний үйлдвэрүүд бохироо  шууд  Туул гол руу асгадаг гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй, Номин голын уулзвараас /Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг/ эхлэн Орхон голд цутгах хүртлээ /Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг/ 717 км замыг туулдаг. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг байна.

Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Улаанбаатар орчимд Туул голын дагууд 13 цэгээс сар бүр тогтмол усны сорьц авч чанарын хяналт тавьдаг ч лабораторийн хүчин чадал, техник тоног төхөөрөмж дутагдалтайгаас шалтгаалан одоогийн байдлаар Туул голын усанд нянгийн болон хүнд металлын шинжилгээ хийгдэхгүй байгаа аж. Туул голын усны бохирдлын олон жилийн нөлөөллөөс шалтгаалан голын ёроолын хурдас, хагшаас бохирдсон боловч голын ёроолын хагшаасны бохирдлын судлагаа шинжилгээ хийх лабораторийн нөхцөл боломж мөн дутмаг байгаа гэлээ.

Улаанбаатар хотод 2014 оны байдлаар арьс шир боловсруулах 27, ноос, ноолуур боловсруулах 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд орсон элс хайрга олборлодог 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт санал хүргүүлж, элс хайрга олборлодог 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Гэвч бүтээн байгуулалтын ажил зогсох, барилгын түүхий эдийн хомсдолд орж барилгын үнэ нэмэгдэх зэрэг бэрхшээлтэй тулгарч байгаа юм. Иймд цаашид Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих, Туул гол дээр усан цогцолбор байгуулах, Туул голын хамгаалалтын бүсэд нэмж газар олгохгүй байх, нэгэнт бий болсон суурьшлын бүсэд үерийн хамгаалалтын асуудлыг цогцоор шийдэх, газар болон усны нөөц ашиглалтанд онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдүүлэх, Туул голын татам, хамгаалалтын бүсэд элс хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах зэрэг шийдвэрлэх асуудлууд байгаа юм.

Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран монголын нийт хүн амын талаас дээш хувь  Туул голоос ундаалж байна. Бүхэл бүтэн улс үндэстний талыг тэжээж тэтгэж байдаг ийм гол дэлхийд гарын таван хуруунд багтах нь тодорхой. Туул гол бохирдолоороо дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт орж байна гэдэг нь  Монгол улсын хувьд эмгэнэл юм.  Үүнд төр гэлтгүй түмэн олноороо анхаарах цаг ирээд байна. Ядаж л машинаа угаахгүй, ойр орчимд нь хог хаяхгүй, байгал эхээ хайрлах сэтгэхүйг өөрсөддөө, үр хүүхэддээ суулгаад өгөхөд л болчих асуудал...