Шийдлийн Засгийн газрын тэргүүн хэмнэлт хийж эдийн засгаа аварья хэмээн уриалга гаргасныг хэн хүнгүй мэдэж байгаа билээ. Тэгвэл бодитоор хэмнэж байна уу гэдгийг дүгнэх арай эрт байгаа хэдий ч хэлэх зүйл байна.

Юу гэхээр, өнөө жилийн баяр наадмын төсөв ихээхэн хуйдаатай батлагджээ гэхэд болно. Эрт дээр үеэс эрийн гурван наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн улс ч гэлээ данхайсан их мөнгөөр зодсон баяр тэмдэглэж байгаагүй.

Энэ жилийн наадмын үйл ажиллагаа тав хоног үргэлжлэх тул зардал өмнөх оныхоос өсч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.9 тэрбум, нийслэлийн нөөц хөрөнгөөс 500 сая, наадмын үйл ажиллагааны орлогоос 370-аад сая төгрөг зарцуулахаар тооцжээ.

Тавхан хоногийн наадмын төсөв гэхэд арай л ихэдсэн биш гэж үү Ерөнхий сайд аа! Манай улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа. Эдийн засгийг залуурддаг "доллар" суларч байгаа хэдий ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буурахгүй тэр тусмаа махны үнэ нэмэгдэж байгааг статистикийн мэдээнээс харж болно. Гэтэл 2 тэрбум 747 сая төгрөгөөр ТАВХАН хоног баярлахын тулд зарцуулах нь арай л сонсогдож байна.

  • Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянган төгрөг
  • Хурдан морины уралдаанд 227 сая 360 сая төгрөг
  • Сур харваанд 83 сая 777 мянган төгрөг
  • Шагайн харваанд 28 сая 190 мянган төгрөг
  • Урлаг соёлын арга хэмжээнд 812 сая төгрөг
  • Аварга адуучин шалгаруулахад 104 сая 455 мянган төгрөг
  • Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг
  • Хэв журам хамгаалахад 267 сая 42 мянган төгрөг
  • Тохижилт засвар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг
  • Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэхэд 32 сая төгрөг
  • Бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг
  • Хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Олон нийтийг хамарсан арга хэмжээ биш байтал урлаг, соёлын арга хэмжээнд 812 сая төгрөг зарцуулж байгаа нь олны гайхширалыг төрүүлэв. Яаж ч бодсон байшинд болох үйл ажиллагаанд ийм өндөр үнээр зохион байгуулаад дээрээс нь жирийн нэгэн иргэд үзэж чадах эсэх нь тун эргэлзээтэй зүйлд хамгийн их мөнгө зарцуулж, салхинд хийсгэх гэж байгаа нь таалагдахгүй байна шүү. Түүнчлэн эрийн гурван наадмыг хурдан морьгүйгээр төсөөлөхийн арга ч үгүй гэлээ хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр байдаг. Энэхүү уралдаанд мөнгө зарах нь зүйн ёсны хэрэг ч гэлээ унаач хүүхдүүдийн амь насыг хамгаалахад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ? гэдгийг бас асуумаар байна. Хурдан морины уралдаанд 227 сая 360 сая төгрөг төсөвлөжээ. Унаач хүүхдийн амь насыг хэн хариуцах уу!!! 

Хурдан морь унаач хүүхдүүд мориноосоо унаж, бэртэж гэмтэх асуудал гарахгүй байдаггүй. Муу ёрлож байгаа зүйл биш. Энэ бол бодит байдал. Цаашлаад тэд хөгжлийн бэрхшээлтэй болж, амиа алдах тохиолдол бишгүйтэй гардаг. Гэтэл энэ асуудалд ганц ч зоос төсөвлөөгүй хэрнээ дуу хууранд хэдэн саяар нь мөнгө цацаж байгаад миний бие эмгэнэж байна. 

Магадгүй та гадаадын жуулчдыг хүрэлцэн ирж манай улсын урлаг, соёлыг ямар төвшинд байгааг харахыг хүссэн эрмэлзлэл бий гэдэгт итгэн нүүрээ улалзуулахгүй нь тулд ийм их мөнгө төсөвлөсөн байж мэдэх. Хурдан морийг тэд мөн л үзнэ, сонирхоно. Гэтэл тэдний нүдэн дээр унаач хүүхэд мориноосоо унаж бэртэн, амиа алдахад санаа зовохгүй байна гэж үү. Эл асуудал гадныханд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалдаг улс болохыг бэлээхэн хэлээд өгнө. 

 

Х.Даваа