Цэрэн маань аахилаад л ойрдоо их бухимдуу байх шиг, байн байн Мүүн гээл, тэрнээс болж үзэж тарж байгаа юм байх. Би ямар тийм юм сонирхдог биш, тэгээд асуудал нэлээн хурцдаад ирэхээр нь их л "амттай" юм байхнээ хэмээн бодоод баахан юм ухаж үзлээ, уншлаа.

Хойд солонгост төрсөн, буддизм бөөгийн удамтай бүлд өсөж бойжсон, коммунист хүмүүжлээр өссөн, бас тэдэндээ тусалж байсан, 26 настайдаа 3 сар шоронд хоригдсон тэрэндээ хорсож тун удалгүй айхтар анти-коммунист болсон. Удаа дараа эхнэр сольсон (5) , өөрийг нь бурханч хүн байна гэж нэг америк нөхөр хэлснээс хойш түүндээ итгэн шинэ шашны урсгал үүсгэн "Эв нэгдлийн хийд" гэгч нэртэй байгууллагыг үндэслэн юм гэж ойлголоо. Өөрийгөө шинэ Исүс хэмээн зарлаж хуучин Исүс нь ирэхээсээ өнгөрсөөн гэсэн юм байх. 28 настайдаа "олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан" хэргээр нутагтаа 5 жилийн ял сонсож хоригдсон бөгөөд 2 жил гарангийн дараа Солонгосын дайн эхлэх үеэр америк авгын "ач тусаар" суллагджээ. 1955 онд Өмнөд Солонгост ирснийхээ дараахан хуулиар хориотой байхад хоёр эхнэр авсан, хүчин хийсэн, садар самуунд уруу татсан, олон нийтийг өөрсдийнх нь ашиг сонирхлын эсрэгт ухуулсан зэрэг зүйл ангиар буруутгагдан шалгагдаж 3 сар хоригдож байжээ.

Мөн оны сүүлчээр хуурамч бичиг баримт үйлдсэн, цэргийн албанаас зугтсан үндэслэлээр шалгагдан хоригдож, байцаагдсан хугацааг нь ял эдэлсэнд тооцон сулласан байна. АНУ-д амьдарч байхдаа 1982 онд татвар нуун дарагдуулсан, хуурамч баримт ашигласан хэргээр 1 жил 6 сар хоригдох ял авч Дэнбэрийн шоронд суужээ. Үзэл бодол нь залууст буруу нөлөө өгөх аюултайд тооцогдон Герман, Их Британи болон Шенгэний 14 улсад хөл тавих хориотой байсан байна. Мөн түүнчлэн АНУ, Япон зэрэг орнууд хэсэг хугацаанд нэвтрэхийг хориглож байжээ. Шашны ивээл хайрлах нэрийн доор "хурим бөөнддөг" бизнесээр их хөрөнгөжсөн юм байна. Нэрийг нь сонсоход л уярч нулимс бөмбөрмөөр толгой эргэм тоотой олон эвсэл, холбоод, хөдөлгөөн, нэгдэлүүдийг үүсгэн байгуулж санхүүжүүлдэг байж. НҮБ үндсэн ажлаа хийж чадахгүй байна хэмээн шүүмжилж "Даян дэлхийн энх тайвны холбоо"-г байгуулж томорчээ. Хойд Солонгосоос төрсөн анти-коммунист учраас Америкчууд "зөөлөн гар"-аар тосож замыг нь гэрэлтүүлж өгжээ. Дээдсүүдийг үе үе элдэв арга хэмжээнд урьж кокоддог аргандаа нэвт мэргэжсэн хүн юм. Тийм болохоор Ким-Ир Сен, Буш, Клинтоноос авхуулаад олон арван нэр цуутай томчуудтай уулзалдсан байдаг юм байна, манай Элбэгээ хүртэл хүүгийнх нь зохион байгуулсан нэгэн арга хэмжээнд очиж байжээ. Муугийн хажуугаар сайн гэвэл Ойрхи Дорнод болон Африкийн хэд хэдэн оронд хандив өргөж, төрсөн хот Чонджуд өлсгөлөнгийн үеэр 300 тн гурил "чулуудаж" байж.

Дэлхийд толгой цохидог тэрбумтангуудын нэг. Америкийн нэртэй 4 сонины эзэн, нэлээд хэдэн сургуулийг үүсгэн байгуулагч. Африкт зохион байгуулсан шашныхаа үйл сурталчлах арга хэмжээний үеэр нийт 220 хар арьстан ламбугайд үнэт чулуу шигтгэсэн швейцарийн Christian Bernard фирмийн алтан цагийг дурсгаж байжээ. /Оронд нь хэр зэрэг алмааз авах үүд нээлгэсэн бол? миний хардлага /.Өөрөө энэ цагны үйлдвэрийн эзэмшигч гэж тэмдэглэгджээ. Ийм хэмжээлшгүй баян хүний тоосонд манай хэдэн "тарихны тураалтай ядуус" хуйлран хийсэж байгаад огт гайхахгүй байна. Энэ шинэ шашных нь гол зан үйл нь "цусаа ариутгах", 21 төрлийн бодисны найрлагатай улаан вино хүртэж адис авах юм байх, бас Мүүн ба түүний эхнэрийг ээж ааваа гэж бодох ёстой гэнээ, тэгснээр тэдний заасан хэн нэгэн эсрэг хүйстнээ нөхөр, эхнэрээр авч сууна гэсэн этгээд зан үйлтэй юм байна. Одоо л ойлголоо Цэрэнг. Зөв л юмны төлөө дуугарчээ.

Мань шиг шашин шүтдэггүй хүнд бол тэр Мүүн нь өөрөө ирээд биеийг чинь алмаазаар хучъя тэгээд намайг дага гэвэл: ганц хайрцаг боро, нэг шил кола авхуулж холгочихоод САЙХАН ТАНИЛЦЛАА, ОДОО АРИЛЖ ҮЗ ХАМАА л гэж хэлэх юм байна, яадийн би танхай гар, зэрлэг МОНГОЛ. Даанч нөгөө "бурхан" гуай надаас түрүүлээд чадарчихаж. Ум маани бадми хум.

#Өгөөмөр