Тавантолгойн төслийг Засгийн газар буцаан татаж байгаа тухай албан эх сурвалжийн мэдээлэл байна. Учир нь “Шийдлийн” Засгийн газар байгуулагдсан даруй МҮАН-ын дарга М.Энхсайханаар Тавантолгойн төслийг удирдуулж, гацаанаас гаргах үүрэг өгсөн. Гэтэл энэ асуудал нь хэрүүл төдий байсаар өнөөдөртэй золгосон гэдгийг уншигч та сайн мэдэж буй. Харин дээрх хуралдаанаар Тавантолгойн төслийг М.Энхсайханы савраас авч, С.Баярцогтын саварт хийсэн нь хэн бүхний сонирхлыг татаад зогсохгүй олны дургүйцлийг хүргээд  буй. 
     Учир нь энэ Засгийн газар болон зарим нэг түшээдийн хувьд Тавантолгойд ашиг сонирхлоо байршуулж байгааг энэ удаан хугацааны хэрүүл төвөггүйхэн харуулж байна. Тиймдээ ч засгийн хатавч бараадаж ирсэн М.Энхсайханаар бус ашиг сонирхол хэтэвч нэгтэй С.Баярцогтоор энэ төслийг удирдуулах болсон нь тааж ядах юмгүй. 
     С.Баярцогтын хувьд хэтэвч нэгтэй нөхдийнхөө үүргийн дагуу ажиллана гэдгийг хэнээр ч хэлүүлэх юун. Нөгөө талаар С.Баярцогт нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхэд гол үүрэг гүйцэтгэсэн туршлагтай луйварчин мөн. Тэгэхээр С.Баярцогт энэ л замаар хүний толгой эргэм баахан тоо ярьж, хувьсагч энэ тэр үүсгээд л улстөр бизнес бүлэглэлийн гарт мөнгө төвлөрүүлнэ гэсэн хардлага нэгэнтээ нийгэмд хүчээ авлаа. 
     Ёстой л нөгөө Тавантолгойн төсөл “Чонын амнаас гараад барын аманд” гэгч боллоо. УИХ-ын дарга З.Энхболдоос эхлээд олон хүн М.Энхсайханыг эсэргүүцэж байсан нь ердөө л хувийн эрх ашиг. Түүнээс бус эх орон ард түмэнд ашигтай байх эсэх нь хэнд ч хамаагүй.  
     Албан мэдээлэл сөхвөл УИХ-аас  байгуулагдсан ажлын хэсэг 60 хоногийн хугацаанд Тавантолгойг гэрээтэй танилцсаны эцэст Засгийн газар ийнхүү анхны төслийг буцааж авахаар шийдсэн байна. Ингээд Ажлын хэсгээс Засгийн газарт хүргүүлсэн дүгнэлтийн дагуу бүх асуудлыг цэгцэлж, зүүг чиглэлийн 1300 километр шинэ төмөр замыг барих, Гашуунхайт чиглэлийн 267 километр төмөр замын 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК- ийн мэдэлд өгөх гэсэн заалтуудыг гэрээний төсөлд суулгах  даалгавар өгсөн аж.


А.Гал