Авлига ба том намуудын нэр хүндийн уналт
-Намуудын гажуудал ба шинэчлэлийн давалгаа- 

Цуврал-2 

НҮБ-аас авлигын эсрэг конвенцийг 2005 онд батлан гаргажээ. Энэ нь авлигатай тэмцэх олон улсын баримт бичиг. Энэхүү Конвенцид одоогоор дэлхийн 148 улс нэгдээд байна. Манайх 2006 оны 1 дүгээр сарын 11-нд конвенцийг УИХ-аараа соёрхон баталсан анхдагч улсын нэг. Аливаа үйл хэргийн анхдагч байх сайхан. Авлигын эсрэг ийнхүү нэгдэж орсон улсын хувьд хэрэгжилтийг нь хангах үүрэг хүлээх нь зүйн хэрэг. Үүргээ чанартай биелүүлбэл бүүрч сайхаан. 

Монголчууд түүхэндээ авлигыг албан ёсоор зөвшөөрч, хаант төрийн эрхийн ийм гэмт явдалтай тэмцэх хүсэлгүй явсан үе ч бий. Ялангуяа Манжийн эрхшээлд байхдаа ноёд түшмэд нь өмнө зүгээс отго жинс, цол хэргэмээс өгсүүлээд зүсэн бүрийн авлига хээл хахуульд жинхэнэ умбаж байлаа. Энэ нь хожмоо төрийн “ноёд”-ын уламжлалт зан үйл шахуу болж хэлбэршсэнд гайхах юмгүй. Соц нийгмийн үед харин нэлээд далд хэлбэрт шилжсэн. Харин одоо өнөөх ноёдын “уламжлал” нь ил цагаандаа гарч, өөрт ашигтай бол юугаа ч тавиад туухад бэлэн болоод байна. 

Авлигын илрэх хэлбэр олон янз. Дэлхийд хамгийн түгээмэл тархсан хэлбэрүүд нь 20 орчим төрөл зүйл байна. Эх орноос урвах, хил дамнасан хориотой наймаа, мөнгө угаалт, дээрэм тонуул, хууль бусаар хөрөнгөжих, эрх мэдлээ урвуулан ашиглах, айлган сүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулах, бусдын хөдөлмөрийг мөлжих, сонгуулийн булхай хийх, нууц мэдээллийг зүй бусаар ашиглах, татвараас зайлсхийх, бусдад нөлөөлөх оролдлого гаргах, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдтэй холбоо тогтоох, бусдыг хаацайлах, зүй зохисгүй мөнгөн төлбөр хийх, төрийн албан тушаал, өмч хөрөнгийг худалдах зэрэг ажээ. 

Сүүлийн жилүүдэд манайд улс төр, хууль хяналтын хүрээний, дээд түвшиний авлига тууштай буураагүй нь судалгаагаар бэлхнээ харагдаж байна. Үндэсний аюулгүй байдлыг ч ганхуулж мэдэхээр болжээ. “Авлига Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” судалгаанд оролцогчдын 44.8 хувь нь “Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн” гэсэн бол 47.6 хувь нь “Үндэсний аюулгүй байдалд зарим талаар нөлөөлж байгаа” гэсэн байна. Мөн одоогийн төр засгийн институтын авлигатай тэмцэх үйл ажиллагаг 44.8 хувь нь “муу” гэж үнэлжээ. Эндээс УИХ-ыг 44.2 хувь нь “муу” гэсэн бол 54 хувь нь Засгийн газрыг авлигын эсрэг “муу ажиллаж байна” гэж дүгнэв. 

Өндөр түвшний авлигад төр засгийн томоохон албан тушаалтан, бизнес улс төрийн бүлэглэлийг хамааруулдаг бөгөөд авлигын хэмжээ нь маш том, хэдэн арван тэрбум доллараар яригдана. Гадаад, дотоодын том бизнесийн оролцоотой авлигын талаар төр, засгийн томчууд үнэндээ ам нээдэггүй. Яагаад гэвэл тэд авлигын сүлжээнд холбогдох нь цөөнгүй, бас өөрсдөө ямар нэгэн байдлаар авлигыг өөгшүүлдэг нь нууц биш юм. 

Н.Алтанхуягийн Засгийн газар сайн, муу ажилласан гэх маргаан тасрахгүй байна. Гэхдээ авлигын өнцгөөс харвал муу ажилласан нь илт байгаа юм. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг прокурорт хянагдаж байна. Нийгэмд цацагдаж буй Л.Гансүхтэй холбоотой хэргийн зах сэжүүрээс анзаарсан хэн ч түүнийг өмөөрөх аргагүй ажээ. Албан тушаалаа урвуулсан нь тов тодорхой болж байна. Түүнчлэн зарим эх сурвалжууд түүнийг МИАТ-ын онгоцны арилжааг санаачилж, ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, солонгосчуудтай монголчуудын талд ашиггүй гэрээ хийлгэсэн гэх хардлага ч байдаг аж. Тэр бүү хэл МИАТ-д газрын даргаар ажиллаж байгаад энэ асуудлаас болж ажлаас хусагдсан С.Билэгсайхан “МИАТ-д ажиллаж байх үед намайг хэсэг хүмүүс хордуулсан. Би 87 тэрбумын зөрчил илрүүлснийхээ төлөө эцэст нь хорлогдоход хүрчээ” хэмээн мэдэгдэв. Ухаандаа, түүнд хэн нэгэн этгээд удаан үйлчилгээтэй хор өгсөн бололтой. Азаар харин тэр Солонгос руу явж уушигны талын эмчилгээ хийлгэх үедээ мэдэж яаралтай арга хэмжээ авсан тухай зарим эх сурвалжууд хэлж байна. 

Л.Гансүхээс гадна Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг олны анхаарлын төвд байсаар байгаа. Ер нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа өөрийгөө тойруулж баахан хамаатан садан, ойр дотныхоо хүмүүсийг албан тушаалын “найрт” урьж залаагүй бол хаанаас тэд хэрэгт холбогдох билээ гэсэн харуусал төрнө. 90-ээд оны эхээр Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд болмогцоо нутгийн хэдэн буриадуудаар өөрийгөө тойруулж болох л байсан. Гэвч энэ цөлх буриад докторт тийм бодол санаа огтхон ч байгаагүй юм билээ. Тэр зөвхөн шударга, чадвартай багийг л хүсч ажилласан гэдэг. Энэ мэт нь бидний тун ойрын харьцуулсан жишээ л дээ. Харин жаахан холдож, Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Ю рүү өнгийж болох юм. Ли Куан Ю нь авлигын эсрэг хороог анх санаачлан байгуулж, жинхэнэ шударгаар үзэлцсэн байна лээ. Хамгийн ойр дотнын найз сайд нь ийм хэрэгт ороод ичсэндээ түүнд хандсан хувийн захидалдаа “Би ард түмнийхээ өмнө, чиний өмнө хүлээсэн үүргээ умартсандаа гэмшиж байна” гээд удалгүй өөрийгөө егүүтгэсэн байв. Шударга чанарыг эрхэмлэх иймэрхүү бодит жишээ дэлхийгээр дүүрэн бий. Япончуудын бахархал болсон нэгэн шүүгчид тохиолдсон эмгэнэлт явдлыг энд бас дурсахад илүүдэхгүй болов уу. Тэр шүүгч өлсгөлөнд нэрвэгдсэн жилүүдэд нутгийн өвгөний “Чи насаараа шүүгч хийчихээд нөөцөлсөн хөрөнгөгүй суух ч гэж дээ. Бусад шүүгч нарынхаа яаж хөлжсөнийг харж байгаа биз” гэхэд “Ард түмэн минь өлсгөлөнгөөр үхэж байхад би амиа бодоод авлига авч суух хэрэг үү” хэмээн өөдөөс нь зэмлэж байжээ. 

Өндөр түвшний авлигын хүрээнд өнөөдөр шүүгч, прокурор, мөрдөн байцаагчид, улс төрчид, газрын албаныхан тэргүүн эгнээнд жагсаж байна. Улс төрчдийн хувьд сонгуулиар том мөнгө амладаг, сонгуулийн дүнг бутлиантуулдаг, намын удирдлагууддаа хандив нэрээр их хэмжээний мөнгө өгдөг. Улс төрийн намын тухай хуулиа тэд хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намдаа нэг тэрбум төгрөг хандивласнаа нийтэд ил зарлаж байлаа. Хуулиар бол ийм их мөнгө хандивлах ёсгүй. Ер нь тэр жил Гаалийн Баатарын хэрэг илчлэгдэх үед улс төрийн намууд авлига, луйврын үүр уурхай болсоныг хүмүүс хүлээн зөвшөөрч, үүний эсрэг үгээ хэлцгээх болсон юм. Харамсалтай нь намуудын тухай хуулиа шинэчлээгүй, улс төрийн авлигыг таслан зогсоох талаар ч дорвитой алхам хийлгүй өдий хүрчээ. 
Монголын далд эдийн засгийн гол цөм, мөнгөний эргэлт нь сонгуулиар илэрдэг. УИХ-ын гишүүний суудлыг 500 саяас нэг тэрбум төгрөгөөр худалдан авах нь энгийн үзэгдэл. Сонгогчдын санал худалдан авах нь улам олон төрөл хэлбэртэй болж буй. Улс төрийн авлигын гол зохион байгуулагч нь намууд. Ялангуяа МАН, АН хоёр энэ төрлийн авлигаар уралдаж байна. 2012 оны сонгуульд нам, эвслүүд 36 тэрбумыг цацсан нь 2008 оныхоос дөрөв дахин их болжээ. Намын санхүүжилтын тайлангаа хуулиар жил бүр олон нийтэд мэдээлэх, аудит хийлгэх үүрэгтэй боловч үүнийгээ хэрэгжүүлдэггүй. Ингэж санхүүгээ нуудаг намыг ардчилсан үзэл баримтлалтай намд тооцдоогүй л дээ. Энэ бол дэлхий нийтийн жишиг, зарчим. 

Сүүлийн үед намаа шинэчлэх хөдөлгөөн олноор бий болж буй нь энэ бүх авлигын нөхцөлтэй холбоотой. Саяхан байгуулагдсан АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхний намынхаа удирдлагад хүргүүлсэн 12 төрлийн шаардлагад “Бүх шатны намын болон төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвшүүлэхэд мөнгөн босго тавихыг дүрмээр хориглох”, “Ардчилсан намын даргыг шударга өрсөлдөөний зарчмаар, намын бүх гишүүдийн саналаар сонгох” гэсэн байна. Аль аль нь авууштай санаа. Хэрвээ намын гишүүнчлэлийг хуулийн шинэ төсөлд тусгаснаас өөрөөр буюу хуучнаар нь хэвээр үлдээвэл намын даргаа бүх гишүүдээр нь сонгуулж ажиллуулж болох юм. Энэ нь дотоод ардчиллын бас нэг шалгуур байж болно. Тэгвэл 90 оны Ардчилсан хувьсгалын анхлагчдын сонордуулах бичигт “Өнөөдрийн улс төрийн бодит хүчин болох намуудад эрс шинэчлэл хийхгүй бол Монгол түмний итгэл, сэтгэл, тэвчээрт хязгаар бий” хэмээн сануулжээ. Энэ нь эрх барьж буй хоёр том нам буюу АН, МАН хоёрт хатуу анхааруулсан хэрэг юм.