НААДМЫН ҮЕЭР АЖИЛЛАХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУВААРЬ

Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 598 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 85, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 723 автобус үйлчилгээнд ажиллана.

Долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчиддаа зориулж Мишээл экспо төв рүү нийт 10 чиглэлийн 82 автобус, Дүнжингарав төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.

Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

Мөн долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал", “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон"-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үнэгүй үйлчлэх аж. 

Хүй долоон худаг руу рейлбус 500 төгрөгөөр, автобус 1000 төгрөгөөр үйлчлэх юм байна.

Мөн тээврийн хэрэгсэл 3 өнгийн зөвшөөрөлэй байх аж. Ногоон өнгийн зөвшөөрөлтэй нь үнэгүй үйлчилнэ, улаан нь 500 төгрөг, шар нь 1000 төгрөгөөр үйлчлэх юм байна. 

Дашрамд дурдахад, угсраа автобус наадмаар үйлчлэхээр төлөвлөсөн байсан боловч Энхтайваны өргөн  чөлөөний шугам засварын ажлаас болоод хойшилсон байна. Тиймээс угсраа автобус наймдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилж эхлэх аж.