УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн  дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүнд өнөөдөр ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүйг  С.Бямбацогт : Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газраас өргөн бариагүй байгаа зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг тусгасан. Үүнийг хууль бус гэж үзэн ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй" гэж тайлбарлав. 
 
Мөн С.Бямбацогт:  "УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахын өмнө  УИХ дахь МАН-ын бүлэгт АН-аас гэрээгээ цуцалж байгаа мэдэгдлийг ирүүлсэн. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын дарга Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байна.
 
Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, өргөн баригдаагүй байгаа төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусган хууль зөрчсөн үйлдэл боллоо. Төрийн дээр нам гарчихжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргахдаа УИХ дахь АН-ын бүлэгт үүрэг өгч байна гэж хэлсэн. Манай намын Удирдах зөвлөл хуралдаад шийдвэр гаргахдаа УИХ дахь бүлэгтээ чиглэл өгдөг. Түүнчлэн Ерөнхий сайд АН-ынхаа ҮЗХ-г хуралдуулж, Намын дарга Ерөнхий сайд байх эсэх асуудлыг шийдүүлэх шаардлага хүргүүлэхдээ Засгийн газрын бланк дээр гарын үсэг зурж явуулсан нь хууль зөрчсөн асуудал. Ийм байдлаар нам, төр нь холилдож байна. Үүнийг цаашдаа ярих хэрэгтэй гэж бодож байна.
 
Өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан Галт зэвгийн тухай зэрэг хуулийн төсөл хэлэлцэх ёстой нэн шаардлагатай асуудал мөн үү. Гэтэл өнөөдөр ихэнх нутгаар гантай,  ургацынхаа 50 хувийг алдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хадлан тэжээлээ бэлтгэх  тулгамдсан асуудал байна. Эдийн засаг улам хямарч байна. Гэтэл 6 сайдыг огцруулахын тулд  нэн шаардлагагүй хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр халхавч хийж байгаа нь хэр оновчтой вэ.
 
Эрүүгийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хууль зөрчиж хийгдсэн. Хуулзүйн байнгын хороо 19 гишүүнтэйгээс 9 гишүүн оролцсон. Ж.Батзандан, О.Баасанхүү гишүүн нар ирцэнд орсон боловч дээрх асуудалд оролцохгүй гэж картаа сугалсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх шаардлагыг УИХ дахь нам эвслүүдтэй ярилцана" хэмээсэн юм.
 
 
Э.Мягмар 
http://www.sonin.mn