Ээлжит чуулганы нээлтийг хийсэн даруйдаа хуралдсан АН-ын бүлэг Ерөнхий сайд болон Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдэгт байр сууриа нэгтгэсэн байна.

Ингэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дараагийн зургаан сайдыг УИХ-аас томилохыг үүрэг болгосон аж. Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх тогтоолын төслөө УИХ-ын даргад хүргүүлсэн ч хуульд заасан зарим шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буцаагаад байсан юм. Улмаар Ерөнхий сайд танхимынхаа зарим сайдыг чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгч зөвшилцөхөөр хүргүүлээд буй. Өмнө нь МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсантай холбоотойгоор дараагийн зургаан сайдын нэр саарал ордноор хөвөрч эхлээд байв. Тухайлбал, Засгийн газарт үргэлжлүүлэн хамтрахаар болж байгаа “Шударга ёс” эвслийн квотоор Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Арвин, Г.Баярсайхан, ИЗНН-ын Ц.Ганхуяг нарыг Засгийн газрын гишүүн болно гэсэн таамаг гарч байсан удаатай.

Мөн МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргасан тохиолдолд өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн Монгол Улсын сайд М.Энхсайханы оронд УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг томилох тухай ярьж байв. Гэвч Ерөнхий сайдын оруулж ирэх дараагийн зургаан сайдад Э.Батшугар, Ц.Шаравдорж, А.Гансүх, Ц.Ганхуяг нар багтахгүй бололтой. Харин “Шударга ёс” эвсэлд ногдож буй хоёр сайдын суудлыг эс тооцвол эрх баригч АН-ын тэр дундаа олон жижиг фракцад харьяалалтай УИХ-ын гишүүдийн дунд сайд болох “марафон” өрнөх нь. Гэхдээ “давхар дээл”-ийн эсрэг байр суурьтай Ерөнхийлөгч Засгийн газрын дараагийн гишүүдийг парламентаас томилох АН-ын бүлгийн шийдвэрт тийм ч таатай хандахгүй болов уу.

 

С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/