Миний мэдэх дэслэгч Ц.Элбэгдорж
2013/06/23
1989 оны хавар ЗХУ-д М.С.Горбачёвын санаачилсан өөрчлөн байгуулалт ид өрнөж Европын орнуудад коммунист дэглэм ганхаж байсан үе. Энэ уур амьсгал Монгол оронд нөлөөлсөн байлаа.
Нам, эвлэлийн хурлууд дээр ч хүмүүс өөр хоорондоо ч болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар ярьцгааж, энэ талаар сонин хэвлэлүүд дээр ч бичиж эхэлцгээж байв. Улс орноо батлан хамгаалах үүрэгтэй Ардын арми гэж түүх намтраасаа эхлэн магтаал сайшаалаар дүүрсэн хаалттай бүс байсан юм. Энэ үеэр МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонинд Даваасамбуу хэмээх сэтгүүлчийн “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” нэртэй нилээд том нийтлэл гарсан бөгөөд түүнд армид бугшиж байсан зөрчил дутагдал, офицер ахлагч нь цэргээ, хуучин цэрэг нь шинэ цэргээ зодож дэгэлдэг тухай бичсэн байлаа. Үүний дараагаар шүүмжлэл сонсож үзээгүй манай яамны сайд, дарга нар сандралдаж, алдаа дутагдлаа арилгах гэж олон ажлыг зохион байгуулсан билээ. Түүний нэг нь тухайн үед БХЯ-ны сайд байсан хурандаа генерал Ж.Ёндон гуайн санаачлагаар их дээд сургууль төгссөн дээд боловсролтой цэргийн албанаас халагдаж байгаа 200 орчим залуучуудтай офицеруудын ордонд уулзалт хийсэн юм. Уг уулзалтан дээр сайд:
Та нөхөд цэргийн албаа амжилттай сайн хаагаад эх орныхоо өнцөг булан бүр лүү явах гэж байна. Сонинд гарсан нийтлэлийг та бүхэн уншсан байх. Цэргийн анги салбарт оршиж байгаа зөрчил дутагдлын талаар илэн далангуй ярина уу. Бид та бүхний хэлсэн ярьсан саналыг үйл ажиллагаандаа тусгах болно гэв. Гэтэл микрофон барьсан нэгэн залуу босож ирэнгүүт оролцогчдыг ярилцлага, санал шүүмжлэлд урьж, уг арга хэмжээг шуурхай зохион байгуулж билээ. Энэхүү залуу маань ЗХУ-ын Львов хотын цэрэг-улс төрийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг онц төгссөн, “Улаан-Од” сонины сурвалжлагч, дэслэгч Ц.Элбэгдорж байв. Энэ нь Ц.Элбэгдоржийн сургууль төгссөний дараах сурвалжлага хийх анхны томилолт байсан юм билээ. Уулзалтанд оролцсон олон хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаа авах олон зүйлүүдийг хэлсэн нь бидний ажилд ихээхэн тус дэм болсон юм.
Би тэр үед армийн ХЗЭ-ийн байгууллагыг удирдаж байв. Эвлэлийн дарга нар залуучуудын дотор хаана авъяастай, дайчин шуурхай, бусдыг бүх талаараа манлайлагч нарыг хайж олоод тэднийг түшиж тулж ажилладаг байлаа. Энэ цаг үеэс эхэлж дэслэгч Ц.Элбэгдорж миний анхаарлыг татсанаар түүнтэй олон удаа уулзаж ярилцаж байсан бөгөөд тэрээр олон ч удаа армийн төвлөрсөн арга хэмжээнүүдийг сурвалжлах болон хөтөлж явуулдаг байв. Түүний анги нэгтгэлүүдээр явж, тэнд байгаа сайн, муу бүхий л зүйлийг ил тодоор бичсэн нийтлэлүүд сонин хэвлэлд удаа дараа гарсаар байлаа. Тэрээр аливаа асуудалд ихэд шүүмжлэлтэй хандаж байсан. Нэг удаагийн “Улаан-Од” сонинд тавьсан нийтлэлдээ нөхөр П.Бямбасүрэн армийн эвлэлийн байгууллагыг тааруухан удирдаж байгаа тухай дурьдсан байж билээ. Тухайн онд Армийн эвлэлийн хороог шинээр зохион байгуулж, бага хурал, бүгд хурал хийж, товчооны гишүүдийг шинээр сонгоход сургууль төгсөөд удаагүй Ц.Элбэгдорж товчооны гишүүнээр сонгогдсон нь түүнд хүлээлгэсэн том хариуцлага байсны дээр тэр олон зуун залуучууд, залуу офицеруудаас шилэгдсэн нь нэр хүндийн асуудал байв. ЦЭлбэгдорж нь бүгд хурал, товчооны гишүүдийн хурлуудад идэвхитэй оролцож, ажил хэрэгч олон санал санаачлагуудыг гаргадаг байлаа.
Урд эгнээний зүүн гар талаас хоёр дахь нь БХЯ-ны сайд, хурандаа генерал Ёндон, дөрөвдөх нь УТГ-ын дарга, генерал С.Ванчиндорж товчооны гишүүдийн хамт, арын эгнээний зүүн гар талаас дэслэгч Ц.Элбэгдорж
1989 оны 8 сард Халх голын байлдааны ялалтын 50 жилийн ой болж, гол арга хэмжээ Дорнод аймгийн төв, Халх голд болсон юм. Энэ үеэр ахмад дайчид, залуучуудын төлөөлөгчид аймгийн төв талбайд монгол цэргийн хөшөөний нээлтэнд оролцож, Ц.Элбэгдорж энэ талаар том сурвалжлага бичиж билээ.
Ц.Элбэгдорж “Залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөн”-д оролцон үг хэлж, жагсаал цуглаанд оролцох болсноор бидний уулзаж ярилцах асуудал цөөрсөөр байв. Энэ үеийн Армийн улс төрийн газрын дарга намайг удаа дараа дуудаж, тэр товчооныхоо гишүүний учрыг ол, офицер хүн ингэж явж болохгүй гэж шаарддаг байсан.
Дараа нь Элбэгдорж надтай уулзаж “за даргаа бид зөв зам сонгосон. Та бүгд хурлын гишүүдээ цуглуулчих. Би байдлаа хэлээд, өргөдлөө бичээд, товчооны гишүүнээсээ татгалзъя” гэж билээ. Ингээд 100 гаруй гишүүд оролцсон бүгд хурал хуралдаж, тус хуралд тухайн үеийн БХЯ-ны сайд асан дэслэгч генерал Л.Моломжамц оролцсон бөгөөд Ц.Элбэгдорж үг хэлж, бэлтгэл дэслэгч цолтойгоор армиас явсан юмдаа.
Үүнээс хойш улс төрийн амьдрал маш хурдацтай өрнөж, МХЗЭ гэдэг том байгууллага татан буугдаж, би Зүүнбаянгийн 20 гаруй анги нэгтгэсэн 6 МБ-ын дивизэд улс төрийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан юм.
Тус нэгтгэлд ажиллаж байсан офицеруудын санаа сэтгэл тогтворгүй, сайд дарга нараа шүүмжлэн, цэрэг армид өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардаж байлаа. Улс төрийн шинжтэй “Офицеруудын хурал” хэмээх, ардчиллыг дэмжсэн байгууллагууд анги бүрт байгуулагдсан юм. Энэ үеэр буюу 1992 онд улсын бага хурлын гишүүн, ардын их хурлын депутат Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, манай өрөөнд ангийн “Офицеруудын хурал”-ын дарга хориод хүнтэй уулзаж, санал бодлоо солилцож, маргааш нь Зүүнбаянгийн офицеруудын ордонд нийт офицер, улирагчидтай уулзаж, цаг үеийн асуудал, улс оронд болж байгаа үйл явдлын мэдээлэл хийж, тэдний саналыг 3 цаг орчим сонсож, хариулт өгч байлаа. Энд гарсан санал шүүмжлэлийг нэгтгэн яамны сайд Ш.Жадамбаа генералын нэр дээр явуулснаараа би буруудаж, Ц.Элбэгдоржтой дур мэдэн уулзалт зохион байгуулсан хэрэгт орж, цэргийн цолоо хасуулж байсан түүхтэй. Ц.Элбэгдорж цэргийн хүний хувьд армийн талаар байнга анхаарч, санал бодлоо илэрхийлэн, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын талаар шийдвэр гаргах, офицер ахлагч нарын нийгмийн асуудлыг нааштай шийдэхэд идэвхитэй оролцдог төр нийгмийн том зүтгэлтэн билээ.
Ц.Элбэгдорж дэслэгч цолыг 9 сар зүүхдээ хурандаагийн зангарагтай байж, Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллахдаа маршлын зангарагтай ажиллаж байна гэж бид бахархан ярьцгаадаг юм.