Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 30-наас олгож эхэлнэ
2015/08/27
Ашигт малтмалын газраас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэн. Энэ хугацаанд Ашигт малтмалын газраас нийт 2235 дугаар олгож, 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ. Бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж буй аж.
Мөн “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хагасын 11.94 сая га талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажил энэ сарын 24-нд эхэлсэн. Гэвч өргөдлийн дугаар олголтын үйл ажиллагаанд техникийн саатал гарч, тухайн өдрийн дугаар олголтыг хүчингүй болгож, аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг долоо хоногоор сунгасан. Өргөдөл олгох үеэр системд гарсан алдааг Log-in сервер хэт их ачаалласнаар гэмтэл гарсан гэдгийг Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа хэллээ. Энэ сарын 30-наас цахим дугаар олголт хэвийн үргэлжлэх юм байна.