Ирэх 9-р сарын 10-20-ны хооронд Улаанбаатар хотод “Ховд аймгийн өдрүүд” зохион байгуулагдана. Уг өдрүүдийн хүрээнд соёл урлагийн тоглолт, “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг “Ховд аймгийн өдрүүд”-ийг зохион байгуулах Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбар хорооны дарга, Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяраас тодрууллаа.

 

- “Ховд аймгийн өдрүүд”-ийг удахгүй Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

- 2015 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн Аймгийн ИТХ-ын тэрүүлэгчдийн хуралдаанаас “Улаанбаатар хотод Ховд аймгийг сурталчлах өдрүүдийг зохион байгуулах, салбар хороо байгуулах тухай” 21 тоот тогтоол батлагдан гарсан. Энэ тогтоолд Ховд аймгийн сурталчлах өдрүүдийг зохион байгуулах хороо болон салбар хороодыг байгуулж, 9-р сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлогдсон байгаа. Ховд аймгийг сурталчлах өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах хороог аймгийн Засаг дарга ахлаж, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх ажиллаж байна.. Уг ажлын хэсэгт манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Ховд аймгаас төрөн гарсан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа холбогдох албан тушаалтнууд, ИТХ-ын ажлын алба, бусад хэлтэс, агентлагын удирдах албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, 17 сумын удирдлагууд, сум тус бүрийн нутгийн зөвлөлийн дарга нарыг хамруулсан томоохон бүрэлдэхүүнийг багтаасан байгаа. Улаанбаатар хотод “Ховд аймгийн өдрүүд”-ийг зохион байгуулах ерөнхий салбар хорооноос гадна гурван салбар хороог байгуулсан. Соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах салбар хороог аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатаар ахлуулсан хэлтэс, агентлагийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хороог аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа ахалж, нарийн бичгийн даргаар Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир, гурав дахь салбар хороо болох  хэвлэл мэдээлэл маркетингийн салбар хороог миний бие ахалж ажиллаж байна. Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбар хороонд Ховд аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдлагууд бүрэлдэхүүнд нь багтаж байгаа.

 

- “Ховд аймгийн өдрүүд”-ийн нээлтийг хаана хийх вэ? Соёл урлагийн арга хэмжээг хэзээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

- “Ховд аймгийн өдрүүд”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулахдаа зөвхөн орон нутгийн иргэдээ оролцуулахаас гадна аймгаас маань төрөн гарсан уран бүтээлчид, урлаг, соёлын алдартнууд, Дархан, Эрдэнэт гэх мэт хот суурингуудад амьдарч ажиллаж байгаа иргэд, оюутан, залуучуудаа хамруулъя гэж зорьж байгаа. 9-р сарын 10-нд уг үйл ажиллагааны нээлт Чингисийн талбайд болно. Соёл урлагийн арга хэмжээний хүрээнд дөрвөн удаагийн тоглолтыг зохион байгуулна.  9-р сарын 11-ний 20 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт “Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжиг, 9-р сарын 12-нд Алтангадас одонт Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн  тоглолт, 9-р сарын 13-ны 17,20 цагуудаас Төмөр замын дуу бүжгийн чуулга дээр өв тээгчид, ардын авъяастнуудын тоглолтыг нийслэлчүүддээ сонирхуулах юм.

Мөн зөвхөн урлагийн тоглолтуудаас гадна уран зураг, гэрэл зураг, Ховдоос төрөн гарсан зохиолч, уран бүтээлчдийн ном бүтээлийн үзэсгэлэн гаргана. Ховд аймаг олон угсаатны бүлэг амьдардаг соёлын асар их өвтэй учраас онцлог дүр төрхөө харуулахын тулд музейн алтан сан хөмрөгийн эд өлгийн үзмэрүүдийг нэг дор төвлөрүүлээд Арт галерейгийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн тавина.

 

- Сумууд Ховд аймгийг сурталчлах өдрүүдэд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?

- Өнгөрсөн 2014 онд Ойрадын их хаан Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байгаа. 2012-2016 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу бүх сумдын соёлын өдрүүдийг орон нутагтаа хийсэн. Энэ соёлын өдрүүдээр бэлтгэгдсэн 16 сум тус бүрийн онцлогийг илтгэсэн, шилдэг үзүүлбэрүүдийг олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөөд бэлтгэл ажил хангагдаад байна. Бүх сумын Засаг дарга, нутгийн зөвлөлийн дарга нарт хийж гүйцэтгэх ажлын чиглэлийг өгсөн учраас бэлтгэл ажлаа хангаад дуусч байгаа. Сум тус бүр өөрийн бэлтгэл ажлаа хангаж байгаа. Тухайлбал, Эрдэнэбүрэн сум гэхэд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэйгээ хамтраад оюутан залуус, нутгийн иргэдээ идэвхжүүлээд оролцуулах гэж байна. Мөн сум тус бүр талбай дээр өөр өөрсдийн сумдын гэрийг барина. Дотор нь тухайн угсаатны бүлгийн онцлогийг харуулсан эдлэл хэрэглэл, ахуйн онцлог бүхий эд зүйлсийг тавина.

 

- “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа хаана болох вэ? Ховдын онцлогийг харуулсан ямар бараа бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд борлуулагдах вэ?

-“Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод Эрх чөлөөний талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бэлтгэл ажлыг холбогдох хорооны гишүүд хангаад явж байна. Бид энэ үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн онцлогийг илтгэсэн, брэнд бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын иргэдэд таниулах, сурталчлах учраас эхлээд 8-р сарын 26,27-ны өдрүүдэд орон нутагтаа үзэсгэлэн худалдаа явуулаад тэндээс шалгарсан 40 орчим бүтээгдэхүүнийг нийслэлд дэлгэн тавьж борлуулахаар төлөвлөж байгаа. Энэ хугацаанд аймгийн брэнд бүтээгдэхүүн болох эсгий, модон эдлэл, гар урлал,   арьс ширээр хийсэн гутал, цүнх, ботинк, үслэг болон төмөр, суран эдлэлүүд,  барилгын материал, бэлэг дурсгалын зүйлс, даршилсан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, тарвас, амтатгуа, гэх мэт бараа, бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд  тавигдахаар одоогийн бадлаар төлөвлөж байна.

 

- Аймгийг сурталчлах өдрүүдийг зохион байгуулахад иргэд хэрхэн хамтран ажиллаж байна?

- Энэ удаагийн ярилцлагаараа дамжуулан Ховдоо гэсэн сэтгэлтэй нутгийн уугуул иргэдийг төрөлх Ховд аймгийг тань сурталчлах өдрүүд 9-р сарын 10-20-ны өдрүүдэд болох гэж байгаа учраас соёл, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Дашрамд бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа ард иргэд, уран бүтээлчид, төрийн болоод төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэндээ талархал илэрхийлмээр байна.