“Мал маллах сайхан”, “Таван эрдэнэ”, “Малчин заяа,“Хот айл,  “Хатад  дамжсан бүүвэй”, “Хосоор жаргалтай хорвоо” “Ямар их хайр вэ” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ хэдийнээ сонсогчдын танил болсон дуучин Чантуугийн Алтантүлхүүрийг малчин түмэн андахгүй сайн танина. 

Урлагийн бүсгүйчүүд хөдөө өсч торнисон гэдгээ ихээхэн нууцалдаг. Тэгвэл малчин түмний дууч бүсгүй маань үүнийгээ нуудаггүй харин ч тодотгож өгдөг. Уг гарал нь Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул. Харин төрсөн газар Дорноговь аймгийн Сайншанд сумынх. Аайлын гэрийн эзэгтэй болоод 10 гаруй жилийг үдэж байгаа. Гурван хүүхдийн ээжийнхээ үүргийн хажуугаар уран бүтээлдээ цаг гаргадаг авьяаслаг эмэгтэй гэж олон магтдаг юм билээ.

Хүүхдийнхээ талаар  "Хоёр бага маань нэг насны зөрүүтэй болохоор яг ихэр хүүхэд шиг өссөн. Одоо хүүхдүүдээ харахаар гоё санагддаг. Миний хамгийн том уран бүтээл миний гурван хүү. Улсдаа маш их юм хийсэн гэж боддог. Эх орноо хамгаалах гурван хөөрхөн эр цэрэг төрүүлсэн, хүүхдүүдээ цэрэгт явуулна. Хүүхдүүдээ эх оронч сэтгэлгээтэй болгох юмсан гэж боддог. Хөдөө гадаа их явуулж, уламжлалт зан заншлаа сургахыг хичээдэг. Тоглоомонд нь ч оньсон тоглоом оруулж өгөх жишээтэй. Хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарч цаг зав гарган хүүхдүүдтэйгээ тоглодог. Цаг зав гарвал гэртээ хоолоо хийгээд, гэрээ цэвэрлээд, хүүхдүүдтэйгээ тоглох дуртай" гэж нэгэнтээ ярьсан.

Ер нь хүүхэд гаргаснаар хүн буруутна, хохирно гэж хэзээ ч байдаггүй. Хүүхдээ хараад гэртээ удаан суухаар хүн зориглож уран бүтээл хийж чаддаггүй юм билээ. Харин нөхөр маань надад их урам зориг өгсөн. Тэр үед уран бүтээлээ таслаагүй л дээ, гэхдээ яг дорвитой уран бүтээл хийж тууштай явж чадахгүй байсан. Намайг зоригжуулсаар байгаад уран бүтээлд минь шамдаж оруулсан даа хэмээн ярих дуртай. 

Дуучин бүсгүй маань хоёр ч удаа ХАА-н тэргүүний ажилтан болж, зургаан жил дуурийн театрт ажиллаад, хоёр жил бие даасан уран бүтээл хийснийхээ дараа авсан. Тийм учраас шагналаа бардам зүүдэг гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

 

О.Ариун