Мэдлэг авах боломжоор хүмүүс хангагдаж бас хүний мэдсэн мэдлэгийг хамгаалах байгууллага бий болсон цагт нийгэм урагшлана. Мэдээж энэ бүгдийг хэрэгжүүлэх тийм ч амар биш. Яагаад гэвэл мэдлэгтэй хүмүүсийг мэдлэггүй хүмүүс ойлгож дэмжиж хамгаална гэдэг өндөр морал буюу ёс суртахуун бас хүмүүжил шаарддаг. Гэтэл хэн хүмүүжилтэй билээ.


Ерөөсөө мэдлэг нийгэмд өсөж өндийж цэцэглэж дэлбээлэх тэр боломж тун бага гэдэг нийгмийг харахад л шууд мэдрэгддэг. Их сургуулиудийн үүдээр явахад л энд мэдлэг заадаг болов уу гэсэн асуулт тавигдах жишээтэй. Мэдлэгтэй боллоо гээд өнөөдөр хүн жинхэнэ үнэн мэдлэгийг эдэлж хэрэглэх боломж тун бага. Ха нэг газар мэдлэгтэй хүн ороод ирэхэд нэгэнт бусад хүн мэдлэггүйгээ мэдэх тул шууд л дургүйцнэ эсвэл гадуурхана. Мэдлэгтэй хүн нэг их мөнгө байхгүй тул хүмүүс тоохгүй. Мөнгөтэй хүн олигтой мэдлэггүй тул хүмүүст амар ойрхон бас боломжийн.
Мэдлэггүй газрын хүмүүс бүгд л нэг төрлийн бас нэг хэв маягийн. Мэдлэггүй хүмүүстэй газар нэг нэг нэгнээсээ ялгарахгүй. Мэдлэггүй хүмүүс бүх хүн бүгдээрэ адилхан гэж санаагаа амараадаг. Гэтэл хүмүүс мэдлэгээр л ялгардаг шүү дээ. Хүмүүс хоорондоо адилхан биш маш их ялгаатай. Зарим хүмүүс мэдлэгтэй хүнийг мэдлэггүй хүнээс ялгаж чадахгүй тул хэрвээ зөрчил үүслээ гэвэл үзэл бодлын зөрөө гэж тайлбарлах жишээтэй.
Хүн мэдлэгтэй болох бүр л мухар сүсэгээс холдоно. Хүн мэдлэгтэй болох бүр л хүний боол болохгүй. Хүн мэдлэгтэй болох бүр хэний ч сүүдэрт явахгүй. Яагаад гэвэл хүн мэдлэгтэй болох бүр орчин тойрондоо эргэлзэж эхэлнэ. Хүн мэдлэгтэй болох бүр ээж аав гологдоно. Хүн мэдлэгтэй болохоор авгай ч гологдоно бас нөхөр ч гологдоно. Хүн мэдлэгтэй болох бүр ажлын хүмүүс цаашлаад дарга боосууд гологдож эхэлнэ. Хүн мэдлэгтэй болох бүр олон худлаа номуудыг уншихаас тагалзана. Хүн мэдлэгтэй болоод ирэхээр өөрийгөө юу мэддэг бас юу мэдэхгүйгээ мэдэж авдаг. Мэдлэг л эрх чөлөө авчирна. Мэдлэггүй хүн эрх чөлөөгүй хүн тул бүх юманд үнэмшиж ямар ч хэрэггүй зүйлд мөнгөө өгч өөрийгөө бусдын тоглоом болгодог.
Нэгэнт мэдлэгтэй төр цаашлаад мэдлэгтэй боловсролын байгууллагууд бий болох үндэслэл тун бага тул мэдлэггүйчүүдийн нийгэм болохоос өөр замгүй. Хүн ямар их зүйл мэдэхгүйгээ мэддэггүй тул мэддэг хүний хажууд үнэхээр хэцүү. Тэр бол аргагүй. Гагцхүү юу чухал вэ гэхээр мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөөд хурдан мэдэж авах л чухал шүү дээ. Гэтэл нэрэлхүү учраас нэрэлхээд асуух ч үгүй мэлийсэн царай гаргаад улам мэдлэггүй гэдгээ харуулдаг. Ингээд мэдлэгтэй болох боломжоо алдана. Гадуур тэнэж хэрэгтэй хэрэггүй ан хийж эсвэл покер тоглож цаашлаад яаж мөнгөтэй болох вэ гэж суухаар мэдлэгтэй болох чухал биш үү. Дээр үед хоолгүй байхдаа л ан хийдэг байсан биш үү. Ямар ч хэрэггүй шатар тоглож хамаг цагаа устгана. Хүний амидрал тийм ч их цагтай биш шүү дээ. Цагаа хэрэгтэй юманд өөрийгөө хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй бишүү. Өөрөө өөрийгөө мэдлэггүй болгочихоод бас бусдыг мэдлэггүй байлгах гэж зүтгэнэ. Өөрийгөө хөгжүүлээгүй байж бас бусдыг хөгжихгүй байлгахыг оролдоно.
Мэдлэггүй хүн мэдлэггүй хүнтэй ярилцахаараа амар мэт. Тэд хэрэглэдэг үгнүүдээ л хэрэглэнэ яридаг сэдэвүүдээ л ярицгаана. Тэд мэдлэгтэй хүнээс шинэ үг сонсвол мэдээж ойлгохгүй. Ойлгохгүй болохоороо уурлана уцаарлана. Тэдний хэлдэг зүйл гэвэл Монгол хэлээрээ яриа ч гэж өөртэйгээ адилхан доод түвшинд аваачих гэнэ. Мэдлэгтэй хүн хэзээ ч доошоо нөгөө хөрсөн дээр буухгүй шүү дээ. Харин мэдлэггүй хүмүүс л хөрсөн дээрээсээ босож дээш гарч ирэх хэрэгтэй.
Мэдлэгтэй болох гэж цээжлэх эсвэл тогтоож авах цааш ямар ч явцгүй. Хамгийн чухал юу вэ гэхээр ойлгож авах чухал. Цээжилж тогтоож авсан зүйлс мартагдахдаа амархан. Харин ойлгож авч чадвал мартагдахгүй удна шүү дээ. Үүнд л том зөрөө бий. Ойлгох бүр л хүн мэдлэгийн үнэ цэнийг мэдэж улам их мэдэхийг хүсдэг. Цээжилдэг хүмүүс юу ч ойлгоогүй тул толгойгоороо дүүрэн хэрэгтэй хэрэггүй зүйл дүүргэнэ.
Олон хүмүүс өөрсдийнхөө мэдлэггүйг нуухын тулд хүн бүр өөрийн үнэнтэй эсвэл өөрийн бодол өөртөө зөв гэж муйхар зан гаргаж зүтгэдэг. Өөрийн үнэн гэсэн зүйл худлаа болж л таарна. Өөрийн бодол тэр чигээрээ буруу болж ирнэ. Тэр үед одоо яах вэ гэдэг л асуулт гарч ирэх жишээтэй. Тэр чигээрээ зүтгэх үү эсвэл худлаа болон буруугаа хүлээн зөвшөрөөд бууж өгөх үү. Эсвэл би ерөөсөө хүнд бууж өгдөггүй гэж бас зөрүүдлээд худлаа амидрал болон буруу дипломоо үргэлжлүүлэх үү.
Яагаад өнөөдөр Монгол хүмүүс мэдлэг хамгийн чухал байх ёстой эрин үе ирчихээд байхад хэн ч хаа ч мэдлэг ярихгүй явна вэ. Мэдлэггүйгээр яаж өөрчлөгдөх вэ яаж шинэчлэгдэх вэ. Үргэлж хуучин хоцрогдсоноороо явцгаах уу. Яагаад мэдлэгийг устгаж мухар сүсэг хавтгайруулна вэ. Яагаад мэдлэгийг ээж аавууд үнэгүйтүүлж лам руу гүйж энд тэнд хойд дүрүүдийг зарлан баясаж төөрөгдөнө вэ. Яагаад мэдлэгийг устгаж агуулгагүй лекц хичээл нэртэй хувийн үнэмшил болон өврийн дэвтэрийн тэмдэглэлүүдээ ном гэж нэрлэнэ вэ. Мэдлэгийг яагаад зориуд утгагүй болгож цаашлаад бүх зүйлийг цаашлаад нийгмийг утгагүй болгоно вэ.
Сүүлийн 70 гаруй жил өөрөөр хэлбэл МУИС байгуулагдсанаас хойш түүнээс гадна ШУА-д жинхэнэ мэдлэг яриж эхэлсэнээс хойш нэгэнт бий болсон мэдлэгүүдийг нэгтгэн нийгмийн мэдлэг болгож чадсан бол өнөөдөр мухар сүсэгт ялагдаж Гандангийн доог тохуу болохгүй л байсан. Гэтэл МУИС ч бас ШУА ч хоёулаа одоо мухар сүсэгтэнүүдээр дүүрсэн шүү дээ. Тэнд мэдлэг ямар ч үнэгүй. Мэдлэг тэнд хэмжүүр биш. Тиймээс тэндээс диплом зэрэг цол авах гэж л хүмүүс тийшээгээ очно уу гэхээс биш мэдлэг авах гэж очиж байгаа биш.
Хүн төрөлхтөний мэдлэгийн байгууллагууд болох университэтүүд гурван том мэдлэгийг мэдэж авсан. Үүнд нэгдүгээрт дэлхийн бөмбөрцөг хорвоогийн төв биш зөвхөн нэг жижигхэн гариг гэдгийг мэдэж авсан. Түүнээс өмнө дэлхийг бурхан бүтээсэн ертөнцийн төв гэдэг байсан. Мэдээж энэ ойлголт сүм хийд шашинд хэвээрээ үлдсэн. Хоёрдугаар том мэдлэг бол хүн бурхан бүтээсэн төгс зүйл биш харин сармагчинтай нэг төрөлтөн. Тиймээс хүн суралцаж өөрийгөө бүтээн босгож жинхэнэ хүн болох хэрэгтэй гэсэн. Үүнээс өмнө хүнийг нэгэнт бурхан бүтээсэн тул хувь заяа цаанаасаа зурсан зургаар л амидарна гэж эрх чөлөөг хааж байсан. Гуравдугаар том мэдлэг бол хүний ухаан тийм ч сайн зүйл цаанаасаа бэлэн өгөгдсөн биш заримдаа хүн ухаангүй олон зүйл хийж нэг нэгнийгээ баллах аюултай гэсэн. Тиймээс ухааныг сайн сургаж боловсоруулж ухамсартай болгох хэрэгтэй гэсэн. Үүнээс өмнө хүн цаанаасаа бэлэн өгөгдсөн ухаантай гэдэг байсан. Гэтэл өөрийн хичээл зүтгэлээр хүн маш их ухаантай болох боломжтой. Үүнд мэдлэг чухал үүрэгтэй.
Хүмүүсийн үнэмшил, хэлж буй зүйлс, яриж буй санаа, бодол, сэтгэгдэл жинхэнэ мэдлэг гэхэд хэцүү. Жинхэнэ мэдлэг болохын тулд ядаж үнэн байх хэрэгтэй. Үнэн гэдгийгээ бас батлаж чадвал жинхэнэ мэдлэг болох боломжтой. Тэгэхээр зүгээр л хүний хэлж ярисан болгонд үнэмшихдээ амархан хүмүүс ямар их алдаатай буруу худлаа амидардаг эндээс л харагдана.
Хувийн үзэж харсан туршлага, зан заншил, уламжлалт ёс, дассан зүйлс энэ бүгдийг шууд мэдлэг гэж хэлэхэд хэцүү. Өнөөдөр 21-р зуунд олон зан заншил уламжлалт ёс худлаа болж таарсан. Сүм хийдийн лам нар мэдлэг ярих ямар ч боломжгүй. Тэд зөвхөн ганцхан лам багшийн хэлсэнд л үнэмших болохоос биш юуг ч ойлгож мэдэж авах боломжгүй орчин нөхцөлд зөвхөн цээжилдэг. Ерөөсөө нэг их мэдлэггүй хүмүүсийн тархи дүүрээгүй тул юм тогтоож цээжлэхдээ амархан байдаг. Гэтэл мэдлэгтэй болоод ирэхээр юмыг ойлгох чадвартай болдог тул цээжлэсэн зүйлээр биш ойлгосон зүйлээр толгой дүүрдэг. Ойлгосон зүйлээр толгой дүүрэхээр чөлөөтэй уужуухан явдаг. Цээжилсэн хүмүүс ойлгоогүй тул тайван биш тэдний харцнаас шууд мэдэгддэг. Эцсийн эцэст хүн нэг бол мэднэ үгүй гэвэл мэдэхгүй шүү дээ.
Ялангуяа үзэл санаа, үзэл бодол, үзэл баримтлал гэсэн муухай үгнүүдээс салах боломжтой шүү дээ. Мэдлэггүй хүмүүс өөр өнцөгөөс харах гэж мэдлэгийг үл тоодог. Мэдээж мэдлэггүй хүн мэдлэгтэй хүнтэй уулзах гэдэг тийм амар биш. Яагаад гэвэл мэдлэггүй хүн мэдлэггүйгээ мэддэггүй тул маш их зөрнө уурлана бухимдана ихэнхдээ зугатаадаг бас дайждаг. Тэгж болноо гэхдээ мэдлэгтэй болсон үедээ буцаад ирэх хэрэгтэй. Мэдлэггүй хүмүүс мэдлэгтэй болохоос шантарч энэ чигээрээ явна одоо өнгөрсөн цаг алдсан гэж эндүүрдэг. Гэтэл мэдлэгтэй болоход хөгшин залуу эрэгтэй эмэгтэй ямар ч хамаагүй. Хэн ч мэдлэгт оройтохгүй.
Мэдлэгтэй хүн мэдлэгээ хэлэхэд мэдлэггүй хүн түүний эсрэг эсэргүүцээд л бараг хүний эрх ярих гэнэ. Мэдлэггүй хүн үнэхээр хэцүү. Мэдээж мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд асуугаад лавлаад мэдлэгтэй болж чадвал сайн шүү дээ. Гэтэл нийгмээрээ мэдлэггүй түүний хажуугаар мундаг гэдэг хүмүүс сэхээтэн гэдэг хүмүүс сочн гэгээрүүлэгч гэдэг хүмүүс мэдлэггүй байсан явдал үнэхээр харамсалтай. Өнөөдөр өөрсдийгөө магтуулж шагнуулдаг эрхэм гэдэг эсвэл төрийн шагналт гэдэг хүмүүс мэдлэггүй байхаар бүр эмгэнэл. Мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцсээр мэдлэгийг үнэгүйтүүлсээр байна гэдэг бас л хөөрхийлөлтэй харагддаг. Бичсэн номуудыг харахад орчуулсан номуудыг уншихад арай ч дээ гэмээр байдаг даа. Энэ бүгдийг хэлж илчлэхгүй бол тэднийг мэдсээр байж хэлээгүй нуусан тул хам хэрэгтэн болчих вий гэж айх жишээтэй.
Мэдлэгтэй хүн бусад хүмүүсийг мэдлэггүй болгодог. Жишээлбэл лекцийн үеэр ганц хоёр оюутан анхааралтай сууж байгаад мэдлэгтэй болж чадвал одоо ангийн бусад оюутнууд мэдлэггүй болох жишээтэй. Үүний дараа нэг бол мэдлэгтэй оюутнуудаас бусад оюутнууд асууж лавлаад мэдлэгтэй болох эсвэл мэдлэгтэй оюутнуудыг доош хийж гадуурхаад мэдлэггүйгээрээ үлдэх тийм л сонголт үлддэг.
Гадаад яваад жоохон мэдлэг олж авч ирээд түүнийгээ ганц хоёр жил зарж амидараад мэдлэггүйчүүдийн эгнээнд орцгоодог. Тэдний алдаа юу вэ гэхээр мэдлэг цаашаа улам хөгжөөд шинэ шинэ мэдлэг гараад ирсэн гэдгийг хүлээн авч чадалгүй нэг л яридаг зүйлээ ярисаар нэг мэдэхэд хоцрогддог. Монгол хүмүүсийн балаг энд л байдаг. Нэг л удаа мэдэж аваад тэгээд одоо боллоо гэдэг. Олон хүн ийш тийш яваад жоохон юм мэдээд ирсэн байдаг гэтэл түүнийг дахин шинэчлэх биш ингээд л болсон одоо цаашаа нэмж юу ч сурахгүй гэж хязгаарлагдаж буй мөхөс зан чанар Монгол хүмүүст үеийн үед саад болж ирсэн.
“Science” гэсэн мэдлэгийг нэрлэсэн нэрлэгээ шинжлэх ухаан гэсэн орчуулгаар явж ирлээ. Шинжлэх ухаан гэдэг Англиар орчуулах гэж оролдоход “inquiry” “consciousness” гэх жишээтэй. Хэрвээ судалгаа гэж ярих гэвэл Англиар “research” гэх боломжтой. Энэ мэдлэг хаа ч хүчинтэй бас үнэтэй мэдлэг. Энэ үнэтэй мэдлэгийг цээжлэх биш ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ мэдлэгтэй Монгол хүн олигтой танилцаж чадаагүй. Яагаад гэвэл ойлгох гэдгийг суралцах боломжгүй өөрөө хэлбэл дасгаллах боломжгүй. Ойлгох гэж удаан хугацаагаар хичээсээр байгаад нэг л өдөр ойлгодог. Үүнийг хүчиллэх боломжгүй. Тиймээс Монгол хүн нэгэнт яаруу сандаруу тул хүчиллэх гэж оролдоод бүтэлгүйтдэг. Ингээд бүтэлгүйтэхээрээ шантарч сүүлдээ мэдлэгийг үзэн ядаж дургүйцэх жишээтэй.
Монгол хүн мэдлэгтэй болох боломж тун бага. Яагаад гэвэл маш их яардаг. Монгол хүн юм бүрийг хүчээр хийх гэдэг. Монгол залуучууд хэт яарч юу ч сурч чаддаггүй тул амидралын турш мэдлэггүй явах болдог. Тэд маш эрт мэдлэгт бууж өгдөг. Ингэж мэдлэгт бууж өгсөн залуучуудыг сайхан залуу хүн гэж дарга болгоно эсвэд багш профессор болгох жишээтэй. Ингээд мэдлэггүйчүүд мэдлэггүйчүүдийг үйлдвэрлэж ялан дийлэх боломж улам дийлдэг. Мэдэлгэтй болоход маш хугацаа хэрэгтэй 15 жилээс наашгүй. Гэтэл Монгол хүн ийм их цаг хугацааг хэзээ хаана зарцуулах билээдээ.
Монгол хүн залиар хийх гэдэг. Монгол хүн хуурч мэхэлж хийх гэдэг. Тийм болохоор мэдлэгтэй уулзаад ялагддаг. Ялагдахаараа мухар сүсэг рүү явцгаана. Тэр ч бүү хэл хэрэггүй мэдлэгийг сонирхдог.
Хэрэггүй мэдлэг гэж юу вэ гэхээр жишээлбэл дэлхийн улс орнуудын дотроос Ватикан улс хүүхэд төрөлтөөр хамгийн бага. Өөр бас нэг хэрэггүй мэдлэг гэвэл Английн ерөнхий сайд байсан Тони Блэйр эхнэрийгээ угаалгын өрөөг цэвэрлэж байхад хоёулаа хуримаа хийе тэгэх үү гэж асуусан гэдэг. Ямар ч хэрэггүй утгагүй мэдлэг. Бүр хэрэггүй инээдэмтэй мэдлэгүүд бас бий. Жишээлбэл Английн бүх хун шувуу хатан хааны өмч гэдэг.
Эцсийн эцэст мэдэх гэж суралцах эрүүл. Яагаад гэвэл тархи үргэлж ажиллаж байхыг шаарддаг. Тархийг ажиллуулахгүй бол толгой өвдөнө. Толгой яагаад ядардаг вэ гэхээр юу ч сурч уншиж хичээхгүй бол тархи улам л тураалд орно. Мэдээж буруу алдаатай хэрэггүй ном уншвал толгой өвдөх битгий хэл сааталд орно шүү дээ. Яагаад хөгшрөхөөрөө зөнөж мартамхай болдог вэ гэхээр залуудаа ном уншиж толгойгоо муу ажиллуулсаны л баталгаа шүү дээ.
Мөнгөгүйгээсээсээ шалтгаалан эсвэл мухар сүсэгтэй ээж аавууд болон эмээ өвөө нараас шалтгаалан цаашлаад муу найз нарын нөлөөгөөр боловсрох хүсэл эрмэлзэл хаагддаг олон жишээ бий. Ерөөсөө хурдан яаж ийгээд дипломтой болох гэсэн эсвэл сургуулиа төгсөөд л ажил хөдөлмөр хийх эсвэл хүнтэй сууж гэр бүл болох гэсэн бүхий л үйлдэлүүд боловсрох эрх чөлөөг хаадаг. Залуу насандаа олигтой боловсорч чадаагүй хоосон дипломтой хүмүүс сүүлд мухар сүсэгт амархан автагдаж мөн гадаадын сүм хийдүүдийн тоглоом болцгоох жишээтэй. Энэ их сургуулиудыг нэгэнт мэдлэг түгээдэггүй гэвэл хурдан диплом аваад зугатаах зөв мэт. Энэ тухай дараагийн Боловсролын эрх чөлөө сэдэвт бичнэ.
Хүн боловсрох эрх чөлөө тийм ч амар олдох эрх чөлөө биш. Улстөрийн эрх чөлөөнөөс илүү хэцүү эрх чөлөө. Нүүдэлчин соёлоос хотын соёл руу шилжиж соёлжих үйл явц өнөөдөр нэг л амжилтгүй явагдах мэт. 21-р зуунд Монгол хүн мэдлэгтэй болох эрх чөлөө бий юу? Мэдлэггүй тул соёлгүй. Гэтэл соёл хэрэгтэй байна шүү дээ.

Үргэлжлэл бий.