Амжилттай “хал цэрэг” болоход чинь туслах 8 хатуу зөвлөгөө
2015/10/23
Шинэхэн ажилтнуудад зориулав.
Хүссэн мэргэжлээрээ сурсан эсэхээс үл хамааран ажилдаа амжилттай байхыг хүн бүр хүснэ. Бас “шинэ цэрэг” байна гэдэг хүн бүрийн туулж гардаг зам. Стив Жобс ч мөн “шинэков” байж үзсэн л байгаа. Тэрхүү амжилт өөд тэмүүлэх зам нь өөрөө баялаг бөгөөд гэнэтийн уналт, ололт, саад бэрхшээл, аз завшаан гэх мэт олон зүйл тохиолдоно. Тиймээс шинэхэн ажилтнуудад зөвлөх үүднээс үүнийг бичлээ. Хатуу боловч үнэн шүү.
Чиний бодсоноос эсрэгээрээ ч байж мэднэ
Хэдэн жилийн турш өөдрөг хүсэл тэмүүллээр дүүрэн сурч боловсроод, одоо л нэг хүссэн зүйлээ хийх нь гэтэл төсөөлснөөс тэс өөр орчин, нөхцөл угтаж магадгүй. Ийм зүйл шинээр ажилд орогсдын зууны наян хувьд тохиолддог. Ирээдүйн ажлын байрнаасаа хэт их зүйлийг хүсэн хүлээж, бодит байдал дээр эсрэгээр эргэх үед сэтгэлээр унах нь элбэг. Ажлын байрны онцлогоос хамааран мэргэжил бүрт өөрийн гэсэн бэрхшээл бий. Тиймээс энэ чиний хийх зүйл мөн л бол чадвартаа итгээд “Би л үүнийг хийж чадна” гэсэн итгэлээр өөрийгөө цэнэглэн, хийж байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авахыг хичээвэл бүх зүйл тийм ч хэцүү биш байх болно.
Анхны сэтгэгдэлд хоёр дахь удаа гэж үгүй
Хэдий нэр хүндтэй сайн сургууль төгссөн, дээд боловсролтой, мэргэжилдээ гаргууд сайн байлаа ч ажилд орох ярилцлага бол хэнийг ч ялгалгүй хүрч ирдэг хамгийн эхний даваа юм. Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь “өөрийгөө хэт үнэлэх” болон“бэлтгэлгүй байх” юм.
Эдийн засгийн хямралаас шалтгаалж ажлын байр хомс байгаа учраас чи хүсээгүй ажлаа хийх гэж байгаа байж болно л доо. Гэсэн ч яг үнэндээ ажил олгогчид энэ чинь огт хамаагүй. Тэдэнд хамаатай ганц л зүйл нь өөрсдийн сул орон тоон дээр тохирох, сайн ажилтан юм. Хэрвээ чи “Энэ ажлыг хэн ч хийчихнэ шүү дээ. Харин надад илүү их цалин л хэрэгтэй байна” гэсэн бодолтой байвал яг л тийм хандлагыг ухамсаргүйгээр гаргах болно. Харин энэ нь ажил олгогч нарт тийм ч таатай санагдахгүй. Тийм учраас ямар ч ажил байсан хамаагүй хүндэтгэн харьцаж, сэтгэлээ зориулаарай. Бэлтгэл ажлын хувьдЭНДЭЭС уншаарай.
Шударга бус байдал
Зарим тохиолдолд маш сайн ажиллаад байхад хэн ч анзаарахгүй байх үе бий. Үүнээс ч дор, хамаг чадлаараа хичээл зүтгэл гарган ажилласны эцэст өөр нэгэн тушаал дэвших ч үе байна. Ер нь бол энэ нь байдаг л зүйл. Ганцхан чиний өмнө нь л ийм шударга бус зүйл гарч ирээд байгаа юм биш. Хэрвээ чи өөрийгөө хангалттай сайн ажиллаж, идэвхи санаачлага гаргасан гэж үзэж байвал энэ бүгдийг хүртэх эрхтэй нэгэн гэдгээ зоригтойгоор хэлээрэй. Харин эсрэгээрээ хангалттай сайн ажиллаагүйгээс болж олон жил нэг суудал дээрээ суугаа бол энэ явдлыг илүү сайн ажиллах түлхэх хүч, албан тушаал ахих сайхан боломж гэж хараад өөрийгөө илүү ихээр ил гаргахаар ажиллаарай.
Аймшигтай дарга
Бодит байдал дээр “муу” дарга нар бидний боддогоос ч илүү олон байдаг. Тиймээс хүн бүрийн ая эвийг олчихдог байвал өөрт чинь л тустай. Ямар ч тохиолдолд бусадтай эелдэг, инээж харьцаж бай. Шударга биш байдлыг хөхиүлэн дэмж гэж байгаа хэрэг биш шүү. Гол нь муу зүйлтэй муу аргаар тэмцвэл муу бүхэн үргэлжилсээр л байх болно. Тиймээс хөндлөнгийн хүний муу, сайн байгаагаас шалтгаалж өөрийнхөө урам зоригийг битгий гээгээрэй. Ямартай ч ирээдүйд чи түүний байран дээр очих үедээ түүн шиг аашлаад байж болохгүй гэдгээ мэдээд авчихлаа.
Алдаагаа хүлээн зөвшөөрөх
Хамгийн сайн мэргэжилтэн хүртэл алдаа гаргадаг. Харин түүнийгээ хүлээн зөвшөөрч, нүүр тулан засч залруулахыг хэн бүхэн чаддаггүй. Хэрвээ чи тэр хулчгар хүмүүсийн нэг байх аваас бусад чинь чамд итгэхээ болино. Бас алдаагаа булзааруулсанаар чи шийтгэл хүлээхгүй байж болох ч гэсэн өөрөө сэтгэл зовнисон байдалтай үлдэнэ. Үүний оронд хийсэн буруу зүйлсээ зоригтойгоор хүлээн зөвшөөрч, түүнээсээ сурч ойлгосон зүйлсээ даргадаа хэлээд дараагийн удаад ийм асуудал тулгарахад хэрхэн шийдэх нь зөв талаар бодсон зүйлсээ хуваалцаарай.
Олны өмнө илтгэл тавих
Энэ олон илтгэлийн клубууд яагаад одоог хүртэл оршин тогтноод байдаг гэж бодож байна? Учир нь илтгэх ур чадварыг эзэмшихийн тулд хичээл сургуулилт маш чухал бөгөөд том мөрөөдөл рүү тэмүүлж яваа хүмүүсийн заавал эзэмших ёстой чадваруудын нэг юм. Гэсэн ч олны өмнө уран тод ярьж чаддаггүй гээд сандрах хэрэггүй. Өөрийгөө анхааралтай сонсоод юун дээр алдаж байна, өөртөө итгэх итгэл дутагдаж байна уу? эсвэл илүү сайн давтах хэрэгтэй байна уу? гэдгээ олж мэдээрэй. Шүүмжлэл сонсох тийм сайхан биш ч гэлээ бусдаас өөрийн илтгэх чадварын талаар асуугаад үзээрэй. Гол нь намайг гомдоох байсан ч хамаагүй үнэн хариулт хэлээд өгөөч гэж хүсээрэй.
Хамтран ажиллагсадтайгаа найзууд эсвэл дайснууд болох цаг
Бид өдрийн ихэнхи цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тиймээс хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ сайхан найзууд болчихвол цагийг илүү хөгжилтэй өнгөрөөх болно. Гэхдээ хэт олон найзтай болоод ирвэл хов живээс холхон байхад хэцүү болно шүү. Тийм болохоор хувийн орон зайгаа ажлаасаа аль болох зайтай байлгах нь зүйтэй. Мөн олон хүн сайнтай муутай, ойн мод урттай богинотой болохоор хэн нэгэнтэй санал зөрөлдөх, маргалдах үе ирж л таарна. Энэ үед чиний зөв ч бай буруу ч бай түрүүлж буулт хийж, уучлал хүсч сурах хэрэгтэй. Ядаж л түүний нэг өдрийг бухимдалтай болгосондоо хүлцэл өч. Ингэснээрээ асуудалд илүү ухаалаг хандаж байгаагаа харуулах юм. Мөн тэр маргааны гол сэдэв ажил болохоос хувь хүн нь өөрөө биш гэдгийг санаарай.
Дээд албан тушаалтантайгаа харилцах
Ямар нэг төслийн талаар өөр компаний захиралууд, албаны дарга нарт танилцуулж байна гэж бодъё л доо. Бүх хүмүүс чамтай санал нийлж, бусдын хэлсэн санал ч мөн адил их таалагдаж байлаа. Гэтэл даргын чинь санаа хэрэгжих боломжгүй эсвэл үндсэн зорилгоосоо хазайж байгаа мэт санагдаж магадгүй юм. Тэгвэл бусдын өмнө түүнийг эсэргүүцэж эвгүй байдалд оруулах нь буруу хэрэг. Хэдийгээр чи тэр хурал дээр бусдын анхаарлын төвд байж чадаж байгаа ч хэн гэдгээ мартаж болохгүй. Энэ мэтчилэн сонирхолтой нөхцөл байдлууд үүснэ. Тэр бүрт чи бусдыг хүндэлж, зөв гэж бодсон зүйлээ бүтээхийн төлөө эсэргүүцэж биш эелдгээр ухаалагаар тэмцэж чадвал бүх зүйл сайхан болно.
Эцэст нь хэлэхэд хүн бүрт таалагдана гэж байхгүй учраас чамд гомдолломоор, муухай санагдмаар мөчүүд цөөнгүй тохиолдоно. Гол нь өөрийнхөө хаашаа явж байгааг мэдэж байгаа л бол урам зоригоо мохоохгүй байж чадна. Тэгэхээр бүх зүйл бүр эхэн үе рүүгээ ирж байгаа биз? Чи юуны тулд энэ ажлыг хийж эсвэл хийх гэж байгаа вэ гэж...
Эх сурвалж:www.Goolingoo.mn