Тэр долоо хоногтоо чам руу ганц хоёр залгадаг. Байзаарай, ганц хоёр гэдэг тоо ч ихдэж мэднэ. Онлайн байхдаа ерөөсөө бичдэггүй мөртлөө чамайг дөнгөж “Явах” шийд гаргах үед орж ирээд хэзээний дотно хүмүүс шиг харилцаж эхлэнэ. Сардаа нэг уулзана. Зөвхөн түүний завтай үеэр.
Хэрвээ та хоёрын харилцаа үүнтэй төстэй бол залуу чинь чамайг өөрийнхөө “Back-up plan” болгочихсон явж байж ч мэдэх юм. Эрчүүдийн чамаас холбоогоо тасалдаггүй шалтгаануудыг хамтдаа олцгооё.

Чи түүний FWB: /Friend with benefit/ Нэгэндээ ашигтай “найз”-ын харилцаанд зөвхөн секс хамаатай биш. Биеийн хэрэгцээнээс гадна сэтгэлийн цангаагаа тайлдаг учраас залуу чинь чамайг өөртөө ойрхон байлгаад л байдаг. Ойр гэдэг нь ямар ч зайгүй гэсэн үг биш. Чамайг энэ харилцааг хайр гэж үздэг эсэх нь түүнд огтхон ч сонин биш бөгөөд гагцхүү хэрэгтэй зүйлээ л авахыг эрмэлзнэ.

Чи гэрлэхэд хамгийн “тохиромжтой” бүсгүй: Чамтай дотно харилцаа эхлүүлэхэд арай эрт гэж тэр үздэг учраас холбоогоо таслахгүй байсаар л байдаг. Яагаад гэвэл чи түүний гэрлэх боломжтой бүсгүйчүүдийн хамгийн тохиромжтой хувилбар. Тэр хичнээн гайхалтайг чинь магтаж, биширдэг мөртлөө сэтгэлээ илчлэхгүй удаад л байгаа бол магадгүй сайн хувилбар бүсгүй нь чи ч юм билүү?

Чи түүний “Back-up girl”: Нөөц? Муухай сонсогдож байгаа биз? Чи өөрийгөө тэгж бодоогүй байхад ч эрчүүд чамайг нөөцөндөө хадгалж байж мэднэ. Яагаад гэвэл /түүний үнэлэмжээр шүү/ чи тун дажгүй. Дурлахад л арай хүрэхгүй.

Тэр чамд хайртай: Та хоёр салчихсан л даа. Чамайг “Одоо хангалттай” гэж боддогийг чинь мэддэг учраас тэр холын зайнаас чамайг хараад л, хааяа нэг мэнд ус мэдчихээд л өөр зүйл хийдэггүй. Үерхээгүй байсан ч чамд хайртай залуу бусад шиг тэгэсгээд алга болох биш, үргэлж “Өдөр харагддаггүй од” шиг байсаар л байдаг.

Чи түүнд найз шиг нь санагддаг: Ингээд л яваад өгчих байх даа гэж бодчихсон байхад хүртэл тэр чиний урдуур хойгуур эргэлдээд л, холбоогоо хадгалсаар л байх нь бий. Учир нь чи итгэлийг нь хүлээхүйц сайн хүн болохоор. Энэ залуугийн ялгаа нь чамайг харилцаагаа хайр гээд бодчих вий гэж айдагт оршино. Тиймээс л жирийн найз нөхөд байнга харилцаж, хамтдаа хөгжилдөж байхад та хоёр хааяадаа л нэг уулздаг.

Сэтгэлийг чинь зовоогоод байгаа залуу аль шалтгаантай нь ойр байна? Ямартай ч сүүлийн хоёроос бусдад нь “Би хоёрдахь сонголт чинь биш” гэж түүнд ойлгуулах хэрэгтэй шүү, бүсгүйчүүдээ. Амжилт!

 

Эх сурвалж: www.goolingoo.mn