Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах “шинэ” арга
2015/11/15
Тэгвэл Энэтхэгийн “The Parsemus Foundation” байгууллагаас эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн аргыг боловсруулж, туршилт явуулж байгаа гэнэ.
Жирэмслэлтээс хамгаалах энэ аргыг 2010 оноос эхлэн туршилт судалгаа хэлбэрээр хөгжүүлж ирсэн бөгөөд одоогийн байдлаар бабуин сармагчин, туулай зэрэг амьтан дээр туршсан нь амжилттай болжээ.
Энэтхэг эрдэмтдийн санаачлагаар АНУ-д амжилттай хэрэгжиж байгаа эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах аргыг Вазальгель нэрээр туршиж байна.
Энэ арга нь эрэгтэй хүний үрийн сувагт полимер нэгдэл бүхий гелийг шахсанаар хамтрагчийг нь жирэмслэлтээс хамгаална. Гелийг үрийн сувагт шахахад 15 мин болох бөгөөд хоёр өдрийн дараагаар үйлчилж эхэлнэ.
Энэ хугацаанд гель нь үрийн сувгийн хэсэг газрын ханыг бүрхэж бэхлэгдэнэ. Ингээд 10 хүртэлх жил хамтрагчаа хүсээгүй жирэмслэлтээс найдвартай хамгаалах боломжтой болж байгаа юм.
Вазальгелийг шахуулснаар үрийн шингэний боловсруулалт, ялгаруулалтад ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд үрийн шингэн нь үрийн сувагт бэхлэгдсэн гелиэр дамжиж гадагшлахдаа үр тогтоох чадваргүй буюу эр бэлгийн эсгүй шингэн хэлбэрээр гадагшилдаг юм. Хэрвээ хүсвэл гелийг хэдэн ч сарын дараа үрийн сувгаасаа авахуулах боломжтой бөгөөд ингэхийн тулд гель шингэлэгч тусгай бодисыг тариулна. Ингэснээр үрийн сувагт бэхлэгдсэн гель гадагшилж эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар хоёроос гурван сарын дараагаар эргээд хэвийн байдалдаа орно.
Энэ аргыг эмч мэргэжилтнүүдийн зүгээс хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай, хамгийн хурдан, хамгийн хямд өртөгтэй аргаар нэрлэжээ. Эмэгтэйчүүдийн сонгон хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах аргуудын олонх нь сөрөг нөлөө ихтэй байдаг учир эсрэгээрээ эрчүүдэд зориулсан нь шинэлэг агаад үр дүнтэй арга болж байгаа аж.
Харамсалтай нь энэ арга нь БЗДХ болон ХДХВ/ДОХ-ын вирусээс таныг хамгаалахгүй буюу тогтмол нэг хавьтагчтай эсвэл ойрын хэдэн жилдээ жирэмслэхээр төлөвлөөгүй хосуудад зориулагдсан юм.
“The Parsemus Foundation”-ийн мэдээлснээр Вазальгелийг 2015 оноос эхлэн хүн дээр туршиж эхэлсэн бөгөөд 2016 онд хүн дээрх судалгаагаа илүү нарийвчилж явуулна. Ингээд 2017 онд эцсийн байдлаарх дүгнэлтийг гаргаснаар 2018 оноос худалдаалах бүрэн боломжтой гэж үзжээ.